Хадлан тэжээл, үр тариа, төмс хүнсний ногооны хураалт улс орон даяар эхлээд байна. Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Орхон суманд өнөөдрийн байдлаар 200 гаруй аж ахуй нэгж газрын тариаланчид ангилан хадалтаа хийж байна.

Орхон сум Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тарианы эргэлтийн талбайгаараа дөрөвт ордог. Харин хүнсний ногооны хувьд 800 гаруй буюу багахан хэмжээний ногоо тариалдаг гэж тус сумын агорномич н.Энхмаа хэллээ. Нийтдээ 32 аж ахуй нэгжийн 145 иргэн үр тариа болон төмс хүнсний ногоо тариалсан, өмнө нь хүнсний ногоо өндөр үнэтэй байдаг байсан. Энэ жилийн хувьд үнэд хүрэхгүй байна. Энэ жил ургац хураалт арвин тариалалт ихтэй жил болж өнгөрч байна. Иргэдийн худалдан авах чадвар болон гаднаас оруулж ирж байгаа импортын ногоотой холбоотой байх.

Хувиараа бизнес эрхлэгчид банкнаас зээл авч зуны улиралд арчилж, тордож ургуулсан хүнсний ногоо нь үнэгүй шахуу болоод байгааг тодотгон хэллээ. Зооринд хадгална гэхээр зоорьтой айл ховор байдаг ба мөн хүйтэн болохоос нааш зооринд хийж болдоггүй гэнэ. Аргаа барсан иргэд гэрийнхээ гадаа шуудай шуудайгаар хураачихаад жаахан үнэ өсөхийг харж сууна гэж Орхон сумын ногоочид ярьж байна.

Нэг шуудайнд 42-43 кг төмс ордог. Нэг шуудай төмсийг Сэлэнгэ аймгаас бөөний үнээр буюу 5000 төгрөгөөр хотод авчиран зарж байгаагаа хэллээ. Үүнээсээ зардлаа хасна. Тодруулбал портер машинд 100 шуудай төмч ачаад очно. Зардалд бол 200 мянган төгрөг өгч байгаа юм. зунжингаа малтаж малтаж ургацаа хураан авдаг гэтэл урд болон бусад орноос хэдэн 10-н галт тэргээр хүнсний ногоо орж ирснээр төмс, хүнсний ногооны үнэ унагаж, борлуулалт зах зээлгүй болгож энэ нь маш их хүндрэлтэй байгааг ногоочид онцолж байлаа. Шинэ төр засаг гарч ирсэн энэ зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна гэдгийг олон хэлж байлаа.

Уг нь 2016 он гэхэд монголчууд импортын хүнсний ногоо огт идэхгүй болно гэж 2013 онд буюу гурван жилийн өмнө салбарын сайд мэдэгдэж байсан боловч өнөөдөр импортын ногооны татварыг 20 орчим хувиар нэмэгдүүлснийг эс тооцвол онцийн өөрчлөлт гараагүй байна.

Тиймдаа ч урд хөршийн төмс, ногоог оруулж ирсээр л байна.

Нийт хүн амын төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой байхад импортын төмс хэзээ зогсох вэ дотоодынхоо тариаланчдын хөдөлмөрийг хэзээ үнэлдэг болох вэ үүн дээр засгийн газраас анхаарч өгөөчээ гэх хүсэлтийг тариаланчид хэлж байна.

М.Буянжаргал