Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 2 дугаар сард санаачлагаар харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барив.

Энэ нь XX зууны эхэн үеийн Манж Чин гүрний шинэ засгийн бодлогоос хойш харь цагаачдын урсгалыг Монгол руу чиглүүлэх гэсэн анхны том санаачлага юм. Энэ төсөл батлагдвал Монгол Улс "хөх үнэмлэх" гэгч баримт бичгээр дэлхийн янз бүрийн орны иргэд, үүний дотор дайн самуунд нэрвэгдсэн орны цагаачдыг суурьшуулах боломжтой болно. Тэгвэл 2016 оны 9 дүгээр сарын 9-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дээрх төсөлтэй зэрэгцүүлэн иргэний давхар харьяаллыг зөвшөөрөх өөр нэг хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж мэдэгдэв.

Өнөөгийн засгийн газрын тэрхүү төслөөр Монгол Улс иргэний давхар харьяаллыг хязгаарлагдмал хүрээнд, зөвхөн монгол эх, эцэгтэй хэрнээ гадаад улсад мэндэлсэн хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Хэрэв засгийн газрын төсөл хууль болж батлагдвал, өнөөгийн иргэний харьяаллын эрх зүйн зохицуулалтад зарчмын үндсэн өөрчлөлт орж, Монгол төр иргэдээ "хоёр эх оронтой" байж болохыг албан ёсоор зөвшөөрнө. Гадаад харилцааны яам уг төслийг тайлбарлахдаа энэ нь хилийн чанадад буй 100 гаруй монгол иргэний хүсэлтэд үндэслэсэн бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалсан бодлого юм гэж мэдэгджээ.

Гэвч, УИХ дээрх хуулийн төслийг баталбал Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой хэд хэдэн сүрхий асуудал гарч ирэхээр байна.

Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрснөөр юуны өмнө монголын иргэдийн тэгш эрхийн асуудал үүснэ. Энэ нь иргэний дан харьяалалтай улсуудын хувьд давхар харъяаллыг зөвшөөрөггүй нэг том шалтгаан болдог. Эрхзүйн талаас нь авч үзвэл, давхар харьяаллыг зөвшөөрснөөр тухайн улсын давхар харьяалалтай болон дан харьяалалтай иргэдийн хооронд "эрхзүйн тэгш бус боломж" үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь адилхан нэг улсын иргэд хэрнээ давхар харьяалалтай иргэд нь дан харьяалалтай иргэдээсээ илүү боломж, эрх эдлэх нөхцөлийг бий болгодог. Иймд тэдгээр орнууд дан харьяалалтай байснаараа иргэдийнхээ тэгш эрхийг илүүтэй хангана гэж үздэг байна.

Монгол Улсад албан тушаалтнуудын авлига газар авснаас иргэдийнх нь эд хөрөнгийн ялгаа газар, тэнгэр шиг ялгаатай болж, шударга ёс алдагджээ. Үүн дээр давхар харьяаллын хуулийг баталбал нийгмийн эрх тэгш бус байдал улам даамжирна. Тухайлбал, өнөөгийн Монгол дахь зарим тохиолдол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд давхар харьяалал нь илүү боломж өгч, хил дамнан зутгтах боломж олгоно гэдэг нь харагдаж байна.

Гэхдээ давхар харьяалал нь зөвхөн дан харьяалалтай иргэдийн хувьд сөрөг асуудал үүсгэдэггүй. Энэ нь мөн давхар харьяалалтай иргэдэд ялгавартай хандах нөхцөлийг бүрдүүлнэ. Иргэний харьяаллын асуудал нь тухайн улсын аюулгүй байдалд шууд хамаатай учраас төр нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд давхар харьяалалтай иргэддээ хүндрэл чирэгдэл учруулах, эсвэл бүр тэдэнд ялгавартай хандах, шалгах, тагнах зэрэг эвгүй асуудалд орооцолдох магадлал байдаг.

Дээрхээс гадна бас нэг том асуудал байгаа нь хүний эрх юм. Монгол Улс хязгаарлагдмал хүрээнд "зөвхөн монгол иргэн эх, эцэгтэй" хүүхдүүдэд давхар харьяаллыг хуулиар зөвшөөрвөл хүний эрхийн асуудал тавигдана. Монгол Улсын өнөөгийн иргэний харьяаллын хууль нь хүний эрхийн зарчимд нийцдэг. Монгол нь өөрийн иргэнд гадаад улсын иргэн болох, мөн ямар ч гадаад улсын иргэнд өөрийн иргэн болох "сонголтыг хуулиар ижил тэгш олгодог" гэдгээрээ иргэний харьяаллын хийгээд үндэсний ялгаварлал гаргадаггүй улс юм. Харин Гадаад харилцааны яамны санаачлах хуулийн төсөлд зөвхөн монгол эх, эцэгтэй хүүхдүүдэд давхар харьяаллыг олгоно, харин бусад үндэстэн, улсын иргэдэд энэ боломжийг олгохгүй гэж тусгаснаар Монгол Улс иргэний хийгээд үндэсний ялгаварлал гаргадаг улс болно. Иймд хүний эрхийн төлөө байгууллага, хувь хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол Улс хязгаарлагдмал хүрээнд зөвхөн монгол иргэн эх, эцэгтэй хүүхдүүдэд давхар харьяалал олгохыг хуулиар зөвшөөрсний дараа хүний эрхийн асуудлаар маргаан үүсэх ба алдаагаа засахын тулд Монголын төр гадаад улсын иргэдэд ч давхар харьяалал олгохыг зөвшөөрсөн хууль батлах шахаанд орно.

Гэвч гадаадын иргэдэд давхар харьяалал олгохыг зөвшөөрөх нь өнөөгийн Монгол шиг авлига дэлгэрсэн, хууль муу хэрэгждэг улсад илүү их эсрдэл дагуулна. Ялангуяа, гадны иргэдийн оролцоотой хил дамнасан хар тамхи, хүний наймааны гэмт хэргүүд манай улсыг улам бүр нөмөрч буй. Үүний зэрэгцээ олон улсын тогтворгүй байдал, иргэний дайн, террорист халдлагын аюул дэлхий даяар нэмэгдэв. Иймээс давхар харьяаллыг зөвшөөрдөг Герман зэрэг барууны улсууд давхар харьяалалгүй болох асуудлыг одоо хөндөж байгаа билээ.

Хэрэв өнөөгийн эрх баригчид харьяатын хуулийг өөрчилнө гэж улайрах аваас үүнийг Монголын иргэдийн нийтлэг эрх ашгийг золиослох гэсэн цөөнхийн ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй. Үр хүүхдээ гадаадад суурьшуулсан Монголын оффшор авлигачид үүнийг их хүсэж байгаа.

П.Мягмар

zuvsongolt.mn