Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэн сүндэрлэж байгаа барилгыг нь хараад хөгжиж буй гэж дүгнэх боловч үнэндээ хаана аа хөгжөөд байна.

Учир нь ажил, гэр хоёртоо ирж, очих  гэж замын түгжээнд цаг гаран хугацааг өнгөрүүлэн байж хүрэх газраа очдог болоод Улаанбаатар хотынхон олон жилийн нүүрийг үзэж буй.

Уг нь барилга байгууламжийг барихаасаа өмнө замаа тавих ёстой байдаг аж. Гэтэл манай улсад энэ зүйл эсрэгээрээ хийгдсэн. Үүнээс үүдэн замын түгжрэл үүсч уртаас урт дараалал бий болдог. Үүндээ бухимдсан нэг нь урд, хойноо явах машины жолооч руу дайрч маргалдаж, бие биеэ рүүгээ хэрүүлийн алим шидэлцэж эхэлдэг явдал хаа сайгүй гарна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоол  гарсан билээ.

Ингэснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар  ачих тухай Нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж бүрэн хэрэгжих боломжтой болж байгаа гэнэ.

Тус захирамжийн хүрээнд ачиж, буулгах гурван төрлийн ачигч, чирэгч 12 автомашин худалдан авснаа замын хөдөлгөөний удирдлагын төвөөс танилцууллаж, иргэдэд автомашиныг ачих болно хэмээн зарлан тунхагласан юм.

Үүнээс хойш өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдүгээр эгнээнд зоссон автомашиныг ачлаа гэж мэдээллэх болсон. Нэг өдрийн байдлаар дундажаар 64 автомашин зөөж шилжүүлдэг байна. Ингэж зөөж шилжүүлсэн машины мөнгийг иргэд өөрсдөө төлнө.

Уг нь энэ ажил нь зөв шийдэлтэй ч нөгөө талаасаа бас нэг алдаатай нийтийн эзэмшлийн автомашины зогсоол нэмж бий болгоогүй байж иргэдээс ингэж мөнгө татах нь хэнд ашигтай вэ гэсэн асуудал урган гарч байгаа юм. Нэг жишээ аваад тоо бодож үзье энэ та журмын хашаанд байгаа 2.5 хөдөлгүүртэй машинаа авахын тулд хөдөлгүүрийн багтаамжид 70 мянган төгрөг, журмын хашаааны хөлс таван мянган төгрөгийг “Төрийн сангийн банк”-д төлж машинаа авах хэрэгтэй болж байгаа юм. Ингээд бодохоор ийм хөдөлгүүрийн багтаамжтай дээрх 64 машин журмын хашаанд хонолоо гэж тооцоход хоногт  4 сая 800 мянган төгрөг иргэдээс авчихаж байгаа юм. Тэгээд машинаа ачуулчихаад хайж явсаар дахиад нэг хонуулахад энэ мөнгө нэмэгдэнэ гэхээр хөөрхий муу иргэд буруу төлөвлөгдсөн хот төлөвлөлтийн гол золиос болж таарлаа.

Жолооч нар яагаад нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг вэ гэж асуухад ихэвчлэн автомашины зогсоол байхгүй учраас гэж хариулдаг. Энэ нь ч бас оргүй биш ортой зүйл учир нь манай улсад баригдаж буй орон сууц, барилга байгууламжийн гадаа машины зогсоолын асуудлыг шийдэлгүй шинээр ашиглалтад орох болсон. Үүний тод жишээ барилгын материалын зах буюй 100 айлын ойролцоо зам дагуу байрлах  "Auto plaza, авто сэлбэг засвар, "Авто ком" япон авто сэлбэгийн бөөний худалдаа задаргааны сэлбэгийн худалдаа, "Pajerko isuzu", авто агергат засвар, Вьетнам авто засварын дэлгүүрүүд бүгд автомашины зогсоол байдаггүй энэ мэтчлэн олон газар бий.

Өнгөрсөн намар хотын дарга төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад нь даалгаж байсан. Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд 30 байршилд авто гарааш, 19 байршилд авто зогсоолыг байгуулах төлөвлөгөө гарсан талаар мэдээлж байсан ч энэ ажил болон хэрэгжсэн нь хэд байгаа талаар албаныхан мэдээлэл өгөх цаг нь болсон баймаарсан.

“Улаанбаатар-Удаанбаатар” болж ард иргэд нь зогсоол нэмж баригдахгүй байгаагийн уршгаар хэтэвчээ нимгэлж байх нь хэр үнэнд нийцэx вэ. Уг нь хөл дүүжлэх унаатай болж, ар гэрээ өөд татах зорилготой л явдаг байх хөөрхийс. Гэтэл тэр ачаан дээр нь ахиад нэг асуудал нэмэгдлээ.  За тэгээд энэ журмаа мөнгөөр шийдсэн болохоор ч тэр үү хамгийн их хэрэгжиж буй ажлын нэг болоод байна. Иргэд автомашины зогсоолгүйн балгаар машинаа ачуулсаар...


Х.Даваа