Агаарын бохирдлоос үүдэн бага насны хүүхдүүд уушгины хатгалгаанд их өртөж нас барах тохиолдол буурахгүй байгаагаас үүдэн ЭМЯ НЭМХ газрууд урьдчилан сэргийлэх вакцин худалдан авч, тарьж эхэлсэн байна.

Агаарын бохирдлоос үүдэн хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй болон биеийн эсэргүүцэл муутай хүмүүс илүү өртөж өвчний үүр болдог. Нийслэлд агаарын бохирдлын эх үүсвэрийн нөлөөллийн 80 орчим хувь нь гэр хорооллын галлагаанаас, авто тээврийн хэрэгслээс 10 орчим хувь, дулааны цахилгаан станцаас 6 орчим хувь, хог хаягдал, хөрсний бохирдлоос 4% үүсдэг гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг. Иймээс хүний биед хор хөнөөл учруулах их юм тэр дундаа хүүхдүүдийн дундах уушгины хатгалгаа өвчний гаралтын дийлэнх хувийг үүсгэдэг бактер бөгөөд өвчлөлийн хамгийн хүнд хэлбэрүүдийг үүсгэдэг байна. Олон улс орнууд сүүлийн жилүүдэд энэхүү уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэж байна. Манай улсын хэмжээнд энэхүү өвчлөл буурахгүй их байгаа тул ЗГ-аас 2017 пневмококкийн эсрэг 13 цэнт нийлмэл вакцин PCV13-ыг үндэсний хэмжээнд хэрэглэж эхлэхээр төлөвлөсөн. ЭМЯ нь 2013 оноос MCRI болон ДЭМБ-тай хамтран уг вакцины үр нөлөөг нарийвчлан үнэлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үнэлгээ хийгдэх газраар УБ хотын 4 дүүргийг сонгосон байна. Вакциныг үе шаттай нэвтрүүлэхээр болжээ. Харин 6-р сараас 2 дүүрэгт вакцин хийгдэж эхэлсэн. Тодруулбал, Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг өвчлөл өндөртэй Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна. 1-р үе шатыг дүүргүүдэд вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна гэж ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах хэлтсийн дарга Н.Сувдмаа хэллээ. Одоогийн байдлаар уг вакцинд 12 мянга гаруй хүүхэд хамрагдсан байна.

Харин иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрхи вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Вакциныг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжуулан авч буй бөгөөд өртөг өндөртэй вакцины тоонд ордог.

Манай улсад уушгины хатгалгаа болон уушгины үрэвсэлт өвчний эмнэлэгт суурилсан тандалтын тогтолцоог ДЭМБ-аас нэвтрүүлсэн байна. Өмнөх жилүүдийн тоо баримтад хийсэн дүн шинжилгээгээр эмнэлэгт хэвтсэн уушгины хатгалгааны тохиолдлын тоо нь эдгээр 4 дүүрэгт жилд 4000-5000 өвчлөлийн тохиолдол гарсан байна. Сайжруулсан эмнэлэгт суурилсан тандалт нь 2015 оны 4 сард эхэлсэн ба нийт 3 жил үргэлжлэх бөгөөд 4 жилд сунгагдах боломжтой юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс манай улсын ЗГ ОУ-ын хамтын ажиллагааны төслүүдийн шугамаар болон улсын төсвийн хөрөнгөөр 170,000 орчим сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр айл өрхөд тараасан байна. 2011 оноос хойш улсын төсөвт шууд тусгагдсан ажлуудад 100 орчим тэрбум төг, цэвэр агаар сангаас 70 гаруй тэрбум төг, мянганы сорилтын сангийн 32 сая доллар, дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй УБ цэвэр агаар төслийн хүрээнд 15 сая доллар агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан байна. Харин үүний үр дүнд агаарын бохирдол хэдэн хувь буурсан талаар тодруулахад 32 хувь буурсан хэмээн ЦУОШГ-ын орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр хэлсэн юм.

Тэрээр цаашид сайжруулсан зуух болон бусад ажлуудыг үргэлжүүлэн хэрэгжүүлвэл үүнээс илүү буурах хандлагатай гэдгийг хэлж байсан юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын эрчмийг алдуулалгүйгээр боломжтой бүх чиглэлээр урагшлуулах шаардлагатай байна гэсэн юм.

М.Буянжаргал