Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой хэрэг гарсан нь нийгэмд дуулиан дэгдээлээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд хүмүүс зодолдоод байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан шалгахад хорь орчим хүмүүс хоорондоо зодолдож байсан бөгөөд зодооны үеэр нэг хүн хутгалуулж, нэг хүн толгойдоо хүнд гэмтэл авч найман хүн хөнгөн гэмтэл авсан гэх мэдээлэл байна.

Мөн энэхүү зодооны үеэр их хэмжээний мөнгө, 1.5 орчим кг алт, үнэ бүхий эд зүйлс алга болсон гэх мэдээлэл байгаа. Дээрх орон сууцанд арваад хүн байсан бөгөөд гаднаас мөн тооны хэсэг бүлэг этгээдүүд орж буу тулган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмдсэн байна. Улмаар зодоон хийсэн бололтой. Мэдээллийг оршин суугчид анх цагдаагийн байгууллагад өгчээ.

Дээрмийн Үеэр хоЁр хҮн хҮндгэмтэж, найман хҮн хӨнгӨн гэмтэл авЧээ

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас дараахь мэдээллийг өгсөн юм. Энэ сарын 10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцанд зодоон болоод байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад орон сууцны айлд байсан 10 хүн дээр нэр бүхий бүлэг этгээдүүд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан дайран орж мөнгө болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Эрүүгийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж тус хэргийг үйлдсэн гэх А, Б нарыг баривчилжээ. Зодооны үеэр хоёр хүн хүнд гэмтэж, найман хүн хөнгөн гэмтэл авсан байсныг эмнэлэгт хүргэжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд яаралтай түргэн тусламжаар шөнийн 02:30 цагийн үед ГССҮТ-д Ч,Э нарын хоёр хүн хүргэгдсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар толгой болоод бусад хэсэг нь бүхэлдээ хавдартай, толгой, гарын бугуй хэсэгт мэсээр зүсэгдсэн шархтай, нүд харах чадваргүй болтол хавдсан, хамаг хувцас нь цус болсон байдалтай хүргэгдсэн гэх. Хутга мэсний шархтай зарим хүмүүс Цэргийн клиникийн төв госпиталд хүргэгдсэн байна. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол хутганы шарх авсан иргэн БНСУ руу эмчлүүлэхээр явж байгаа бололтой. Тухайн хэргийг үйлдсэн гэх А, Б нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар эрүү үүсгэж шалгаж байгаа аж. А өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан бол Б гэх этгээд мөн л шүүх дээр шалгагдаж байх хугацаандаа дахин хэрэг үйлдээд буй гэнэ. Цагдаагийн байгууллагаас зодооны үеэр алдагдсан эд зүйлсийг олох болон оролцсон бусад хүмүүсийг олж дайчлан баривчлах ажлыг явуулж байгаа аж. Гэхдээ зодооны үеэр хичнээн төгрөг дээрмчдийн гарт орсныг нууцалж байгаа бололтой.

Шалгалтын Үеэр

олон тооны хАсаа гарЧ иржээ

Хэрэг Нэгдүгээр эмнэлгийн урд байрлах 12 давхар орон сууцанд гарчээ. Тус орон сууцны найман давхарт байрлах дөрвөн өрөө байрны эзэн хоёр хоногийн өмнө байраа зарын дагуу түрээсэлсэн бөгөөд түрээслэгч нь 30 орчим насны залуус болохыг эх сурвалж мэдээлсэн. Оршин суугчдын ярьж буйгаар дээрх байранд эзэд нь байдаггүй бөгөөд өмнө монгол эхнэртэй гадаад эр түрээсэлдэг байжээ. Байрны эзэд гурав хоногийн өмнө буюу энэ сарын 8-нд байраа өөр хүнд түрээслэсэн болохоо СӨХ-дөө мэдэгджээ. Хэрэг болох өдөр тус айл руу 16:00 цагийн орчимд хоёр хүн оржээ. Тэд машинтай ирсэн байна. Өөр хүн орж байхыг оршин суугчид хараагүй гэх. Гэвч шөнийн 00:00 цагийн үед хүмүүс хоорондоо зодолдож, хашгиралдах чимээ гарчээ. Их чимээ шуугиан гарсан учраас оршин суугчид цагдаад мэдээлэл өгсөн байна. Цагдаа нар ирж баривчилгаа явуулах үеэр олон тооны хасаа гарсан бөгөөд покер тоглож байсан болохыг зарим хүмүүс хэлж байв. Эдгээр хүмүүс зуучлалын байгууллагаар дамжуулж уг байрыг түрээсэлсэн гэх. Анхнаасаа тус байрыг хууль бус мөрийтэй тоглоомын газар болгон ашиглах зорилгоор түрээслэсэн гэх хардлага байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүст иймэрхүү хууль бус тоглоомын газар хэд хэд бий гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа. Сүүлийн үед хууль бус тоглоомын газар, мөрийтэй тоглоомчид ихэвчлэн олны анхаарлыг татахаас зайлсхийж орон сууцанд бүгэх болжээ. Ингэхдээ түрээсийн суугчид ихтэй байрыг сонгодог гэх. Мөн автомат тоглоомын газар нэрээр цаана нь хууль бус мөрийтэй тоглоом явагддаг гэсэн мэдээлэл ч бий.

ХАГАСТэрбум орЧим тӨгрӨгдээрэмдсэн дээрэмЧид хэн бэ?

Дээрх зартай дээрмийн хэрэгт “Шоши” хочит Ариунгэрэл болон “Ландага” хочит Батцэнгэл нар сэжиглэгдэн шалгагдаж байгаа бололтой. “Шоши” хочит Н.Ариунгэрэл өмнө дээрмийн хэрэгт холбогдож 20 гаруй жил шоронд суусан бөгөөд саяхан Өршөөлийн хуулиар суллагдсэн нэгэн. Түүнийг хам хэрэгт холбогдсон хүмүүсийнхээ өмнөөс хэрэг хүлээж ганцаараа хариуцлага хүлээдэг гэдэг. Энэ удаа тэрээр өөрийнхөө төлөө, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний өмнөөс хөдөлсөн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох биз ээ. Харин “Ландага” хочит Батцэнгэл өмнө нь цагдаагийн өөдөөс хутга барьж дайрсан эрүүгийн ертөнцөд цуутай нэгэн. Түүнийг хар тамхи хэрэглэж, улмаар бусдад худалдах үед нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн байдаг. Энэ ажиллагааны үеэр Батцэнгэл цагдаагийн ажилтан руу хутга гаргаж танхайрсан байдаг. “Ландага” гэх хочоороо гэмт хэргийн ертөнцөд алдаршсан Батцэнгэл “мөс” хэмээх хар тамхины төрлийн бодисыг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ийн баригдаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан. Тэрээр өмнө нь “Центрпойнт”-ын хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж байсан удаатай. Дээрх хоёр сэжигтэн дөрвөн хүнтэй хамт тус айлд мөрийтэй тоглож байсан арваад залуу руу нэвтэрч орсон бололтой. Тэд машинаа Улаанзагалмай нийгэмлэгийн ойроолцоохь зогсоолд байрлуулсан байж. Гэмт этгээдүүд урьдаас тооцоолж дээрэм үйлдсэн бололтой. Учир нь тус байр ямар ч хяналтын камергүй. Өөр нэг гол шалтгаан бол манай улсад хууль бус мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс хууль бус тоглоом тоглож буй хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, хэрвээ мэдэгдвэл өөрсдөө хуулийн өмнө буруутан болно гэдгийг тооцоолж улайм цайм дайрч орсон байх магадлалтай. Түүнчлэн уг байранд тоглож байсан хүмүүс багагүй бэл бэнчинтэй төдийгүй нэг нь алтны уурхайн эзэн байсан ч гэдгийг мэдэж байсан нь илт. Тиймээс ил цагаан танхайрсан байж таарах нь. Гэвч хөрш айлууд цагдаад мэдэгдсэнээр төлөвлөгөө нь нурсан байж магадгүй. Ямартай ч дээрмийн үеэр 1.5 орчим кг алт, хагас тэрбум орчим төгрөг алдагдсан гэж мэдүүлжээ. Одоогоор хэргийг шалгаж байна. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд болон хууль бусаар мөрийтэй тоглож байсан хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх болох нь тодорхой боллоо.

МӨрийтэй тоглоомЧид нотариатЧидтай, мӨнгӨ тоологЧ кассын машинтай Явдагбайна

Мөрийтэй тоглоомчид ил цагаан халдлагад өртсөн нь олныг цочирдуулаад байна. Мөрийтэй тоглоомчид хууль бусаар тоглож байгаа учир мөнгөө дээрэмдүүлэхээс сэрэмжилж хажуудаа нотариаттай, мөнгө тоологч машинтай, олон тооны хамгаалагчтай явдаг ч гэх. Энэхүү хэрэг хууль бус тоглоомчдын том том бүлэглэлийн эхний сэжүүр гэх бөгөөд ард нь хэн байгааг хүн бүхэн сонирхож байна. Үүнтэй зэрэгцэн ард түмэн сэтгэгдлээ илэрхийлэх боллоо. Тухайлбал, цахим ертөнцөд “Казиногийн зөвшөөрлийг Монголд хуулийн дагуу олгох хэрэгтэй. Хууль бус байх тусмаа тэнд их мөнгө эргэлдэнэ. Авлигаар боссон мөнгө тэнд эргэлдэж байна. Хэрвээ хуульчилбал бүх юм нүдэн дээр явагдана. Үүнийгээ дагаад үйл ажиллагаагаа явуулж байгаа газрууд хамгаалалтаа чангаруулна” гэсэн бол өөр нэг сэтгэгдлээр “Хууль бус учраас ард нь ийм аймшигт дээрэм явагдаж байна. Ил болгочихвол тоглож байгаа хүмүүс нь халдлагад өртөхгүй” хэмээн илэрхийлжээ. Харин зарим иргэн хууль бус тоглоомын газрууд нийгэмд борооны дараахь мөөг шиг олширсон гэдгийг хэлж байна. Үүнийг цагдаагийн байгууллага мэдсээр байж нууж байгаа нь ихэнхдээ ард нь цагдаагийн том дарга, хурандаа нар байдагтай холбоотой гэх сураг ч байна. Тухайлбал, нэгэн иргэн “Гадаадад казиногийн хуулиараа хуульчлаад өгчихсөн газрууд тусгай хяналтын дор ажиллаж нийт тоглогчдын оруулсан мөнгөний 80 хувийг буцааж өгдөг, 20 хувийг нь тоглуулсны хөлсөнд авч байхаар тохиргоо хийгдсэн байдаг бол Монголд ажиллаж байгаа эдгээр луйврын газрууд улсад татвар төлдөггүй дээрээс нь хяналтгүй. Миний мэдэхийн "Саруул тэнгэр" хотхоны нэг давхарт, гадна талдаа хаяггүй тоглоомын газар бий. Хөөрхий түлээ нүүрсний наймаачид, мод сэлбэгийн наймаачид гэх мэт хүмүүс гэр бүлээрээ очиж тоглосоор бүр донтчихсон сууж харагдах юм билээ.Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын ард гадна талдаа “Автомат тоглоом” гэсэн хаягтай газар бий. Нарантуул, Дүнжингаравын наймаачид тоглодог газар” гэсэн байв. Түүнчлэн иргэдийн зүгээс Нарны хорооллын "Хас мөнх" төвийн хоёр давхарт солонгос эзэнтэй газар бий. Мөн Сансарын "Хүрмэн" эмийн сангийн ард, КТМС-ийн замын эсрэг талд "Баянбулаг" төвийн гурван давхарт нууцаар ажилладаг газар байна. Мөн 25 дугаар эмийн сангийн хойшоо явдаг замын зүүн талд гаднаа хаяггүй газар байгаа. Үүнийг хуулийнхан анхааралдаа авахыг хүүсэн мэдээллүүд цахим ертөнцөд хөвөрч байна.

Энэ шатан дээр цусны толбо тогтсон байлаа. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

А.Амар