Залуучуудын өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх “Mega Skills” төсөл хэрэгжиж байна
2016/10/25
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөгжлийн Полиси төв 27 жилийнхээ ойг угтан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг "Mega Skills” төсөл юм. Уг төсөл нь Монгол залуучуудын өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд 1 жилийн хугацаанд хэрэгжихээр болжээ.
"Mega Skills”-1 сургалт нь 2016. 10. 10-21-ний хооронд явагдсан бөгөөд илтгэх урлаг, харилцааны ур чадвар, хувь хүний маркетинг, амжилт гаргах сэтгэл зүй, ой тогтоолтоо сайжруулах арга, гадаадын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломж, ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх, карьер менежмент, имидж бүрдүүлэлт ба хувцаслах урлаг, манлайллын харах өнцөг, үр ашигтай дадал зуршил, гарааны бизнесээ хэрхэн амжилттай эхлүүлэх вэ, эрүүл хооллолт ба идэвхтэй амьдралын хэв маяг сэдвүүдээр нийгэмдээ үлгэр жишээ болсон залуу манлайлагч, сургагч багш нар хичээл орсноороо онцлогтой. Тухайлбал, Залуучуудын Хөгжлийн Полиси төвийн ерөнхий захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, Franklin Covey сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Сайнбаяр, Монголын Үндэсний Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа, Premier Tailor ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг нар хичээл орсон юм.
"Mega Skills”-2 сургалт ирэх 11 сараас цуврал байдлаар үргэлжлэх бөгөөд сургалт бүр дахин давтагдашгүй өөрийн онцлогтой байх юм байна.
Залуучуудын хөгжлийн Полиси төв 2016-2021 он хүртэлх 5 жилийнхээ стратеги төлөвлөгөөг гаргасны дагуу 5 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар болсон аж. Үүнд, Залуучуудын бодлого, боловсрол, эрүүл мэнд, оролцоо-өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт гэсэн гол асуудлууд багтаж байгаа юм байна. Цаашид стратеги төлөвлөгөөнд багтсан дээрх 5 чиглэлийн дагуу сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээний суурь судалгаануудыг явуулахаар төлөвлөжээ.
Mega Skillsтөсөл нь залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг аж.