Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдэж дээрх гэмт хэрэгт 645 иргэн өртөж хохирсон байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 584 буюу 90,5 хувь нь эмэгтэй хүн, 27 буюу 4.3 хувь нь хүүхэд, 34 буюу 5,2 хувь нь эрэгтэй хүн байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод 2016.09.09 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэгвэл хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороо болон  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгагдсан аж. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж,  гэмт хэрэгт тооцож ял шийтгэх  зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь  даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна  хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн зорилттой уялдуулан

  • хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
  • хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
  • хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
  • нууцлалыг хамгаалах;
  • салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болох юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

М.Мөнгөн