Жамтай юм жамаараа гэсэн сайхан монгол зүйр үг байдаг даа. Энэ нь байгалийн хуулийг дагаагүй үйл явдал хэсэгхэн хугацаанд хийгдэж байгаад тасардаг. Хэрвээ түүнийг хүчээр цааш нь үргэлжлүүлэх гэж оролдвол түүнээс гарах хор нөлөө нь ихсэнэ гэсэн үг.
Тэгэхээр бидний бүх үйлдэл байгалийн хуультай зохицож явах ёстой юм байна. Энэ дэлхий дээр амьдардаг бүх амьтан болгонд үйлчилдэг нэг хууль байна. Энэ бол Английн эрдэмтэн Ч.Дарвины нээсэн байгалийн шалгаралын  хууль. Үүнийг би монголчуудын дов жалганы сэтгэхүйд тохируулж хялбарчилаад “Сүргийн хууль гэж нэрлэчихье”. Хамгийн хүч муутай амьтад  хүртэл оршин тогтнох нөхцөл нь энэ хууль юм. 
 
Энэ хуулийн хамгийн энгийн илрэл нь хүч муутай тусам аль болох олуулаа бөөнөөрөө нэг дор цуглаж амьдрах. Ингэж бие биедээ тус дэм болж оршин тогтнодог байна. Дэлхий дээрхи амьтан болгоны төрөл дээрээс энийг харж болно. Гэтэл энэ Сүргийн хууль нь байгалиас хүчин муутай заяагдсан амьтны төрлийг сүрэгчлэн амьдруулж оршин тогтнох нөхцлийг нь хангадаг ч гэсэн тэдний тоо хэмжээнээс хамаарч тодорхой нэмэлт чадвар шаардаж амьдруулдаг. Хэрвээ ийм чадвар хөгжүүлж чадахгүй бол энэ төрөл устаж арилна. Энэ бол бүх юм зөвхөн тэр сүрэг, тэдний гишүүн бүрээс шалтгаалана гэдгийг харуулж байгаа юм. 
 
Хүн төрөлхтөн хэзээ хэзээнээс байгалийн хуулиудыг нээж түүний дагуу зөв амьдрах гэж зүтгэж ирлээ. Гэхдээ цаг хугацаа, тухайн үеийн шинжлэх ухааны түвшингээс хамаарч байгалийн хуулиудыг заримдаа буруу ихэнхдээ дутуу ойлгож тайлбарлаж үүнийхээ хор нөлөөг амсаж ирсэн юм. Дундаж зууны үед Христийн шашин дэлхий бол хавтгай, нарны аймгийн төв гэж сургаж байв. Хэрвээ энэ сургаалийг одоо хүртэл мөрдөж ирсэн бол одоо бид чинь интернэтгүй байж байх байсан. 
 
Одоо эргээд Сүргийн хууль хэрхэн хүн төрөлхтөнд үйлчилж байгааг харъя. Энэ дэлхий дээр байдаг улс бүхнийг өөр өөрийн сүрэг гэж хялбарчилж харъя. Энэ сүргүүдийг хооронд нь ялгадаг, тодорхойлдог хэд хэдэн өгөгдөл, үзүүлэлтүүд байдаг. Үүнд хэл яриа, зан заншил, хөгжлийн түвшин, газар нутгийн хэмжээ ба хүн амын тоо гэх мэт юм. Монгол улс бусад улсуудаас ямар ч улсад байхгүй зарим өгөгдлөөр тод ялгагдана. Хэдийгээр хөгжлийн түвшин, соёлжилт зэрэг өгөгдлөөр бусад улсаас их дутахгүй ч гэсэн хүн амын тоо, нэг хүнд ноодох газар нутгийн хэмжээгээр асар их ялгаатай. Явж явж энэ том ялгаа нь сүргийн хуулийн үйлчилгээнд хамгийн их нөлөөлдөг,  чухал өгөгдлүүд юм. Сүргийн хуулийн дагуу нийт хүн амын тоо, мөн нэг километр хавтгай дөрвөлжин талбайд ноогдох хүний тоо буюу хүн амын нягтралшил тодорхой хэмжээнээс бага байх үед нийтийн эрх ашгийн нөлөөлөл багасч хувь хүний эрх ашгийн нөлөөлөл давамгайлах талруугаа орно. 
 
Энэ нь хувиа хичээгчид, худлаа яригчид, хулгай хийгчид, тэднийг даган баясагчид зусардаж өчүүхэн өглөг горилж биеийн амрыг харж хойшоо суугчдын тоо ихсэнэ гэсэн үг. Энэ үед Сүргийн хуулийн дагуу тус сүрэг түүний гишүүдээс дээрхи хортой үзэгдлүүдийг газар авахгүй байлгах хяналт шалгалтын хэлбэртэй шаргуу оролцоо гэсэн нэмэлт чадвар шаардагдана. Хэрвээ энэ нэмэлт чадварыг хэрэгжүүлж чадахгүй бол тус сүрэг устаж арилна гэсэн ганцхан төгсгөл байна. 
 
1990 онд Монгол улсад ардчилал гарч 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлав. Үндсэн хууль бол хууль зүйн баримт бичиг байхаас гадна улс төр нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Үндсэн хуулийн үүрэг зорилго нь тухайн орны ард түмнийг ажилтай, орлоготой амьдруулж, хувь хүний эрхийг дээдлэн хангаж, хувь хүний амь нас, хөрөнгө болон ард түмэн улс орны баялаг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгааг хангаж, хамгаалж байх төр засгийг сонгон ажиллуулах юм. 
 
Энэ шаардлагыг тухай үед дэвшилттэй, бидний хүсэж ирсэн ардчилсан нийгмийг амжилттай байгуулсан Герман, Англи, Щвайцар гэх улсуудын Үндсэн хууль бүрэн хангаж байсан учир, эдгээр улсын Үндсэн хуулийг шууд утгаар нь хуулбарлаж авсан. Тавь, жаран сая хүн амтай эсвэл хүн амын нятграл өндөр  энэ улсуудад сүргийн хуулийн “Шударга байлгацгаая” гэсэн гол зарчим бараг автоматаар хэрэгждэг. 
 
Хүн ам цөөхөнтэй, үүнээс үүдэж хувь хүний ашиг сонирхол өндөр нөлөөтэй Монгол улсад дээрхи улсуудын Үндсэн хуулийг шууд хуулбарлаж Монгол улсын онцлогийг тусгайгүй учир дутуу дулимаг болсон Монгол улсын Үндсэн хууль нь үндсэн хуулийн үүрэг, зорилгоо биелүүлж чадахгүй зөвхөн тунхаглал болон үлдлээ. Харьцуулж үзвэл, хөрс ус сайтай Европын орнуудад зүгээр өөрөө ургадаг алимны модыг говийн хөрсөнд зүгээр суулгаад орхисонтой  адил юм. Говийн хөрсний онцлогийг тусгасан нэмэлт арчилгаа хийхгүй бол харахад нэг сайхан, гэхдээ алим жимсээ өгдөггүй мод л үлдэнэ. 
 
Одоо хэвлэлээр явж байгаа үдсэн хуулийн тухай маргааныг харахад уг үндсэн хуулийг бурханаас чулуу нь дээр бичээд өгсөн халдашгүй эрдэнэ мэт, болж өгвөл зөвхөн шороо тоосыг нь арчаад хоймортоо залаад л байх юм шиг. Гэтэл одоогийн Үндсэн хууль 90 оны хувьсгалчсан хөөрсөн санааг тусгасан, хэрэгжилтийг нь дутуу дулимаг харсан улс төр нийгмийн бичгэн зөвшилцөл. Яагаад 21-р зуунд амьдарч байгаа бид 20-р зууны үзэл санааг  цаг үе, орчиндоо тохируулж өөрчилж болохгүй гэж ?. 
 
Хүн төрөлхтөнд үйлчилдэг сүргийн хуулийн гол зарчим нь “Шударга байлгацгаая”. Манай ерөнхийлөгчийн тунхагладаг шударга байцгаая биш шүү. Энэ том ялгааг ахиж анхааруулъя. Хүн ам ихтэй хөгжсөн улс оронд энэ зарчим хүний тоогоор давамгайлж бараг автоматаар хэрэгждэг. Гэсэн ч гэсэн энэ орнуудад авилга, оффшорийн асуудлууд гараад л байна. Энэ орнуудад Үндсэн хуульд нь зааснаар улс төрийн намууд сонгуульд оролцоод төр засгаа байгуулаад ард түмэндээ үйлчлээд явж байна. Хүн ам олонтой учир хүний санал худалдаж авах, царцааны нүүдэл зэрэг эсэн бусын гаж ойлголт байхгүй тул үнэхээр шилдэгүүд нь сонгогдож улс орноо авч явна. Одоо гадаад энэ тэр ингэдэг, тэгдэг гэдэг монголчуудад амны уншлага болсон байдлыг зогсооё. Өөрийн орны онцлог дээр цаашид санал бодлоо солилцоё. Тэртэй тэргүй өгөгдөлүүд нь өөр учир гаргалгаа нь тэнд байхгүй. Энэ гаргалгааг бид өөрсдөө л хийх ёстой. 
 
Бид энэ Үндсэн хуулийн дагуу амьдраад даруй 25 жил боллоо. Энэ бол маш их хугацаа. Энэ бол бидний амьдралын үндэс суурь зөв тавигдсан уу гэдгийг тод харуулж чадахаар  хангалттай хугацаа. 1920-иод оны сүүлчээр нэг хайрцаг шүдэнзэнд нэг сая марк төлтлөө инфляцад орсон байсан Герман улс 1939 онд дэлхийн хүчтэй орнуудын тоонд ороод дэлхийн 2-р дайныг өдөөж байв. 
 
Ингээд 12 жилийн хооронд эдийн засаг нь сэргээд дээрээс нь дэлхийн дайн хийгээд дуусаж байсан гэдэгтэй харьцуулахад 25 жил гэдэг их хугацаа. Энэ 25 жилд үндсэн хуульд шууд хуулж тусгаснаар монгол улс дахь намууд сонгуульд орж төр засгаа бүрдүүлж яваад ямар үр дүнд хүрснийг ард түмэн харлаа. Манай улсад тохироогүй энэ Үндсэн хуулийн дагуу намын сонгууль явуулж шилдэгүүдээ сонгож төр засгаа зөв ажиллуулж чадахгүй дээрээс нь цөөн хэдэн хүн амаа хооронд нь намаар талцуулж улам жижиглэн бутаргаж, хүчийг нь барж сүргийн хуулийн цаашид оршин тогтноё гэвэл биелүүлж байх “Шударга байлгацгаая”, “Олуулаа, хоорондоо найрсаг нээлттэй бол хүчтэй” гэсэн гол зарчимуудыг зөрчиж явсаар ард түмний амьдарлыг доройтуулж, эдийн засгийн хямралд орж гадаад өр ширэндээ баригдаж мөхөлийн  ирмэг дээр ирсэн байна. 
 
“Gelegenheit macht Diebe”  гэдэг Германы зүйр үгийг Монгол хэлрүү  “Боломж  гарвал хүн болгон хулгай хийнэ” гэж хөрвүүлж болно. 
Монгол улсад гамшигийн хэмжээнд хүрсэн нэг үзэгдэл бол ард түмний, төрийн өмчийн хулгай юм. Авилга авах, өгөх тендэрээр төрийн өмчийг хувьчлах, ашигт малтмалын лиценз гэх мэт олон янзаар төрийн өмчийг хулгайлж байгааг сонин болгон дээрээс уншиж болно. Гэтэл энэ хулгайг үндсэн хуулийн дагуу сонгогдсон аль нэг намаас бүрдсэн засгийн газар , шүүх, хуулийн байгуулагууд таслан зогсоож чадахгүй  байгаагаар зогсохгүй, нэг хар хэрээ нөгөө хар хэрээний нүдийг ухахгүй гэгчээр халхалж, нуун дарагдуулж байгаа нь мөн л энэ үндсэн хуулийн цоорхой, бодитой хяналт шалгалтын механизм бүрдүүлж заалт төгс боловсрогдоогүйг, энэ үндсэн хуулийн зарим нэгэн зүйл ангийг өөрчлөөд хангалтгүй гэдэгийг харуулж байна. 
 
Харин одоо бид үндсэн хуулиа монгол орныхоо нөхцөлд тохируулан өөрчилж байгалийн жам руугаа орохгүй бол өөрсдийн арчаагүй амиа бодсон жижиг ашиг хайсан, мөнгө шүтсэн амьдрах мөрөөдөл хэвшилээс болж биднийг ямар төгсгөл хүлээж байгааг ард түмэнд ойлгомжтой болсон. 
 
Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн үүрэг зорилго нь тухайн орны ард түмнийг ажилтай, орлоготой амьдруулж, хувь хүний эрхийг дээдлэн хангаж, хувь хүний амь нас, хөрөнгө болон ард түмэн улс орны баялаг, газар нутгийн бүтэн байдлын баталгааг хангаж, хамгаалж байх төр засгийг сонгон ажиллуулах юм гэдгийн хэрэгжилтийг тодорхой тусгасан Үндсэн хуулийг батлаад амьдралд хэрэгжүүлье. Тэгэхдээ одоогийн үндсэн хуулийн бүтэц нь биднийг зөв хүмүүсээ сонгож, сонгосон хүмүүстээ сонгуулийн хугацаанд хариуцлага тооцож чадахгүй, сонгуулийн хугацааг 4 жилээр гэж зааснаар 4 жил тутамд шинэ эрх баригч нар гарч ирж улсын хөгжлийг 4-оос илүү жилийн хугацаагаар төлөвлөн явуулах боломжгүй болгож байгаа байдлыг өөрчлөх нь хамгийн чухал гэдгийг гол зорилго болгох хэрэгтэй юм, Монгол улсын оршин тогтнох эсэхийг шийдэх энэ мөчид иргэн бүр ялангуяа залуучууд улс төрийн үүргээ ухамсарлаж цаг алдаж болохгүй гэдгийг ойлгож, идэвхтэй хувь нэмрээ оруулах нь Монгол улс, Монголын ард түмний өмнө хүлээсэн тэдэнд байгалиас заяасан үүрэг юм. 
 
Та бүхэндээ амжилт хүсье.
 
“Нээлттэй засаглал төв” ТББ-ын тэргүүн: П.Галбадрах