УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 


Хуулийн төсөлд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалт нэмэх, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэх саналууд олонхийн дэмжлэг авсан юм.
О.Баасанхүү гишүүн “Чухал хууль хэлэлцэж байхад гишүүдийн ирц хангалтгүй байна” хэмээн шүүмжилж "Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ. Хоёрдугаарт унасан саналыг дахин босгож ирээд байна. Дэгийн тухай хуулиар ийм зүйл байдаггүй юм. Ц.Нямдорж гишүүн ч чуулганы танхимд алга. Хар хууль ороод ирлээ. Энэ хуулиар чинь нийгмийн даатгал төлөхгүй бол гэмт хэрэгтэн болохоор болчихлоо шүү дээ” хэмээж байлаа. 
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж хуулийн төслийг дэмжиж, баталсан юм. Шинэ Эрүүгийн хууль 2017 оны долоодугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэнэ.

Хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэлээр Засгийн газар анхаарна

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа” хэмээн танилцуулсан. Мөн үндсэн чиглэлийн биелэлтийг бодлогоор нь авч үзвэл макро эдийн засгийн бодлогын арга хэмжээний биелэлт 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 6.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын арга хэмжээний биелэлт 64.6 хувьтай гарсан гэж Ерөнхий сайд хэлсэн.

Дараа нь УИХ-ын байнгын хороодын санал дүгнэлтийг танилцуулж, гишүүд байр сууриа илэрийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ж.Мөнхбат сайд аа, би хоёр асуулт асуумаар байна. Жижиг дунд үйлдвэрлэл /ЖДҮ”-г дэмжих төв байгуулах ажил тэг хувийн биелэлттэй байгаа. Хуулиар агентлаг байх ёстой. Сайд та мэдэж байгаа байх. 850 мянган хүний асуудал шийддэг газар шүү дээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэдэг нэртэй атал хөнгөн үйлдвэр нь байхгүй болчихсон. Энэ яаманд ЖДҮ-ийн салбарыг хариуцсан ганцхан хэлтэс үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

-Бид 2016 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл яриад байна. Гэтэл та 2015 онд батлагдсан асуудал яриад байх юм. ЖДҮ-г дэмжих нэлээд ажил хийгдээд явж байгаа. Хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэлээр Засгийн газар анхаарна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ж.Мөнхбат сайд танд ЖДҮ ярихаар жижигдээд байдаг юм байна. Сайд аа агентлаг байх ёстой шүү. Хөдөө аж ахуйн яам хариулж өгөөч.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл:

-Баянхонгор аймагт энкубатор байгуулахаар 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна лээ. Цаашид аймагт энкубатор төв байгуулах гэхээр төсөв мөнгөний хувьд асуудалтай байна.