Хууль зүйн сайдын багцаас “Монроуд” компанид 45 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг хэн гаргасан бэ-

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байна. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

 

Прокурорын байгууллагаас түүний цагдан хорих хугацааг сунгаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан ч шүүх хүсэлтийг нь хүлээн авалгүй, Б.Гарамгайбаатарыг өвчний улмаас хэмээн суллаж, одоог хүртэл гадуур байцаасаар байгаа билээ.

 

Ерөнхийдөө түүнийг АТГ-аас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт өгснөөр Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлсэн гэх хэргээр баривчилсан.

Тэгвэл түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа бол. Анх түүнийг баривчилж байхад нэлээд сүр дуулиан болж байсан ч энэ хэрэг одоо бараг замхарч, мартагдах тийшээ орох дөхжээ. Ийн хэлэхийн учир нь хэрэгт авагдсан материал болон нотлох баримтыг үндэслэж прокурорууд түүнд яллах дүгнэлт үйлдсэн байх нь гарцаагүй. Гэтэл шүүхээс түүнийг юуны учир батлан даалтад гаргаж гадуур байцаасан хэвээр байгаа юм бол гэдэг нь хачирхалтай.

 

Тэгвэл бид түүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг олж авснаа хүргэе. Тэрбээр хэдийгээр өнөөдөр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч компанийнхаа зарим нэг өр төлбөрийг улсын төсвөөс гаргуулж төлүүлэхээр болсон гэнэ. Бидэнд олдсон баттай эх сурвалжийн мэдээлснээр өдгөө эрх мэдэл бүхий албан тушаал хашиж буй нэгэн эрхэм /Бид энэ удаа нэрийг зарлахаас зайлсхийлээ. Сурв./

 

Б.Гарамгайбаатарын төлөх ёстой байсан 45 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцаас гаргуулж, түүний нэгэн охин компанийн данс руу шилжүүлсэн байна. Уг нь Хууль зүйн сайдын багцад “Төрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг төлөх" багц гэж байдаг аж. Гэтэл энэ багцаас яагаад 45 тэрбум төгрөг гаргаж, Б.Гарамгайбаатарын охин компани руу бэлнээр шилжүүлэх болов гэдэг нь хачирхалтай.

 

Дээрх мөнгийг шалтгаан нь зүүн нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Хэнтийн аймгийн Чандаганы талын замыг барихдаа хайрга, болон бетон нийлүүлсэн компанид өртэй байсан аж. Мөн тэд Японы нэр бүхий нэгэн компанид өртэй гэдэг нь шүүхээр тогтоогдож, дээрх хоёр газарт төлбөр төлөх шийдвэр гарчээ.

 

Угтаа бол Хууль зүйн сайдын багцаас гарсан дээрх 45 тэрбум төгрөгийг “Монроуд” ХХК-ийн охин компани руу бус, хоёр төлбөр авагчид өгөх ёстой байсан гэсэн үг. Гэтэл улс тус компаниас авлагатай хэр нь энэхүү 45 тэрбум төгрөгийг түүний өмнөөс төлж, охин компанийнх нь данс руу яагаад шилжүүлэх болов оо. Бүр тодруулж хэлэхэд Монголын төр “Монроуд” ХХК-иас авлагатай хэр нь түүнтэй холбоотой ер төлбөрийг ийн төлсөн нь хачирхалтай.

 

Ямартай ч энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж анхааралдаа авч 45 тэрбум төгрөг өгөх шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий албан тушаалтантай уулзаж асуудлыг тодруулж байгаа аж. Хэдийгээр Ц.Нямдорж дарга энэ асуудлыг мэдэж байгаа ч шалгаж нягталсны эцэст эзэн холбогдогчдыг нь гаргаж тавихаар зэхэж буй гэнэ.

 

Тэгэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан Б.Гарамгайбаатарын 45 тэрбум төгрөгийг төлөх шийдвэрийг юуны учир гаргав. Үүний ард ямар ашиг сонирхол явагдаж байна вэ гэсэн маа олон асуулт эндээс урган гарч ирж байгаа юм. Бид энэ тухай дараагийн дугаартаа тодорхой баримтад түшиглэн дахин мэдээлэх болно.

 

Р. Саруул