Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгыг явуулахаар зэхэж буй. Уг асуултай холбоотойгоор УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тодруулбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гэсэн заалттай. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног болгон өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болж байгаа юм. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарсан учраас ийнхүү хамтатган явуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Эрдэнэт зэрэг хотын асуудлыг Үндсэн хууль өөрчлөлт оруулж шийдэхгүй бол болохгүй байна. Аймгийг төвийг хот болгосон. Энэ бүгдийг шийдэхгүйгээр бид цаашаа явахад хэцүү болоод байна. Хотын асуудлыг би 8 жил судаллаа. Амьдралд нийцэхгүй байгаа асуудлыг засч өөрчилье. Улаанбаатар нийслэлийн эрхзүйн байдлын хуультай, хөгжөөд, бүгдээрээ хотдоо шингээд байдаг. Эрдэнэт гэхэд аймгийн статустай.

 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Зарчмын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж хүлээн зөвшөөрч байгаа. Харин хугацааны хувьд 21 хоног хангалттай гэж Ж.Мөнхбат даргын хэлж байгаатай санал нийлэхгүй байна.  Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих болохгүй байна хэмээн З.Нарантуяа гишүүн хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй. Үүнд шинжлэх ухаанчаар хандах ёстой гэж эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан. Хүмүүсийн санаа оноо их байна. Өнөөдөр бид хуультай, номтой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль байгаа. Бид ард нийт, эрдэмтэн  судлаачдын саналыг үндэслэн гаргаж тавьсан. Бид цаашид ч хэлэлцүүлгийг өргөн олноороо хэлэлцүүлэх болно. Өнөөдрийн тухайд сонгуультай хамтатган ард нийтийн санал явуулах гарцыг нээж өгч байгаа юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Санал асуулга дотор хэдхэн зүйл байгаа. УИХ, Засгийн газрыг яаж хариуцлагатай байлгах вэ. Хэн ямар шийдвэр гаргасны төлөө хариуцлагыг хэрхэн хүлээх вэ гэдгийг тодорхой болгох юм. Гэтэл өнөөдөр яриад байгааг нь харахаар хариуцлагагүй байхдаа дуртай байдаг юм байна. Ус булингартуулаад явж байх дуртай байдаг юм байна гэж харж байна. Энэ тал руугаа л орж байна даа. Бид яриад байдгаас нь нэг алхам урагш нь хөдөлгөсөн. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 хүнийг доромжилж болохгүй. УИХ өөрөө тогтоол гаргасан асуудлыг хэрэгжүүлсэн.

 

Б.Энхжин

www.24tsag.mn