Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм. Улирлын ажлын үр дүнгийн урамшуулах шинэ журам нь одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгосон гэж албаныхан үзэж байгаа.

Тодруулбал, “Нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт” гэх мэт шалгуураар үнэлж байна. Энэхүү үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг “цаас”-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрч байсан билээ.

Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруужээ. Сургууль, цэцэрлэгийн багш есөн төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ дөрвөн төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авах юм байна.

Нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг таван төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчиллээ. Ингэж дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлах аж.

Х.Даваа