Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын хурлууд Улаанбаатар, Москва хотноо дараалан болж тэдгээрийн шийдвэрийг халуухан дээр нь “совет” хуралдсан.

Хоёр улсын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөв­лөлийн энэ хурлын шийдвэр гол фокусаа “Монгол­росцветмет” нэгдэл дээр тааруулах нь гэсэн таа­маглалыг ажиглагчид дэв­шүүлж байсан билээ. Гэвч одоогоор тус компанийн Оросын талын орлогч захирал Евгений Васильевич Земский ажлаа хүлээлгэн өгч оронд нь Бор-Өндөрийн уурхайн ерөнхий инженерээр ажиллаж байсан Югов томилогдсон аж.

Е.В.Земскийн нутаг буцах болсон гол шалтгааныг томилолтын хугацаа нь дууссан гэх мэдээлэл буй ч тодорхой мэдээлэл олон нийтэд дэлгэгдээгүй байна. Харин Монголын талын захирал болон орлогч захирлыг сольж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч тийм шийдвэр гараагүй ажээ. Дашрамд дурьдахад Асгатын уурхайн чиглэлд автозам барьж дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр зоригтой алхам хийж эхэлсэнд хоёр тал өндөр ач холбогдол өгсөн гэнэ. Гэвч эх сурвалж Асгатын ордыг эзэмших тусгай зөвшөөрөл “Монголросцветмет”-ийн мэдлээс гарсан тул үүнд онцгой анхаарах хэрэггүй хэмээсэн юм. Гэсэн ч Москва хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Асгатын ордын үр ашиг, уг ордод нөлөөлөх хоёр улсын Засгийн газрын оролцоо, Асгатыг түшиглэн хамтарсан компани байгуулах асуудлыг хөндөн ярилцсан зэрэг нь анхаарал татсаар байна. Мөн “Монголросцветмет нэгдэл”-ийн барьж буй Төмрийн хүдэр боловсруулах шинэ үйлдвэрийн тухайд онцгой анхаарлын төвд байх бололтой.

“Совет”-ын хурлын үеэр Оросын талын төлөөлөл “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж “Стандарт” банкны барьцаанд тавьсан эсэх асуудлыг лавласан гэх мэдээлэл буй ч манай эрх мэдэлтнүүд ямар хариулт өгсөн нь тодорхойгүй байна. Харин “УБТЗ”-ын тухайд саяхан тус байгууллагын Ерөнхий хороо хуралдсан тул хуримтлагдсан хурц асуудал байхгүй. Хариулт нэхсэн асуудлууд шийдэгдсэн гэж үзсэн бололтой.

Энэ удаагийн “совет”-ын хурлын хамгийн анхаарал татсан асуудал нь хөрөнгө оруулалтын болон өр зээлийн асуудал байсныг хуралдаанд оролцогчид онцолж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд л гэхэд өмнөх жилийнхээс зургаан сая ам.доллараас нэмэгдүүлж 43 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ. Мөн “Монголросцветмет нэгдэл” болон “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд 5.5 тэрбум төгрөгийн өртэй гэсэн асуудлыг ярьсан бөгөөд Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд оршин байгаа нутаг дэвсэр, сум, орны хөгжил, бүтээн байгуулалтын ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх ёстой гэх асуудлыг хөндөн ярилцсан байна. Түүнчлэн “совет”-ын хурал бүрээр шахам ярьдаг хамтарсан үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг хэлэлцэн тохирч чаджээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн бямба гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг “сайшаасан” байна билээ. Тэгэхээр бүтээн байгуулалтын талаасаа ч, маргаантай асуудлуудыг шийдвэрлэсэн гэдэг утгаараа ч ийм үнэлгээ авсан байж таарна. Ямартай ч “гал дуудсан” хурал болж магадгүй хэмээгдэж байсан “Монголросцветмет нэгдэл”-ийн хувьд лав томилолтын хугацаа нь дууссан ганц даргаа сольсноор нам жим өнгөрсөн бололтой. Гэвч “нам жим” өнгөрөх бүрийн цаана “бугласан” олон асуудал тус нэгдэлд бий. Ирэх онд 40 жилийн ойтойгоо золгож буй хамтарсан “том” компанийн хувьд ийм асуудал байж болох ч халагдсан ажилчдын гомдол, орос ажилчдаас бага цалин авсан гэх монгол ажилчдын гомдол, “экс” болон “эдүгээгийн” нягтлан бодогч нартай холбоотой олон гомдол огт шийдэгдсэнгүй хэвээр өнгөрлөө.

 

У.Оргилмаа