-АМЬДРАЛД ҮҮНЭЭС ӨӨР САЙХАН ШУНАЛ ГЭЖ ҮГҮЙ БИЗ ЭЭ-

“Ерөнхийлөгч хүн байсан юм байна”... Уучлаарай, ингэж бичсэнд. “Улстөрч бол хүн биш. Улстөрч бол улстөрч” гэсэн буруу сэтгэхүйд дасан зохицох болоод бид бүгдээрээ удаж.

Үүнийг хөхүүлэн дэмжигч нь улстөрчид. Өөрсдийгөө хүн гэхээс илүүтэй нийгмийн нэг үзэгдэл болгож харуулахыг чухалчилдаг та бүхний захиалгатай жүжиг биднийг ийн гайхшрахад хүргэсэн байна. Тийм ч учраас саяхан “Ерөнхийлөгч бол эрх мэдлийн шуналтай хүн. Мөнгөний шуналгүй” гэх яриа чихний хажуугаар өнгөрөхөд “Ер нь л шуналгүйдээ Ерөнхийлөгч болоогүй байлгүй дээ” гэсэн нууцхан бодол төрж байлаа.

 

Энэхүү бодолд хөтлөгдсөн аяллын дурсамж бүдгэрээгүй байхтай зэрэгцээд Ерөнхийлөгч таны “Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно” гэх илтгэлийг уншив. Өдөр бүр хүчирхийлэл, дарангуйллын тухай мэдээ уншиж, түүнийгээ редакторлож тэр хэрээр эмзэглэх, бухимдах, уурлах, гуниглах гэх мэтээр зүрхээ өвтгөдөг жирийн сэтгүүлчийн хувьд талархах сэтгэл төрснийг нуух юун. Учир нь “Том төрөөс ухаалах төр рүү” гэдгийг ухаж бодох гэж, учирлаж ойлгох гэж толгойгоо “өвтгөсөн” шиг бэрхшээл тэнд байсангүй. Мэдээж өөрөөс тань ч илүү ухаалаг болж ойлгогдохыг хүсэгчид, бас өөрийн тань ухаантай албат байхыг чухалчлагсад олон. Тэдний хувьд “Энэ бол гайхамшиг шүү” гэх цэцэрхлийг олонд дэлгэж, “Ерөнхийлөгч бараг л хувьсгал хийчихлээ дээ” гэсэн хий хоосон магтаалыг баруун солгойгүй цацаж байгаа дуулдсан. Инээд хүрмээр ч юм шиг. Хэлний мэдлэг, тархины багтаамжаараа ухаантай утасныхаа ард хоцорсон олонхийнх нь хувьд жүжиглэлт нь хэрээс хэтэрч байгааг матахад буруу юун. Цаашлаад өөр зуураа хөөрцөглөх хөөрхөн дүрийг нь харах нь ээ том хөөрөг барьсныгаа ухаантай болгож, ухаантай харагдах гэж том дээл өмсөөд байж мэдэхээр санагддаг. Гол нь ингэж бусдаасаа илүү том, бусдаасаа ч илүү ухаантай болохыг хичээгсдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг чухалчилж үзэх нь хэд вэ. “Бид хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгэм байгуулж чадахгүй” гэсэн үгэнд тань эзэн болж, хүнээрээ үлдэхийг хичээгчид нь хэнсэн бол. 
Учир нь улстөрчид төр ярихаар нүд нь сэргээд хүн ярихаар хулгаад байдаг болчихсон байна. “Төрийг шинэчилнэ” гэж жагсч, уурлаж, хашгирч байсныг нь сонсч байснаас “Хүнээ хайрлая” хэмээн агсран муудалцсныг нь дуулсангүй. УИХ-ын танхимд намаараа талцаж, хэрэлдэхийг нь харснаас “Монгол хүний эрүүл мэнд, эрүүл сэтгэхүй” хэмээн орилж, хашгирсныг нь бас л сонссонгүй. Иймийн учир Ерөнхийлөгч таны гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөдөлсөн дайралт амжилтад хүрнэ гэхэд эргэлзэм. Гэсэн ч итгэхийг хүсэв. Тийм ч учраас “Ерөнхийлөгч чинь хүн байсан юм байна” хэмээн дотночлов. Учир нь гурвын гурван хүүхэдтэй эх хүн эр нөхрийнхөө зодуурт амь насаа өнгөрсөн долоо хоногт алдсан байна. Цэцэг цэврүү шиг айлын охин найз залуугийнхаа хэрцгийлэл дор хоёр өдрийн турш зодуулсаар хорвоогоос явж. Аавын хайр, ээжийн элбэрэлд жаргаж, наргиж амьдрах учиртай бяцхан жаалууд тэднийхээ хэрцгийлэл дор зовж шаналж байна. Зовлонд ээрүүлсэн мэт амьдрагч тэдний хувьд хоолтой хонох эсэхээс илүү зодуургүй өдрийг мөрөөддөг болж. “Өнөөдөр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж нөхрөө хөнөөсөн байна. Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм” гэсэн илтгэлийн тань хэсэг үнэнээс хол байж мэдэх юм. Цоожтой хаалга бүр рүү өнгийх боломжгүйн дээр хүчирхийлэгч нүүрэн дээрээ “Би хүчирхийлэгч” гэж бичдэггүй болохоор энэ тоо 230 мянгад хүрвэл гайхах хэрэггүй биз. 
Наад зах нь “Зодлоо. Нийллээ. Зодууллаа. Нийллээ” гэх ийм хэмнэлтэй амьдралаар амьдрагсад үүнийгээ жирийн л хувь тавилан мэтээр ярих нь олон болсон байна. Эс бол “Өө, манай ээж хүн зовлонг дааж амьдрах хэрэгтэй гэсэн” гэж байна. Тэдний эсрэг талд “Манай аав залуудаа нэлээн агсам хүн байсан гэнэ лээ. Би бас тийм юм шиг байна” гэж учирлах эрчүүд ч бий. Миний амьдралд хүчирхийлэл байхгүй ч гэсэн хүчирхийлэлд дасан зохицсон олны ярианаас холуур тойрох, тойрохгүй үе бас байна. Өмнөөс нь уурлаж “Шууд цагдаад өгөөч. Ингэж байхаар салаач” гэхээр “Одоо аяа гэхэв дээ. Миний л амьдрал юм байлгүй дээ. Үр хүүхдээ л бодох юм” гэнэ. Энэ бол хүчирхийлэлд хандах манайхны хандлага. Хандлага хандлагадаа түгээмэл хандлага. Тиймээс ч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохгүй явсаар өдий хүрсэн биз. 
Өөрийн тань илтгэлд “Гэр бүлийн хүчирхийлэлд ял өгдөг болъё... Ер нь сумандаа, аймагтаа, манай хүмүүс тэдний хотонд, сумын даргаас асуухад тэдний хотонд мал үхжээ гэсэн судалгаа байдаг. Гэтэл тэдний гэрт хүний эрх зөрчиж байна. Зодож байна гэсэн судалгаа байдаггүй. Тийм учраас энэ судалгааг гаргах хэрэгтэй. Суманд гаргаж ядаад байх юм байхгүй. Манай гудамжинд 200 айл байгаа. 200 айлын 10 дотор асуудал гардаг. Тэр нь архи уудаг. Танхай ийм этгээд байна. Юмыг бага дээр нь зургийг нь гаргаад дөнгөж эхэлж байхад нь таслан зогсоохын төлөө явах юм бол энэхүү ажиллагаа үр дүнтэй болно” гэжээ. Ерөнхийлөгч өө, таны санаачилсан тэр хүчирхийллийн статистикийг ирэх жилээс эхлэн тоолцгооё. Мал тооллого шиг жилдээ нэг удаа тоолж, албан ёсны дүнг нь улсын хэмжээнд нэгтгэж, тэр дагуудаа хүчирхийл­лийг балбах арга ухааныг боловсруулц­гаая. “Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийг зарим хүмүүс ярьдаг. Ул­сын аав, эцэг гэж ярьж байна. Үнэ¬хээр аав, эцэг бүхэн үүнд анхаарах шаард­ла¬га¬тай байна хэмээжээ, та”. Тэгвэл “Аав аа, амьдралдаа буу”. Улс¬төрчийн хувиар бус хүний хувиар, аавын ёсоор аз жаргалын эрэлд морд. Эрх мэдлийн, эд хөрөнгийн шуналтай байх тань хамаагүй. Гагцхүү ард олныг инээлгэх аз жаргалын шуналтай бол танд амжилт хүсье. Амьдралд үүнээс өөр сайхан шунал гэж үгүй биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ