УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан болон ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ.

Бүтэн өдөржин шахам энэ асуудлаар хуралдаж, гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахаар болсон бөгөөд санал хураалтад нийт 65  гишүүн оролцсон юм. Сангийн сайд Ч.Улааныг 23 гишүүн буюу 35,4 хувь нь огцруулах шаардлагатай гэсэн бол ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхэд гишүүдийн 66,2 буюу 43 гишүүн саналаа өгч 22 гишүүн дэмжиж 85,5 хувь нь огцруулахгүй гэсэн санал өгсөн юм. Ийнхүү хоёр сайдыг гишүүдийн олонхи нь огцруулах боломжгүй гэж үзсэн учраас сайд нар танхимдаа үлдэхээр болж, чуулган өндөрлөв. Харин Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг үндэслэл бүхий зүйлстэй нь гарган тавьж, хөндсөн хэдий ч хариуцлагагүй байдлыг өөгшүүлсээр авч үлдлээ хэмээн халаглаж суугаа хүмүүс тун олон байгааг нуух юун. Нөгөөтэйгүүр, АН-ынхан дэндүү энэрэнгүй загнаж, толгойг нь илээд өнгөрлөө гэж хэлж болно. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй гэдэг боловч хариуцлага тооцуулж болохгүй гэдэг хуулийг энэ Засгийн газар нүүрээ шарлуулж байгаад үйлдэж суугаа нь хамгийн эмгэнэлтэй дүр төрх төдийгүй энэ нь хэн нэгнийг хохироож үлдээх нь тодорхой асуудал. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хоёр сайдыг огцруулах болсон тогтоолын төслийг танилцуулахдаа “Улс орны эдийн засаг унаж байгааг сануулсан ч эрх баригчид тоогоогүй. Валютын нөөц 30 гаруй хувиар буурлаа. Өрийн хэмжээ 8,4 их наяд төгрөгт хүрлээ. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа.. Хамгийн их унасан мөнгөн дэвсгэрт Монгол Улсынх боллоо. Эрх баригчид өөрсдийнх нь  амьдрал сайхан байгаа талаар эндүүрэх боллоо. Сангийн сайд Ч.Улааны хувьд улс оронд үүссэн нөхцөл байдал, огцом сулралтад бодитой дүгнэж чадалгүй чиг үүргээ зөрчсөн. 2013 онд хэрэгжих ёстой байсан төсөл арга хэмжээ тэг дүнтэйгээр туслаа. Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг царцаасан. Төсвийн орлогын санхүүжилт 30 хувьтай байсан. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Үүнийг УИХ хамгаалаад үлдвэл юу болох нь тодорхой. Алдаа дутагдлыг шийдвэрлэе гэсэн үүднээс хариуцлага ярьж байна. Дээрх сайдууд улс төрийн соёлыг бодож хариуцлага хүлээх ёстой. Хууль биелүүлдэггүй сайд нартай хариуцлага ярьсаар л байх болно. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг 5 хууль 17 зүйл заалтыг зөрчсөн. Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн. 1,5 тэрбум ам.долларыг яаравчлан зээлж, тал нь зарцуулагдаагүй хүү нь төлөгдөөд хэвтэж байна. 2013 оны эдийн засгийн нөхцөл байдалд унахад хүрлээ. ҮАБЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй. “Чингис” бондыг төсвийн ерөнхий хэлцэлд тусгахгүй байна. Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг тус, тус зөрчлөө. Бондоос санхүүжих ажил хэрэгжихгүй байна. Өнөөг хүртэл улсын хөрөнгө оруулалтыг төслийг батлуулаагүй байна” хэмээн мэдэгдээд байсан ч амжилтыг эс олов. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан дүгнэлт нь огцруулах боломжгүй боллоо гэж үзээд орхилоо. Яагаад боломжгүй гэж үзсэнээ хэлмээр байна. Байнгын хороо дүгнэлтээ гаргахдаа УИХ-ын гишүүд юу гэж үзсэн бэ гэдгээ танилцуулах ёстой. Угаасаа хоёр сайдын хууль зөрчсөн үйлдлийг баримтаар нотлоод гаргаж ирж байхад байнгын хороо дүгнэлт хийдэггүй юм уу хэмээсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-д сууж байгаа 76 гишүүн амьдралаас хэтэрхий их тасарчихсан юм байна. Өдөр тутам худалдаа наймаа хийдэг хүмүүстэй очиж уулзлаа. Шинэ жил, баяр ёслолын үеэр ашиг орлого ахиухан олдог байсан. Тэгэж чадахгүй байна. Худалдан авалт муудсан. “Н.Алтанхуяг гэдэг хүн яагаад амьдрал сайхан байна гэж хэлээд байгаа юм бэ” гэдгийг асуугаад өгөөч гэсэн. Яагаад үүнийг худлаа гэж хэлээд байгаа юм бэ. Ч.Улаан сайд өмнө нь эдийн засаг муу байсан гээд байна. Та олон жил Сангийн сайд хийсэн. Энэ бүгд тантай холбоотой. 40 дээш насны ажилгүй орлогогүй байгаа иргэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээд сууж байна. Байнгын хороон дээрээ наад дарга сайд нараа юу гэж үнэлсэн юм бэ гэв. Мөн УИХ-ын Д.Сарангэрэл “Эрх баригч, том намын зангараг гаргаж, хоёр сайдын хариуцлагын асуудлыг харах зүйл байна” гэж хандах болов уу гэтэл улиг болсон байдлаар хандсанд харамсаж сууна. Утааны автор нь АН гэдгийг сөхөж хараарай” хэмээн хатуухан үг чулуудна билээ. Гэтэл ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр “Эдийн засагт хямрал гүнзгийрэх хандлагатай болчихсон байсан бөгөөд экспортын орлого багассан байсан. Цаашдаа яах вэ гэдгээ бодож, та бүгдийн үүрэг өгсөн үүрэг даалгаврыг бид биелүүлсэн. Эдийн засаг хасах руу орсон. Олон улсын валютын сангийн тооцоолсноос Монгол Улсын эдийн засаг өндөр гарна гэж тооцоолсон. 2230 айл орон сууцанд орлоо. Энэ жил бид асар их зам барьсан. Нийт замынхаа 60 хувийг бид энэ жил барилаа. Олон хүмүүс орон сууцны найман хувийн зээл авсан. Энэ бол Чингис хааны өглөг. Валютын ханш буурсан. Төмөр зам дээр асар их ач холбогдол өгч байна” хэмээн хээв нэг яриад сууж байх. 

Харин Ч.Улаан “Хэрэглээг хөөрөгдсөн, нийгмийн халамжид бүхнээ зориулсан эдийн засгийг хүлээж авсан. Хэрэглээг урамшуулсан. импортыг хөөрөгдсөн, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал сул байсан. Өгөөжгүй эдийн засгийн өсөлт байсан. Цаашдаа экспортыг нэмэгдүүлэх тал дээр оролдлого хийнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулахад “Чингис” бонд үүрэг гүйцэтгэсэн” гэв. Гэтэл манай улс “Чингис” бонд буюу 1,5 тэрбум ам.долларын бондыг гадаадын зах зээл дээрээс босгоод даруй нэг жилийн нүүр үзээд байна. Сангийн сайд Ч.Улаан "Чингис” бондын хүүгийн төлбөрийг Монголбанк хийсэн. Жилдээ хүүнд нь нийт 106 тэрбум төгрөг, өдөрт 260 сая төгрөг төлж байгаа гэдгийг ч хэлсэн. “Чингис” бондын хүүнд төлж байгаа мөнгө бол татвар төлөгчдийн л мөнгө юм шүү дээ. Тэр ч бүү хэл Фортуна Н.Батбаяр Архангай аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилд алдарт АББА хамтлагийг 200 сая төгрөгөөр авчирч дуулуулсан сурагтай байна билээ. АН-ын хувьд хэдий болтол энэ мэтээр төсвийн мөнгөөр тансаглаж, бондын хүүнд өч төчнөөн тэрбумыг хий зарцуулчихаад хээв нэг сууж байгаа нөхдийнхөө толгойг илж, хамгаалан үлдсээр байх юм бол. 



Б.МЯГМАР