Хэлний ядуурал сэтгэлгээний ядуурлын илрэл мөн - 2
2013/12/26
“ТАНИХУЙ”
Танихуйн үйл ажиллагаа хүний насан турш болох үйл явц. Хүн өөрийн амьдарч буй орчин, бодит ертөнцийн юм, үзэгдэл, ухагдахууныг танин мэдэж танихуйн туршлагатай болно. Хэл танихуйн үйл ажиллагааны үр дүнг хураангуйлсан код, тэмдгийн тогтолцоо юм гэж үзвэл бидэнд өнөөдөр байгаа монгол хэлний тэмдгийн тогтолцоо ямар шинжтэй байна вэ?
Энд Нэгдүгээрт, хэл бодит ертөнцийн тусгал болсон тэмдгийн тогтолцоо болохын хувьд ямар бодит орчны тусгал болж байна, Хоёрдугаарт, нэгэнт хэлний тогтолцоо болсны дараа энэхүү тогтолцооны тэмдгүүд өөр хоорондоо холбогдох дүрмийн тогтолцоо ямар болоод байна? гэсэн хоёр үндсэн асуудал байгаа бөгөөд энэ хоёр асуудал хоёул сэтгэн бодох үйл ажиллагаа, хүн өөрөө өөртөө бий болгосон тархины үүргийн бүтцээс шууд хамааралтай (хүний тархины бүтэц танихуйн үйл ажиллагаатай холбоотойгоор байнга өөрчлөгддөг ба энэхүү үзэгдлийг морфогенезийн үзэгдэл гэдэг) ба түүний танин мэдэх ба сэтгэн бодох үйл ажиллагаатай салшгүй холбоотой билээ.
Оршин буй бодит нөхцөл байдлаас үүдэн тогтолцоо өөрийн шинжийг өөрчилдөг тухай янз бүрийн шинжлэх ухааны төлөөлөгчид тэмдэглэх болсон билээ. Нөхцөл байдлаас үүдэн өөрчлөгдөх тогтолцоо нь өөрийн хэрэглэгдэх нөхцөл байдалд зохицон өөрийнхөө бүрдүүлбэрийг өөрчлөөд зогсохгүй, бүтцээ ч өөрчлөх замаар өөрөө өөрийгөө өөрчилдөг тогтолцоо болох ба энэ нь өөрөө өөрийгөө өөрчилдөг тархитай зарчмын хувьд ижил юм. Бүтэц нь уг тогтолцооны гишүүн, нэгжүүдийн хоорондын бүх харьцаа болно. Ингэж өөрчлөгдөх шалтгаан, үндэслэл нь нэг талаас уг тогтолцооны нэгжүүд болон тэдгээрийн зохион байгуулалт, харьцаа, нөгөө талаас уг тогтолцоо хэрэглээний явцад өөрөө гүйцэтгэх ёстой байсан зорилгоосоо хазайсан байдал болдог.
Хэлний тогтолцоо ч бусад тогтолцооны нэгэн адил өөрийгөө өөрчилж ирсэн нь хэлний хөдлөнги шинжийг харуулсан үйл явц бөгөөд бид дэлхийн олон хэлний өнөөгийн тогтолцоог түүний оршин тогтнож ирсэн янз бүрийн үеийн тогтолцоотой харьцуулан энд өгүүлж буй санааг нотлох баримт амархан олж харах боломжтой.
Хэлний нэгж хэрэглээний хувилбар бүрээрээ өөрийгөө аль нэг талаасаа нээн харуулж байдаг. Уг хэлээр хэлэлцэгч хэлний хамт олны гишүүн бүр аль нэг нэгжийг нэг цаг мөчид янз бүрийн хувилбараар хэрэглэх боломжтой ба нэгжүүдийн хэрэглээний олон хувилбар олон удаагийн өөрчлөгдөх үйлдлээс хамаарч хэлний хэрэглээний хэм хэмжээг ч цаашид өөрчилнө. Мөн хэлзүйн тодорхой ай өөрчлөгдөх боломжтой, ийм хандлага ч байгаа тухай хэл шинжээчид тэмдэглэж байна. Энэ өгүүлэлд дэвшүүлэн тавьж буй монгол хэлний хэрэглээний алдаа, баримт үүний нотолгоо болж чадна. Түүнээс гадна давтагдах, нийтийг хамарсан шинжтэй болсон алдаа монгол хэлний тогтолцоонд өөрчлөлт дагуулж хэм хэмжээг өөрчлөх аюултай.
Хэл өөрчлөгдөх, шинэ орчинд дасан зохицох үйл явцад хэлний бус хүчин зүйл буюу өргөн утгаар “орчин” чухал үүрэгтэй. Хэлний дасан зохицох тогтолцооны орчин нь цаг үе, нийгмийн харилцаа, хувь хүмүүсийн хоорондын харилцаа, уг харилцааны хэм хэмжээ, уг харилцаанд хүний оролцох үүрэг, хүний сэтгэлзүй, нийгмийн түүх, танихуйн үйл ажиллагааны үр дүн, соёл, газар орчин гэх мэт хэлний бус хүчин зүйлүүд болно.
Энэ орчин байнга өөрчлөгддөг ба манай улсын нийгмийн амьдралын гадаад, дотоод орчин 90 –ээд оноос хойш мэдэгдэм өөрчлөгдөж энэхүү өөрчлөлтийн үр дагавар хэлний хамт олны ухамсар, хэлэнд өөрчлөлт дагуулж байна.Хэл шинжээч бидний сэтгэл түгшээх болсон алдаа монгол хэлний хэрэглээнд хавтгайрах болсон дараах үндсэн шалтгаанууд байна гэж үзэж байна.
Хотжих үзэгдэл: уламжлалт монгол ахуйгаас холдсоноор (танихуй) монгол сэтгэлгээ үгүй болж монгол хэлний мэдлэг хомсдов. Гурав орчим сая хүний 40 орчим хувь нь нийслэл хотдоо оршин суудаг болсноор монгол хэлний үгийн санд зонхилдог монгол уламжлалт ахуйтай холбоотой үг хэллэгийг залуу үе маань мэдэхээ байж байна. Тэдний амьдарч буй бодит орчин уламжлалт монгол ахуйгаас хол, ялгаатай. Эндээс танихуйн алдаа үүдэлтэй.
Монгол хүний өөрийн үнэлэмж буурсан: гадны бүхний өмнө бөхөлзөж өөрийгөө голох, монгол ахуйгаасаа ичих үзэгдэл бий болсон байна. Энэ байдал монгол хүн болж төлөвшөөгүй, монгол ахуйгаа таниагүй, мэдрээгүй, харин гадны соёлыг гадна хэлбэр талаас таниж мэдсэнтэй холбоотой.
Үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдсөн: Сайн муу, сайхан муухайгийн ойлголт өөрчлөгдөж, монгол ахуйд хэвшсэн харилцааны хэм хэмжээ эвдэрч байгаа нь хэлний харилцааны үүргээр дамжин илэрч байна. Өнөөгийн залуу үеийн эрхэмлэх болсон зүйл нь өмнөх үеэс илт ялгаатай болжээ.
Дэлхийн олон оронтой нээлттэй харьцах болсон: олон гадаад хэлний, тэр дундаа англи хэлний нөлөө, үүрэг нэмэгдэн төрөлх хэлний үнэ цэнэ буурч мэдлэг хомсдов. Гадаад хэлээр дамжин гадаад улс орны соёлын нөлөө нэмэгдсэн. Хэл, сэтгэлгээ хоёр холбоотой болох тухай бид нэгэнт тэмдэглэсэн бөгөөд хүүхдэд бага наснаас нь гадаад хэл заах болсон нь 1. сэтгэхүйд өөрчлөлт оруулж 2. үндэсний сэтгэлгээг ядууруулж үр дүнд нь монгол төрхтэй холимог сэтгэлгээтэй хүн олширч байна. Төр засгаас авч явуулж буй хэлний бодлого төрөлх болон гадаад хэлний үүрэг, хэрэглээг тодорхойлдог. Гэтэл зарим талаар өнөөдөр төрөлх хэлнээс илүү гадаад хэл дэмждэг бодлого яваад байх шиг.
Танихуйн үйл ажиллагаанаас гадна хүн амьдрах орчиндоо дасан зохицох чадвартайг эртнээс хүн төрөлхтөн ажиглаж мэдсэн. Гэтэл энэ дасан зохицох үйлийн нэгээхэн тал нь хэл орчиндоо дасан зохицох явдал юм гэдгийг тэр бүр тэмдэглэж байсангүй. Энд өгүүлсэн зүйлд бид амьдрах орчин өөрчлөгдөж, хэл энэ орчинд дасан зохицож байна гэсэн тайлбар хийж болох юм.
Өнөөдөр танихуйн ерөнхий мэдлэг их дутмаг, мэдлэгийн өлсгөлөнд орсон боловч түүнээ мэдэхгүй байна. Зөв, хэрэгтэй мэдлэгийн орон зайг хэрэггүй шар мэдээ, мэдээлэл эзлэх болсон ба үүнийгээ мэдлэг гэж андуурах явдал их болжээ (ном уншиж тархиа цэнэглэн мэдлэг хураахын оронд эд хөрөнгө, хувцас, гоёл, үдэшлэг уулзалт г.м, үнэ цэнэ бага, өнгө, хэлбэр гоё, тансаг зүйлээр хөөцөлдөх нь их болж). Ер нь хувь хүний тархины хөгжил уг хүнээс өөрөөс нь шууд хамааралтай ба ухаантай болох ч амархан (монгол хүний тархи бусад үндэстний тархинаас том байгаа нь биологийн маш сайн үзүүлэлт бөгөөд зөв мэдлэг хураавал тархины мэдрэлийн эсийн холбоо нэмэгдэж ухаантай болно), тэнэг болох ч амархан (ном уншиж мэдлэг хураах хэрэггүй, зүгээр л байж байх) гэдгийг санах хэрэгтэй юм.
Н.НАНСАЛМАА /МУИС-ГХСС-ийн Слав судлалын тэнхимийн эрхлэгч, ХШ-ийн ухааны доктор (Ph.D), профессор/
Зочин · 2013/12/27
нансалмаа баг******, таны бичсэн ерөнхйи хэл шинжлэл номыг худалдан авахаар төлөвлөж байсан, харин таны энэ бичвэр надад өөр сэтгэгдэл төрүүллээ. та нягталж сайн үзээгүйгээр үүнийгээ нийтэд хүргэж байгаа бололтой. тэмдгийн тогтолцоо, дүрмийн тогтолцоо, хэлний гадаад орчинг маш товч дурдсан нь бүрхэг байна, ******хан орчуулга хийж дээ гэсэн хар төрөөд байна. гэхдээ дараа илүү чанартай зүйл бичихийг хүсье. мэргэжлийн болон нийтэд зориулсан эсэхийг....,,,