Олон улсын судлаачид Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн чулуужсан ясны судалгааны үр дүнгээ өнгөрсөн лхагва гаригт “Nature” сэтгүүлд хэвлүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар уг үлэг гүрвэл нь хун шиг урт хүзүүтэй, ”алуурчин сарвуу”-тай, сүүлтэйг эс тооцвол яг л томруулсан нугас шиг атлаа матар шиг шүдтэй, 45 см өндөртэй аж.

Гэхдээ нөгөө талаас оцон шувуутай мөн төстэй гэнэ. Учир нь тус үлэг гүрвэл хуурай газар алхахаас гадна усанд сэлэх чадвартай бөгөөд одоогоос 75 сая жи-лийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж судлаачид үзэж байгаа юм байна. Чехийн Палаки их сургуулийн палеонтологич Деннис Воетен тус үлэг гүрвэлийг бидний мэддэг амьтдын бүхий л шин-жийг өөртөө шингээж нэгтгэсэн өвөрмөц амьтан гэж тодорхойлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хэзээ, хэн Монголын хилээр гаргаж хэнд худалдсан нь тодорхойгүй бөгөөд ямартай ч 2015 он хүртэл цөөнгүй цуглуулагчийн гар дамжсан байна.

Харин  хамгийн сүүлд уг  үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эзэмшиж байсан цуглуулагч Франсуа Эскуилье  2015 онд судлаачдад  өгчээ. Үлэг гүрвэлийг   1965-1970 онд Польш, Монголын экспедицэд багтан Монголын говиор судалгаа, малтлага хийж байсан Польшийн палеонтологич Хогзка Осмолкскийн (Halszka Osmolska) болон  чулуужсан ясыг мэргэжлийн судлаачдад өгсөн цуглуулагч Эскуилье нарын нэрээр “Halszkaraptor Еscuilliei” гэж нэрлэжээ.  Үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг Монголын өмнөд хэсгийн “Ухаа толгод” гэдэг газраас олсон байж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа аж. Ямартай ч палеонтологичид судалгааны ажил бараг дууссан, “Halszkaraptor escuilliei”-ийг эх оронд нь буцаахаар бэлдэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Бельгийн  Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Паскаль Годфрит “Хууль бусаар хил давуулан худалдах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн палеонтологийн салбарт тулгамдаж буй томоохон сорилт болоод байгаа” гэдгийг онцолжээ. Францын Гренобль хотод төвтэй Европын синхротрон цацрагийг судлах төвийн палеонтологич Винсент Фернандес өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ “Энэ үлэг гүрвэлийн  төрөл зүйл судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Бидний мэдэх үлэг гүрвэлийн  бусад төрөл зүйлээс тэс өөр. Газраар явахдаа хумсаа, харин хошуугаа усанд сэлж, загас барьж идэхдээ ашигладаг байсан байгаа юм. Хамгийн гол нь зөвхөн “Spinosaurus aegyptiacus” төрлийн үлэг гүрвэл нь усанд сэлж чаддаг байсан бол “Halszkaraptor escuilliei” энэ төрлийн үлэг гүрвэлээс огт өөр байгаа нь судлаачдын анхаарлыг багагүй татаж байна” хэмээжээ.  Италийн “Giovanni Capellini” геологи, палеонтологийн музейн судлаачид “Өнгөрсөн хугацаанд судалж, илрүүлсэн үлэг гүрвэлийн төрлүүдийн алинд нь ч хамаарахгүй байгаа нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна.  Түүний биеийн өвөрмөц хэлбэр нь үлэг гүрвэлийн төрлүүдээс огт өөр байгаа нь дэлхий дээр олон мянган төрлийн үлэг гүрвэл байсан гэдгийг нотолж байна. Түүнчлэн палеонтологичдын хувьд томоохон сорилт боллоо” гэжээ.  “Halszkaraptor escuilliei”-ийг судлахдаа судлаачид орчин үеийн хамгийн хүчирхэг технологи болох өндөр нарийвчлал бүхий  рентген микромомографыг ашигласан байна. Үлэг гүрвэлийн чулуужсан яс ямар ч эвдрэл гэмтэлгүй маш сайн хадгалагдсан нь судалгаа хийхэд амар байжээ.

“HALSZKARAPTOR ESCUILLIEI” ЯМАР ЗАМ ТУУЛЖ ОЛОН СУДЛААЧДЫН ГАРТ ХҮРЭВ

“Nationalgeographic” сэтгүүлд “Тэмээн хяруулын чинээ үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бус наймаачид Монголоос  Хятадаар дамжуулан Европ руу гаргаснаас зайлшгүй.  Монголыг   үлэг гүрвэлийн эх орон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь дэлхийн хэмжээнд илрээд буй нийт үлэг гүрвэлийн төрөл зүйлийн таваас дээш хувь нь Монголоос олдсон байдаг.  Монгол Улс чулуужсан олдворыг хилээр гаргахыг  хориглосон байдаг. Гэхдээ энэ хууль төдийлөн сайн хэрэгждэггүй бололтой.  Хууль бусаар хил давуулж буй эд зүйлсийн дийлэнх хувийг палеонтологийн олдвор эзэлж байна. 1999 онд “National Geographic”  сэтгүүлд “Archaeoraptor”  нэртэй шувуу шиг үлэг гүрвэлийн олдворыг дэлгэн харуулсан бөгөөд тун удалгүй хуурамч байсан нь батлагдсан юм. “Halszkaraptor Еscuilliei”-ийг  хуурамчаар хийсэн байж магадгүй гэж судлаачид санаа зовж байсан. Тийм ч учраас олдворыг судлаачид шууд  Европын синхротрон цацрагийг судлах төв рүү илгээж судалсан. Судалгааны явцад уг шинэ төрлийн үлэг гүрвэлийн хошуу нь усны шувуудынхтай төстэй байсан бөгөөд  уян хатан хүзүүтэй зэрэг нь “Halszkaraptor Еscuilliei”-аас шувуу үүссэн байж болох юм эсвэл 245 сая жилийн өмнөх тэнгисийн хэвлээр явагч мөлхөгчдийн хойч үе байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.   Энэ олдвор нь бид дэлхийн дээр амьдарч байсан амьтдын ердөө нэг хувийг магадгүй 0.1 хувийг л нээж олж мэдсэн байж магадгүй юм гэх бодол төрүүлж байна”  гэж бичжээ. 

“DISCOVER MAGAZINE”: МОНГОЛ БОЛ ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОРЫГ ХУУЛЬ БУСААР НАЙМААЛАГЧДЫН ХУВЬД “ДИВААЖИН”

Монгол бол палеонтологийн олдвороор баян. Тийм ч учраас тус улын олон мянган олдвор хууль бус наймаачдын гарт орж, хар зах дээр худалдаалагдсаар байна. “Halszkaraptor escuilliei”-ийг эх орондоо буцаж очиход нь хамгийн их чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол цуглуулагч Франсуа Эскуилье юм. Монгол Улсад дэлхийн олон орны палеонтологийн экспедиц судалгаа хийж байсан. Гэвч тус улсаас шинэ олдворууд олдсоор л байна. Мезозойн эринд хамаарах үлэг гүрвэл шувуу шиг өндөглөдөг байсан гэдгийг  Монголоос олсон олдворын тусламжтай нээж байсан ч удаатай.

Ц.ЧИНЗОРИГ: ХЭЗЭЭ АВЧРАХ  НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Энэ талаар Шинжлэх ухааны академийн Палентологи, геологийн  хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Чинзоригоос тодруулахад “Энэхүү олдворын талаар бидэнд жил гаруйн өмнөөс мэдэгдсэн.  Уг олдвор хууль бусаар хил давсан гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Энэ талаарх таамаг ч дэвшүүлээд байсан. Цуглуулагчдын гар дамжиж явсаар судлаачид олж аваад манай улсаас олдсон байх магадлалтай гэж үзэн хамтарч ажиллахаар манайд анх санал ирүүлсэн юм. Эрдэм шинжилгээний ажилд бид эхнээс нь хамтарч ажилласан. Улмаар говиос олдсон  шинэ төрөл болох нь тогтоогдоод, удахгүй манай улс руу буцаан авч ирэхээр  болсон. Яг хэзээ авч ирэх талаар одоохондоо мэдэхгүй байна. Холбогдох хүмүүс нь ярилцаад энэ асуудлыг шийдэх байх” гэлээ.

Үндэсний шуудан сонин