“Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан одоо ч тасраагүй байгаа. Тэгвэл АТГ-ынхан  “Хөгжлийн банк”-ны 5.2 их наяд төгрөгийн зээл олгосон санхүүжилтийг шалгаж байгаа бөгөөд тус банкнаас зээл авсан компани болон эздийн нэрсийг олон нийтэд зарлав.

АН эрх барьж байх үед “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрх бүхий банк нь Хөгжлийн банк байв. Одоо ч энэ эрх нь хэвээрээ. Тухайн үед МАН-ынхан Хөгжлийн банкны удирдлагуудын тансаглал, үрэлгэн зардлыг баримттайгаар илчилж, тус банкны экс удирдлагууд тэдгээрийг нь үгүйсгэж байсан удаатай. Гэвч Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд 29 хүнийг 2.6 тэрбумаар урамшуулж, программ хангамжийн нийлүүлэлтэд тэрбум гаруй төгрөг зарцуулсан баримтыг зарим эх сурвалж ил болгосон. Тус банкны захирал асан Н.Мөнхбатыг өдгөө хуулийнхан саатуулан шалгаж байгаа бол МАН, АН-ынхан “Манайхан, танайхан их зээл авсан” гэх мэтээр улстөржицгөөсөн хэвээр байна.

Тэрээр өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк дээрх мөнгөнөөс 200 сая ам.долларыг Гудамж төсөлд зарцуулсан байдаг бол мөн 200 орчим сая ам.долларыг  Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр зам төслийн ажилд хуваарилсан нь багагүй шүүмжлэл дагуулж байв. Мөн үүний зэрэгцээ Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйлдвэржилтийг дэмжих 888 төсөлд нэг их наяд орчим төгрөгийг зээлсэн байдаг.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын  тавдугаар сард хэвлэлд өгсөн мэдээллээр бол одоогоор дээрх мөнгөнөөс 1.4 их наяд төгрөг тус банкинд чөлөөт үлдэгдэл болон үлдээд байгаа гэнэ.

Чингис бондын эцсийн төлбөрийг барагдуулж дуустал 10 жилийн хугацаанд манай улс бондын зөвхөн хүүд нь 615 сая ам.доллар төлөх тооцоо бий. Энэ мөнгийг 2017 оноос эхлэн төлж эхэлнэ. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт зогссон, нүүрс, зэс зэрэг манай голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл мөд сэргэх найдваргүй байгаа энэ үед бондын мөнгийг хугацаанд нь төлнө гэдэг бүтэшгүй асуудал гэдгийг зарим эдийн засагчид ярих болсон.

Мөн үүний зэрэгцээ бондын эргэн төлөлт Монгол Улсыг дампууралд хүргэж болзошгүй нь гэх мэдээлэлтэй зэрэгцээд Хөгжлийн банкны үр ашиггүй, зах замбараагүй үрэлгэн байдал өнгөрсөн хаврын турш хэл ам таталсан.Тодруулбал, Хөгжлийн банкинд оруулсан аудитын шалгалтаар тус банк өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хэтрүүлсэн, банкны орон тоог 62 албан хаагчтай байхаар тогтоосон ч ажилтнуудынхаа тоог нэг дахин нэмэгдүүлсэн, баяр ёслолын арга хэмжээний зардалд 116 сая төгрөг зарцуулсан, шинэ жилд гэхэд 90 саяар тэмдэглэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн ч асуудал тэгсхийгээд мартагдаад өнгөрсөн байдаг.

Харин дээрх мэдээлэл олон нийтэд ил болсны дараа дахин нэг ноцтой мэдээлэл цацагдсан нь тус банк “Шилдэг нийтлэлчдийн клуб”-т 19 сая, МҮОНРТ-д 18 сая, нэр бүхий долоо хоног тутмын сэтгүүлд 13 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь шилэн дансны мэдээллээр ил болоод байв. Энэ тухайгаа Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тайлбарлахдаа, “Бид сэтгүүлчид уран бүтээлчидтэй хамтарч ажилладаггүй. Шилдэг нийтлэлчдийн клуб өөрөө ТББ юм билээ. Тэгэхээр бид байгууллагатай харьцсан гэсэн үг” хэмээн тайлбарлаж байсан юм.

Хөгжлийн банкнаас ийнхүү хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүлд их хэмжээний мөнгө шилжүүлснийг тухайн үед зарим иргэдийн зүгээс хаалтын гэрээ гэх зүйлтэй холбон тайлбарлаж байсан бол бондын мөнгөөр санхүүждэг Хөгжлийн банк ажлаа сурталчлуулахын тулд хэвлэл мэдээлэлд ийнхүү мөнгө төлөх нь хууль бус явдал гэж үзэх хүмүүс ч байв.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд тус банкнаас жиргээчдэд дахин их хэмжээний мөнгө тарааж өөрийн үйл ажиллагаагаа сурталчлуулж байгаа талаар баттай эх сурвалж бидэнд мэдээлэв. Эх сурвалжийн мэдээллийг нягталж үзэхэд үнэхээр тус банкнаас нэр бүхий жиргээчдээр үйл ажиллагаа сурталчлуулсан болох нь нотлогдож байгаа юм. Тухайлбал, Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан Таван толгой цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станц, Амгалан дулааны цахилгаан станцуудын талаарх илт пи-арын шинж чанартай жиргээ твиттерт өнгөрсөн өдрүүдэд олон удаагийн давтамжтай явсан байдаг.