Усны зохистой хэрэглээний талаар хүүхэд багачуудад хичээл заадаг. Харин үр хүүхэддээ усны зохистой хэрэглээний талаар үлгэрлэх ёстой бид усыг гамгүй хэрэглэдэг. Тэгвэл зохисгүй хэрэглээгээ хязгаарлах болсныг илтгэх тоон баримтыг хүргэж байна.

 

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд олон жилийн дунджаар 608,300 сая м3 усны нөөц бүрэлдэн бий болдог бөгөөд сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөнх цас, мөсөн голын эзлэх талбай, зузаан нимгэрч 564,800 сая м3 болж багасаад байна. Нийт нөөцийн 34,600 сая м3 нь гол, мөрний, 500,000 сая м3 нь нуурын, 62,900 сая м3 нь (19,400 сая м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10,800 сая м3 нь газрын доорх ус байна.

Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 орчим хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд буюу нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Гадаргын усны нөөцийн ихэнх хэсэг нь хөрш орнуудад цутгадаг.

Манай орны усны хэрэглээ-ашиглалт жилдээ дунджаар 500 гаруй сая м3 орчим байна. Усны хэрэглээ-ашиглалт хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөгийн байдлаар хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ-ашиглалтын 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байна.

Салбар тус бүрээр 2015 оны байдлаарх усны хэрэглээ-ашиглалтыг дундажлан авч үзвэл жилдээ хүн амын унд, ахуйд 74.9 сая м3, хөдөө аж ахуйд 264.7 сая м3, уул уурхайд 81.1 сая м3, үйлдвэр, барилгад 8.9 сая м3, цахилгаан станцуудад 44.7 сая м3, нийгэм, нийтийн үйлчилгээнд 20.0 сая м3, аялал жуулчлалд 1.4 сая м3, зам, тээвэрт 3.6 сая м3ус ашигладаг. Цаашид шинээр орон сууц, үйлдвэр байгуулах, амьдралын орчин нөхцөлөө сайжруулах, жижиг, дунд бизнес хөгжихтэй уялдан усны хэрэглээ-ашиглалт өссөөр байх болно.

Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 л байдаг бөгөөд манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 1.5-2.0 дахин их (160-200 л) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (8-10 л) ус хэрэглэж байна.