Тамирчдад 908 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
2014/02/04
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр “11-11” төвд ажиллаж, 3000 орчим иргэнтэй утсаар болон цахим хуудсаар харилцжээ.
Тэрбээр өнгөрсөн жил тус яамнаас соёлын өвийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж анх удаа улс орон нутгийн музейд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, орон нутагт 7 соёлын төв, Дорнод, Говь-Алтайд Хөгжимт драмын театр, чуулгын барилгыг ашиглалтад оруулсан.
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” ийг, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг тус тус бүртгүүлсэн тухай мөн мэдээлэл өгчээ.
Мөн өнгөрсөн жил дэлхийд нэрээ дуурсгасан Монголын тамирчид 77 алт, 118 мөнгө, 192 хүрэл медаль хүртсэний шагналд 908.205.000.00 төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон аж. Харин олон улсын чанартай 9 тэмцээн зохион байгуулахад гадаадын 873 тамирчин, төлөөлөгчид ирж тэмцээнд оролцон 780,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэдгийг сайд онцолсон юм.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжин “Аялал жуулчлалын форум-2013” чуулганыг зохион байгуулж, “Аялал жуулчлалын хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Эдгээрээс гадна “Аялал жуулчлалын цагалбар-2014”-ийг эмхэтгэн гаргаж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах “National geographic traveller” сэтгүүлтэй болсон зэрэг мэдээллийг тэрбээр иргэдийн асуултад хариулахдаа өгсөн байна.
Х.Даваа