2013-2014 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр орон даяар эхэлсэн.

Энэ жилийн ЭЕШ бүртгэл нийт 76 хоног үргэлжилж ирэх дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цагт орон даяар бүртгэл дуусгавар болно.

Шалгалтад орох суралцагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, шар хуудас буюу шалгалт өгөх хичээлийн нэрс, шалгалтад орох танхим, суудлын дугаартай хуудас, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэх дөрвөн бичиг баримтыг бүрдүүлснээр шалгалтад орох боломжтой болно. Суудлын дугаартай хуудсыг БҮТ-ийн www.eec.mn цахим хуудсаас ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэн авч болох юм байна. Энэ жилийн хуудас нь  A5 хэмжээтэй цаасан дээр хэвлэгдсэн аж. Харин интернэтгүй хөдөө орон нутгийн шалгуулагчийн бичиг баримт материалуудыг тухайн орон нутгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтэн Боловролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Боловролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:" Элсэлтийн шалгалтаас өмнө зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалт авна. Шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Гэхдээ уг шалгалтыг өгсөн хүүхэд ЭЕШ-нд орох эрхтэй болно. Монгол хэл бичгийн шалгалтын дүн ЭЕШ-аас арай оройтож гарна. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь Монгол хэл-Уран зохиолын хичээлийн бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилготой учраас нөхөх, сонгох даалгаваруудаас гадна ойлгосноо буулгах, эссээ бичих зэрэг задгай даалгавартай болохоор шалгалтын материалыг гараар аргаар засна" гэлээ.

Мөн Монгол хэл бичгийн шалгалтдаа муу дүн авсан хүүхэд ч ЭЕШ өгөх, Их дээд сургуульд элсэх эрхтэй гэнэ. Уг шалгалтыг анх удаагаа авч байгаа болохоор БҮТ-өөс босго оноо зэргийг тогтоогоогүй юм байна. ЕБС-ийн 11 анги төгсөж буй сурагчдын эх хэл бичгийн мэдлэгийн түвшинг тогтоохыг зорьжээ. Харин ирэх жилээс боловсронгуй болгох аж.

ЭЕШ зургаадугаар сарын 16-нд Орос хэл, Хими, Англи хэлний шалгалтыг авна. Харин зургаадугаар сарын 17-ны өдөр Монгол хэл, Математик, Биологи, Монголын түүх хичээлийн шалгалтыг өгнө. Шалгалтын сүүлийн өдөр буюу зургаадугаар сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Газарзүйн шалгалтыг авахаар хуваариа гаргасан байна. Түүнчлэн нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Энэхүү төлбөрүүдийг Хаан банкны салбаруудад бүх төрлийн гүйлгээг ашиглан хийх боломжтой юм байна.

Сурагч өгсөн хичээлдээ 400 оноо авсан бол тухайн сурагчийг элсүүлэх үүргийг их дээд сургуулиуд хүлээх юм. Харин сурагчид 400 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болно.

Х.Даваа