Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын хөрөнгө орж ирлээ
2018/10/24
Монгол Улсын Хөгжлийн банк энэ оны аравдугаар сарын 16-нд олон улсын хөрөнгийн зах зээлд дээрх хэмжээний бондыг амжилттай арилжаалснаас өчигдөр тус бондын хөрөнгө орж ирснийг Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ)-ны гүйцэтгэх захирал Б.Батбаяр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа мэдээллээ.
Таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой дээрх бондын хөрөнгийг манай улсын хөгжлийн дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөр, эрчим хүч, ХАА-н салбарын үйлдвэрлэлд зарцуулж санхүүжүүлэх юм байна. Тэрээр хэлэхдээ, “Олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч манай банкнаас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75 хувь)-ээр доогуур тогтоож чадлаа. Засгийн газраас олон улсад арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс ялимгүй өндөр буюу 85 суурь нэгж (0.85%)-ийн зөрүүтэй байна. Энэ нь манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болж буй”-г тэрээр онцолж байв.
Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулж хийсэн бөгөөд бондын худалдан авагч, хөрөнгө оруулагч нарын 39 хувь нь Америк, 37 хувь нь Европ, үлдэх 24 хувь нь Азид ногдон арилжаанд оролцжээ. Бондын нийт захиалгын түвшин Нью-Йоркийн зах нээснээр 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байсан аж. Ийнхүү бондыг амжилттай арилжаалсан нь манай улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны гарах урсгалыг багасгах, дотоодын захад үүсээд буй ханшийн хэлбэлзлийг сааруулах, нөгөө талаар доогуур хүүтэй эх үүсвэрийг бүрдүүлж буй нь дотоодын ААН-үүдэд гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа Хөгжлийн банкын зүгээс илэрхийлж байв.
Бондын эх үүсвэрээр Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулах зорилготой. Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байсан юм. Сүүлийн үед Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрчимтэй сэргэж байгаа төдийгүй МУХБ-наас эдийн засгийн өсөлт, ногоон үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь энэ удаагийн бондийг ийнхүү амжилттай босгоход чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна гэв.
Мэдээлэл өгч буйтай холбогдуулан МУХБ-ны үйл ажиллагааны талаар мөн танилцуулсан юм. Өнгөрсөн 2017-2018 онд манай улсын зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсон, бизнесийнхний хувьд хүлээлтийн жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийн банкныхаа эрхзүйн орчинг сайжруулж, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор ажилласны үр дүнд:
Банкны эрхүйн шинэ орчинд (2017 онд УИХ-аас МУХБ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргаснаар) бие даасан, хараат бус санхүүжгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон,
Өнгөрсөн хугацаанд нийт 1.7 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон,
Мөн банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийг эргэн төлөх зорилгоор Засгийн газрын баталгаагүй 110 сая болон шинээр 500 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлээд байна,
“Ди Би Эм Лизинг”, “Ди Би Эм Ассет” зэрэг санхүүгийн бусад хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэн явуулах менежментийн компаниудыг байгуулж ажилласнаар санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглах боломжтой болсон,
Сүүлийн 7 улирал актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгт хэлбэлзэж, энэ оны 3-р улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байна,
Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой хариуцлагатай жилийн хувьд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулаад нийт 1.2 тэрбум ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийсэн,
Шинээр арилжаалсан бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй эх үүсвэрийн нөлөөгөөр энэ оны эцэс гэхэд актив хөрөнгийн хэмжээ өсч, 3.8-4 их наяд төгрөгт хэлбэлзэхээр байна гэв.