Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гараад байна.

Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг хоёр талд хуваан гартаа атгажээ. Тэд нэгнийгээ дийлэхийн тулд нөгөөхөөрөө хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг ч хэлмэгдүүлэн хөлдөө чирэх болжээ. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолджээ.

Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна. Цагдаагийн генерал гар бие оролцсон хэргийг АТГ-дээр биш, Эрүүгийн цагдаа голчлон шалгаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байна уу гэх хардлага төрүүлээд байгаа гэнэ. Монголын нэр бүхий цагдаагийн хурандаа нараас эхлээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан холбогдсон хэргийн талаар Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайж сурвалжиллаа. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд яагаад маргаан дагуулах болов, юунаас болж хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт оролцох болсон зэргээс эхлээд хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг хүртэл болсон үйл явдлыг хөдөлшгүй баримт бүхий дэс дараалалтайгаар хүргэж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байна. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Хурандаа Ч.Болдбаатарыг Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр 48 цаг саатуулсан нь үнэн гэнэ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ГАЗАР ХҮН ХҮНИЙ ГАР ДАМЖИН ЗАРАГДСАН ТҮҮХ БУЮУ ХУУРАМЧ ГАРЫН ҮСЭГНИЙ ХЭРЭГ

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож эхэлсэн байна. БНХАУ-ын иргэн Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах саналыг тавьсан гэх. Үүнийг Ш.Мөнгөншагайд Г.Жаргалан хэлж байжээ. Ингээд ордоо зарахаар болж мөнгө төгрөгөө өгч авалцсан байна. Ш.Мөнгөншагай орд зарах үйл ажиллагаанд огт оролцоогүй үлдсэн гэнэ. “Жи Пи Эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар зурж, “Жи Пи Эф” компанийн хувьцаа, худалдан авах гэрээ, эрх шижлүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэх огноогоор дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Бүр улсын бүртгэлд бүртгүүлж, хятад иргэний гар дээр очжээ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байсан гэнэ. Тиймээс манай улсад зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Си Си Эм Икс” компанийн захирал нутаг нэгтэн Жин Жиа Минтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ.

Ингэж л анх Салхитын мөнгөний орд газар хятадуудын гарт очсон гэнэ. Хятадууд уурхайг эрх мэдэлдээ авсны дараа маш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Уурхайн хөрс хуулалтын ажил хийгдэж, мөнгөний агууламжтай хүдэр олборлож эхэлсэн байна. Олборлосон хүдрээ Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдах болжээ. Мөн уурхайн дэргэд БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттайгаар баяжуулах үйлдвэр барьсан гэнэ. 100-300 хүн ажиллах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрт олон арван хятад ажилчин ажиллах гэж байна гэх мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан. Салхитын мөнгөний орд газар нь 400 гаруй сая мөнгөний хүдрийн нөөцтэй. Гэхдээ манай улсад байхгүй өндөр агууламжтай мөнгөний орд газар гэдгийг Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнүүд онцолж байсан. Мөн тус уурхай алтны нөөцтэй гэнэ.

ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ Ш.МӨНГӨНШАГАЙГИЙН ГАРЫН ҮСГИЙГ ХУУРАМЧААР ЗУРСАН ГЭДГИЙГ ТОГТООЖЭЭ

Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи Пи Эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий өргөдөл гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Жи Пи Эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан байна гэдгийг тогтоожээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, “Жи пи эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр гарсны дараа “Жи Пи Эф” компанийн 40 хувийг хувьцаа эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай “Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн “Жи Пи Эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж. Үйл явдал эхлээд ингэж өрнөжээ.

ЭРҮҮГИЙН ЦАГДАА ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ДАХИН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛЖЭЭ

Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Салхитын мөнгөний орд газрын асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэж хэлж болохоор байв. Гэтэл “Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтэнтэйгээ хамтарч, их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь аль ч талаараа тодорхой байдаг. Иймээс Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг энэ асуудалд татан оролцуулах болжээ. Аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаагаас эхлээд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генералаар хүртэл хамгаалалтаа зузаатгах болжээ. Өөрөөр хэлбэл, “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр цагдаа нарт монгол залуус биднийг залилан мэхэллээ гэх утга бүхий өргөдөл гомдол өгсөн аж. Цагдаа нар ямар нэгэн далд хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүй байгааг эх сурвалжууд онцолж байлаа. Учир нь хятадуудын талд ажиллаж байгаа генерал Монголын цагдаа нарыг гартаа атгасан, түүний сүр хүч оролцоо их. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь одоо ч Монголын цагдааг удирдаж байгаатай холбоотой юм.

Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан “Жи Пи Эф” компанийн захирал Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилжээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Анх Ш.Мөнгөншагайгийн гарын үсэгт шинжилгээ хийж, хуурамч гэсэн дүгнэлт гаргасан шинжээч тодорхой баримт гаргаж ирэн тайлбар хийх болжээ. Харин н.Авидхүү шинжээч мөн л өөрийнхөө дүгнэлтийг тайлбарлах болжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Тодруулж хэлэхэд, гарын үсэг Ш.Мөнгөншагайгийнх мөн үү, хуурамч байсан уу гэдгээс шалтгаалж, Гурвансайхан сумын Салхитын мөнгөний орд газар хэний мэдэлд очих нь шийдэгдэнэ гэсэн үг.

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал явсаар Монголын хууль хяналтын байгууллагыг хоёр хуваасан авлигын томоохон гэмт хэрэг болж хувирсан түүхийг уншигч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна. БНХАУ-ын дундаас доод түвшний бизнес эрхлэгчид манай улсын уул уурхайн салбарт орж ирээд тоглолт хийхэд л Монголын төр засаг хууль хяналтын байгууллага хоёр хуваагдаж байгаа нь харамсалтай юм. Манай улсын хууль сахиулах даган мөрдөх байгууллагын дархлаа ямар сул байгаа нь Салхитын мөнгөний орд тойрсон хэрүүл маргаан хууль бус үйлдлүүд, 1.3 сая ам долларын авлигын гэмт хэргээс тод харагдах ажээ. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш. Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг ямар шалтгаанаар цагдан хорих болсон талаар хүргэх болно. Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна.

35 САЯ ТӨГРӨГ БА ШИНЖЭЭЧИД ХОРИГДСОН ШАЛТГААН

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, улсын дээд шүүх Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний ордыг хууль бус аргаар авсан байна гэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэгэн шинжээч Ш.Мөнгөншагайн гарын үсэг биш гэдгийг анх шинжилгээ хийн тогтоосон. Харин “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэн Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэх дээр дахин шинжээч томилуулсан нь н.Авидхүү гэнэ. ШШҮХ-гийн шинжээч н.Авидхүү “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Үүнээс үүдэлтэйгээр шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн хоёр хуваагдаж, зөв буруу шинжээчийн дүгнэлт гаргасан гэх асуудал босч иржээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна.

Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Шинжээч нар гарын үсгийг нь шинжилж үзээд “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна. Үүнийг хуурамчаар үйлдсэн байна” гэх утга бүхий дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч нар гурван удаа шинжилгээнд оруулсны хоёр нь хуурамч гарын үсэг байна гэх дүгнэлтийг гаргажээ. Шинжээч нарын хэлж буйгаар Ш.Мөнгөншагай гэх хүний өмнө нь зурж байсан банкны баталгааны гарын үсэг болон компанийн тогтоол шийдвэр зэрэгт зурсан гарын үсэг, хэрэг шалгагдах үед дахин баталгаажуулах үүднээс авсан гарын үсэг, “Жи Пи Эф” компанийг БНХАУ-ын иргэнд эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хийсэн гэгдээд байгаа гарын үсэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт гаргасан нь энэ аж.

Тэгвэл ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар ажлаа хийснийхээ төлөө юунаас болж буруудаж, хорих ангид хоригдох болсон бэ гэдгээс дээрх хэргийг зангилаа тайлагдах юм. Магадгүй шинжээч нар ажлаа үнэнч шударга хийснийхээ төлөө хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар шоронд хоригдож байж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. “Жи Пи Эф” компанийн 60 хувийг эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонтой эртний танилууд гэнэ. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б.Цолмон ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нар ойрын хамаатнууд аж. Б.Цолмон ойрын хамаатан Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Эндээс үүдэлтэйгээр хэрэг явдал өрнөж, бусдад авлига өгсөн байж магадгүй гэх хэргийн эхлэл тавигджээ.

“АХЛАХ ШИНЖЭЭЧ Э.СОЛОНГО, Ж.ТАМИР, С.СЭЛЭНГЭ НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА” ГЭВ

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэгэн эх сурвалж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн учир бид нэрийг нь нууцалж ярилцлага авсан болно.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор таниас мэдээлэл авах гэсэн юм?

-Энэ хэрэг явдлаас болж манай ШШҮХ-гийн нэр хүнд асар их унаж байна. Нийгэм даяар дуулиан шуугиан тарьж, авлигын үнэхээр том гэмт хэрэгтнүүдийг барьчихсан юм шиг л ойлголтыг олон нийтэд санаатайгаар бий болгоод байгаа нь харамсалтай байна. Нэг гарын үсэг хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг тогтоох асуудалтай холбоотой үүсч байгаа асуудал гэм зэмгүй, үнэн ч шударгаар ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэдгийг онцолж хэлмээр байна. Дундговь аймагт байдаг уул уурхайн орд газартай холбоотой болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа хэргийн нарийн асуудлыг мэдэхгүй байна. Мэдсэн байлаа ч энэ талаар ярих нь хуулиар хориотой. Гэхдээ болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр нь олон нийтэд хүргэх шаардлага гарч ирээд байна. Хятадууд болон хууль хяналтынхны нэр бүхий албан тушаалтнуудын тэмцлээс болж ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын гурван хүн хохироод байна. Хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх шаардлага бий болчихлоо.

Мөнгөний орд газартай холбоотой шинжээч нар зөрүү бие биенийхээ дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хуулийн хүрээнд гурван шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өгсөн юм байна лээ. Тэд ажлаа хийснийхээ төлөө нэг ч төгрөг бусдаас аваагүй. Хэн нэгэн ийм дүгнэлт гаргаж өг гэсэн хууль бус үүрэг даалгавар өгөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Өнгөрсөн сард гурван шинжээчийг гэнэт баривчилж, саатуулсан байдаг. Одоо Төв аймаг, Зүүнхараагийн хорих ангид саатуулчихсан шалгаж байна. Шинжээч нарыг хорих ангид дарамталсан асуудал ч гарсан байгаа. Хамт хоригдож байгаа хүмүүс “Та нар худлаа дүгнэлт гаргаж хүний хувь заяагаар тоглодог хүмүүс юм байна. Мөнгөтэй хүнд үйлчилдэг юм уу” гэж дарамтлах болсон гэсэн.

-Шинжээч нар мөнгө авч худлаа дүгнэлт гаргасан. Тэр нь баримтаар тогтоогдсон гээд байгаа шүү дээ?

- Ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарт үнэхээр мөнгө төгрөг хэн нэгнээс авсан асуудал огт байхгүй юм байна лээ. Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааны үеэр тодорхой болсон гэсэн. Хамгийн гол нь газрын дарга Д.Адилбаяр хэн нэгнээс мөнгө авсан гэх асуудалтай холбоод л цагдан хорьж шалгаад байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

Г.ЦОЛМОН ОЙРЫН ХАМААТАН Д.АДИЛБАЯРТ 35 САЯ ТӨГРӨГ ЯМАР ЗОРИЛГООР ӨГСӨН БЭ

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид Ш.Мөнгөншагай өөрийн танил ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонгоор дамжуулан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн. Д.Адилбаяр нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нараар хуурамч дүгнэлт гаргуулсан байж болзошгүй хэмээн таамаглаж, хэргийг энэ дагуу мөрдөн шалгаж байгаа аж.

Г.Цолмон нь өөрийн хамаатан дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэнэ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Г.Цолмон дээрх мөнгийг өгсөн гэдэг нь гүйцэтгэх ажиллагааны үеэр ил болсон гэх мэдээлэл байгаа юм. Д.Адилбаярт мөнгө өгсөн асуудалтай холбоотойгоор Г.Цолмон “Д.Адилбаяр миний ойрын хамаатан. Сүүлийн үед хүнд өвчин тусч эрүүл мэнд тааруу байсан. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний зардалд зориулан 35 сая төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд зориулж өгсөн асуудал шүү дээ” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байв. Мөн Д.Адилбаяр Г.Цолмонгоос авсан мөнгөө хэн нэгэнд өгөлгүй хадгалж байсан бололтой.

220

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонг саатуулан шалгаж байгаа билээ. Түүнийг дундын зуучлагч байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэдгийг эх сурвалж онцолж байна лээ. Ш.Мөнгөншагай гэх залуугаас авсан мөнгөө өөрийн ойрын хамаатан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт дамжуулан өгсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон холбогдсон хэрэгтэйгээ холбоотойгоор “Ш.Мөнгөншагайтай миний бие эртний танил. Надтай уулзаад хятадууд миний гарын үсгийг хуурамчаар зураад Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар авчихлаа. Энэ хэрэгт хэдэн өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Өмгөөлөгч нарын хийж байгаа зүйлс нь миний сэтгэлд таалагдахгүй байна.

Өмгөөлөгч нар хоёр талд үйлчлээд байж магадгүй юм шиг хардлага төрөөд байна. Хятадуудтай нийлээд миний эсрэг ажиллаж байгаа гэх зүйлийг танил маань хэллээ. Чи хуульч хүн байна надад тус дэм бол. Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн надаас хуульчийн хувьд тусламж хүссэн. Ингээд би зөвшөөрч хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Надад хуульчийн зөвлөхөөр ажиллуулаад 40 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хуулийн зөвлөгөө өгсөний цалин юм. Ш.Мөнгөншагайд би хуулийн зөвлөгөө үзүүлсэнийхээ төлөө тэдэн төгрөг өгөх ёстой гэж ямар нэгэн мөнгөн дүн хэлээгүй. Тэр өөрөө л 40 сая төгрөг өгсөн. Өөр нэг тодруулж хэлмээр зүйл нь Ш.Мөнгөншагай бид хоёрын дунд хэн нэгэнд авлига өгөх асуудал огт яригдаагүй. Миний ойрын хамаатан Д.Адилбаяр эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Мөн гэр бүлийн байдал ч тогтворгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр үеэл дүүдээ 35 сая төгрөг өгсөн.

Үүнийг мушгин гуйвуулж, авлигын хэрэгт холбоод байгаад харамсч байна. Хуулийн байгууллага үнэний талд үйлчлэх ёстой. Цагдаагийн томоохон албан тушаалтны заавраар хэт нэг талыг барьсан ажиллагаа хийгдэж, олон хүнийг хэлмэгдүүлээд байна шүү дээ” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраар ахлуулсан ажлын хэсгийн мөрдөн байцаагчид 35 сая төгрөгтэй холбоотой асуудлаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ гэх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэг ч хятад хоригдоогүй, шалгагдаагүй байгаа. Уг нь хятадуудын хууль бус үйлдлээс энэ бүх хэрэг мандсан гэдгийг эх сурвалж онцолж байв.

ШҮҮГЧ, ЦАГДААГИЙН НЭРНӨЛӨӨ БҮХИЙ УДИРДЛАГА ХЯТАДУУДЫГ ХАМГААЛДАГ ГЭНЭ

Салхитын мөнгөний орд газрыг авахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч олон өмгөөлөгч хөлсөлжээ. Энэ талаар цагдаа нарын өгч буй мэдээллээр БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгчийн дотны найз, бизнесийн хамтрагч нь нутаг нэгтэн Ягэх нэртэй хүн байдаг ажээ. Манай улсад нэлээд нэр хүндтэйд тооцогдох хувийн эмнэлгийн эзэн БНХАУ-ын иргэн Ягэх эмч Салхитын мөнгөний ард газрын нууц ноёнтон болоод байгаа гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. БНХАУ-ын иргэн Ягэгч нь авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж байжээ.

Түүний эмнэлгээр УИХ-ын гишүүд болон сайд, дарга нар, хууль хяналтын байгууллагынхан болоод тэдний гэр бүлийнхэн үйлчлүүлдэг байна. Эмнэлгээрээ дамжуулан олон танилтай болсон гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Янь Улсын дээд шүүхийн шүүгчээр олон жил ажиллаж байсан нэгэн эмэгтэйн ойр дотны танил болсон гэх. Шүүгч эмэгтэйгээр дамжуулан Монголын цагдаагийн нэр нөлөө бүхий удирдлагатай холбогдож ойр дотны найз болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр “Си Си Эм Икс” компанийн захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Миний ар талыг цагдааг удирдаж байсан эрхэм бүрэн хариуцах болжээ. Үүнээс үүдэлтэйгээр манай хууль хяналтын байгууллагын нэр бүхий хурандаагаас эхлээд ШШҮХ-гийн алба хаагчид шалгагдаад байгаа гэнэ.

1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ИЛРҮҮЛСЭН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам доллар олдсон. 1.3 сая ам долларыг Монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 1.3 сая ам.долларын хэрэгт Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор Г.Жаргаланг шалгаж байжээ. Гэтэл Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлж байсныг тогтоожээ. Ингээд Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр тус байранд үзлэг хийх үед 1.3 сая ам.доллар гарч ирсэн юм байна. Таван толгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам долларыг хадгалж байсан. Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар хятадуудаас тэр мөнгийг нь авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулан өгөх гэж байсан нь тодорхой болсон байна. Тэд УИХ-ын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байгаа гэнэ.

Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Болдбаатар энэ хэрэгт нэр холбогдох болсон шалтгаан нь Г.Жаргалангийн хамаатан гэх мэдээлэл байна. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгний авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам доллар бусдад авлига өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ. Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь тодорхойгүй байгаа юм. Монголын нэр нөлөө бүхий Улсын дээд шүүхэд ажиллаж байсан эмэгтэй, Монголын цагдааг удирдаж явсан хүний хамгаалж, хаацайлж, арыг нь дааж байгаа хятадууд эсрэг талынхныгаа ялан дийлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

Б. Батзориг

Өдрийн сонин