Христийн шашны том баяр Halloween-ий баяр энэ сарын 31-нд болно. Монголын хүүхэд залуусын хүсэн хүлээдэг баярын нэг нь энэ болсон. Гэвч энэ баярыг тэмдэглэхийг хориглосон БСШУС-ын сайдын тушаал өнгөрсөн жил гарсныг хүчинтэй хэвээр хэмээн өнөөдөр зарлаж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулийн удирдлагуудад хандан “Тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тус баяр байхгүй шүү...” гэдгийг сануулж зөрчвөл хуулийн хариуцлага хүлээхийг мэдэгджээ.

Энэхүү Halloween-ий буюу сүнсний баярын түүх домгийг дэлхийгээрээ мэднэ. 2000 жилийн өмнөөс эхтэй. Өвөл эхлэхийн өмнө муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирж тэнүүчилдэг тул зайлуулахын тулд аравдугаар сарын 31-ний өдөр галын наадам хийж, элдэв баг зүүсгэл өмсөн ёслол үйлддэг. Хүүхдүүд гартаа уут бариад хөрш айлуудаар хэснэ. Айлууд тэдэнд амттан шимттэн өгдөг. Ингэснээр муу ёрын сүнснүүд дахиж айлуудаар эргэлдэхгүй гэсэн үг юм. Мөн хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу “юм” болж мэднэ гэсэн мухар сүсэг, манайхаар бол дом л юм даа. Сүүлийн үед хүүхдүүдийг баярлуулах сайхан үйл явдал гэж цөөнгүй хүмүүс харах болсон юм.

Монголчуудад бас иймэрхүү дом байдаг. Цагаан сараар могой цайлна гэсэн домыг хөдөөний ихэнх айлууд хийдэг. Хавар ичигсэд хөдлөхөөр могой “Өвөл унтаж байхдаа ороогүй юм зун нь яаж орох билээ” гээд гэрт ордоггүй юм гэсэн. Үүн шиг чөтгөрийг дайлж цайлчихаар дахиж ирэхгүй гэсэн Христийн шашинтнуудын дом байх л даа. За энэ дом ч яахав, ер нь үүсэл зохицол нь ийм юм. Halloween-ий баяраар манай хүүхэд багачуул бэлэг авдаг, хөөрч догдолдог, ер нь нийгэмд гэгээлэг сайхан уур амьсгал бүрдүүлсэн баяр яах аргагүй мөн болжээ. Нийгэмд ийм нөлөөтэй баярыг муухай, муу ёр гээд, тэмдэглэсэн сургуулийн захирлуудыг орон шоронд явуулна гэж араа шүдээ хавируулаад байгаа нь хуучны цөвүүн цагийг санагдуулаад байх юм. Их зохиолч Д.Нацагдорж Христийн мэндэлсэн өдрийг Монголд тэмдэглээд шоронд орсон юм шүү дээ. Сургуулийн захирлуудад тийм хэрэг явдал тохоогдох гээд байгаа юм уу.

Энэхүү шашны баяртай давхцуулан Бурхан багшийн их дүйцсэн өдрийг амралтын өдөр болгохоор хуульчлан оруулсан нь цаг үеэ олоогүй хэрэг боллоо. Дэлхийн 100 гаруй улсад өөр өөрийнхөө өнгөөр тэмдэглэдэг баяр юм. Гэтэл энэ баярт хүндэтгэлтэй ханддаг орон үндэстэн бүрийн эсрэг сөрж байгаа юм шиг үйлдлийг манай дарга нар хийж байна. Өнөөдрийн төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн нүүр царайг харуулсан үйлдэл юм даа. Монголын төрд байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, нийгмийн уур амьсгалыг мэдэрдэггүй, аливаа юмны наадах цаадахыг гадарладаггүй, унтаж босож ирээд нэг л өглөө гэнэтийн шийдвэр бариад ухасхийдэг, хэрсүү бус байдлыг харуулсан үйл явдал болж байна. Өнөөгийн дэлхий ертөнц хил хязгааргүй шахуу болсон ийм цаг үед жижигхэн Монголын удирдагчид маш ухаалаг байх ёстой. Аливааг олон талаас нь харах, цаг үеэ үргэлж анзаардаг байхыг тэднээс нийгэм шаардаж байна даа. Мэдээж монголчуудад Дүйцсэн өдрийг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан бий. Дүйцсэн өдөр нь тэмдэглэх ёстой баяр мөн. Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй юм билээ. Христийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байдаг гэсэн. Дэлхий нийтэд ард иргэдээ амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг аж. Монголд энэ өдөр бага. Тэглээ ч тэмдэглэдэг баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад Бурхан багшийн дүйцсэн өдрийг амралтын өдөр болгох, монголчууд энэ өдөр архи тамхи, муу бүхнээс хол, буян хийж өнгөрөөе гэсэн зорилгоор энэ хуулийг санаачилсан гэж хууль санаачлагч гишүүд ярьж байна лээ. Нэг их буруу сонсогдохгүй, үндэслэл нь ч үнэмшилтэй байгаа юм.

Тэгвэл үүнтэй адилаар Halloween-ий баярыг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан байгаа. Нийгмийн уур амьсгал талаасаа ч тэр, улс төр талаасаа ч тэр. Ер нь бол аль нэг улсад, аль нэг шашин болон шашны урсгалыг онцгойлж үзвэл шашин хоорондын эв эвдрэх эхлэл, аюул тэр болдог дэлхийн практик байна. Яагаад гэвэл дэлхийн бүх шашны урсгал нийгмийн оюун санааг удирдаж, нэгтгэж, зохион байгуулж байдаг. Хамгийн хүчтэй хэрэгсэл. Тийм болохоор бид үүн дээр их ухаалаг бодлого барих хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд шууд хориглох, хаах шийдвэр нь хүчтэй сөрөг үр дагавар дагуулдаг боллоо. Тийм учраас сүүлийн үед хөгжсөн орны төрийн бодлого “Зөөлөн хүчний бодлого” гэсэн албан ёсны нэр томьёонд шилжсэн. Хөгжсөн, хөгжиж буй аль ч улс орнуудад “Шууд хориглолоо” гэсэн хууль, тушаал захирамжаас аль болох зайлсхийх болсон.

Саяхан манай их хамба Чойжамц гуай “Бурхан багшийн их дүйцсэн өдрийг шашнуудын эв эеийн өдөр болгон тэмдэглэмээр байна” гэж айлдсан нь их зөв юм. Шашнуудын эв эеийг хангахын тулд шашнуудын баярыг алагчлалгүй тэмдэглэе. Тэр Исламын шашны рамадан баярт нь ч хүндэтгэлтэй хандъя. Halloween-ий баяр шиг хориг тээг тавьдаггүй, тэмдэглэх хүмүүс нь тэмдэглээд яваг. Монголын эрх баригчдын Halloween-ий баярыг хориглосон шийдвэрийг дэлхий анзаарсан шүү дээ. Мэдээллийн томоохон агентлагууд мэдээлсэн. Тухайлбал Ройтерс агентлаг тэр дор нь Монголд “Halloween”-ий баярыг тэмдэглэхийг хориглосон талаар онцлон мэдээлсэн юм. Мэдээний утга нь “Монголын ерөнхий боловсролын сургуулиудад “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ нь далайд гарцгүй тус улсын буддын шашны уламжлалыг үгүйсгэхэд нөлөөлж болзошгүй хэмээн эмээж буй явдал юм. Хүүхдүүд сүнсний баярын хувцсанд зориулж бэлтгэл хийн эцэг, эхээсээ мөнгө татсан талаарх гомдлыг яаманд илгээсэн бөгөөд үүний дагуу бүх сургууль руу удирдамж явуулсан аж. Сүнсний баяр албан ёсоор тэмдэглэлт баярт ордоггүй ч өргөн тэмдэглэдэг бөгөөд харин энэ жил бүх ерөнхий боловсролын сургуулийг хориглосон байна...” гэхчлэн дэлхийд зарласан.

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж яваа. Тэрний нэг нь яах аргагүй шашин. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй, хөгжих гэж зовж буй, нийтдээ 160 гаруй улс орон шашны бүх урсгалд хүндэтгэлтэй хандаж, нээлттэй байх болсон. Монгол Улс тэднээс сондгойрч, дэлхийгээр нэг тэмдэглэдэг шашны уламжлалт зан үйлд алагчилж хандаад яахав. Тэртэй тэргүй Монгол Улсын 15 наснаас дээш хүн амын 56 хувь нь буддын шашинтай гэсэн судалгаа бий. Энэ бол стандарт үзэгдэл. Тийм болохоор “Halloween”-ий баяраа ч тэмдэглэг, Бурхан багшийн их дүйцсэн өдрөө ч тэмдэглэг. Харин эдгээрт төр засаг оролцдоггүй байя.