Монголчуудын хамгийн их мэддэг, хамгийн их хэл ам хэрүүл тэмцэл дагуулдаг Таван толгойн орд газарт манай улсын нэг томоохон олигархи эзэмшил газартай болох гэж байгаа бололтой. Энэ мэдээлэл ард түмэнд их эмзэг тусаж байна. Яагаад гэвэл түүхэндээ анх удаа (уучлаарай цэнхэр, ягаан тасалбар гэж юм байсан л даа)хувьцаа гээчийг нь эзэмшиж байгаа. Бас болоогүй энэ хувьцааны мөнгө гэж бас ч чамлахааргүй юм аваад үзсэн. Одоо удахгүй үүнийг “амилуулах” болж байгаа. Энэ нь Таван толгойн хувьцааг зарж борлуулж, өвлүүлдэг болох гэж байгаа гэх мэтчилэн энэ цаг үед тэр олигархи эзэмшилтэй болоод бидэнд л хувьцаа гаргаж өгөв гэж. Өөрөө л авах биз. Энэ нь бидний авдаг ногдол ашиг л багасах нигууртай юм болно. Хэн гэдэг олигархи нь ард түмний Таван толгойд шунаад байгаа нь одоохондоо нууц байна.

Ийм тийм компани гэсэн таамаглал гараад байгаа ч тодорхой болоогүй. Зүгээр л хэвлэлийн таамаг явж байгаа. Баруун зүүн цанхаа авна, авахгүй гээд л бөөн хэрүүл болсон. Бас Бор тээгээ тавиад туучихсан гээд л юу болов. Манай хэдэн ольгархиуд ч өнгөтэй өөдтэй юу л байна, тэрийг булаадаг болоод удаж байна. Дэлхийн зах зээлд гарах, шинэ инноваци бий болгох гэх зэрэг дээр юу ч хийхгүй, бэлнээр нь уул уурхай руу л дайрдаг хойно доо. Нээрэн тэр компани нь лав урьд хойно нь уул уурхайтай байгаагүй, хөнгөн үйлдвэрийн талынх, одоо шинээр уурхайд орж цөм хийнэ гээд бөөн баяр болж байгаа юм дуулдаад л байна.

Энэ хувьцаа чөлөөтэй хөрвөж зарагддаг болох гэж байгаа нь ч дээрх компанитай холбоотой юм биш биз гэж хардаж байгаа хэсэг ч байгаа бололтой. Яагаад гэвэл баян компани хүмүүсийн хувьцааг хуу хамаад авчих бүрэн боломжтой. Энэ бүгдээс харж байхад бид ямар ч байсан Таван толгойдоо нэг шинэ эзэнтэй болж болзошгүй байна.

Ө.НАЦАГ

ӨДРИЙН СОНИН