С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
48 минутын өмнө

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 11-р хороололд байрладаг Монголын Ардчилсан Холбооны байр буюу Ардчиллын ордны өмнө нүүлгэн байрлуулсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа.
Тэгвэл түүний хөшөөг зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцож, нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагийн орчимд "Ардчиллын ордон"-ы үүдэнд зөөж байршуулсан байдаг.
Эл үйл явдлын дараа иргэдээс эсэргүүцэл гарч, ард түмний хөрөнгөөр байгуулсан хөшөөг анхны байршилд нь буцаан байрлуулах шаардлага тавьсан. Үүний дагуу хөшөөг Төв шуудангийн урд байрлах анхны байршилд нь буцаан байршуулсан юм. Харин хөшөөг зөөж, тээвэрлэхдээ холбогдох зөвшөөрөл аваагүй нь зөрчил болохыг эрх бүхий байгууллагаас тогтоожээ.
Тодруулбал, уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамааруулжээ.
Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1000 нэгжтэй тэнцэх буюу нэг сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. С.Зоригийн хөшөө нь Монголын ардчиллын түүхэн үйл явдалтай холбоотой дурсгал бөгөөд түүнийг зөөж, тээвэрлэхтэй холбоотой асуудал хууль, журмын дагуу зохицуулагддаг байна.






