Нийслэлийн засаг дарга асан  Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.

Уг нийтлэлтэй хоблоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан. Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн Э.Бат-Үүл бусдыг гүтгэсэн гэж тус бүр хоёр  сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүн болон З.Энхболд нарыг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хоёр  сая төгрөгөөр хоёр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргйин эрүүгийн хэргийн анхан үатны шүүхэд гаргасан. Өргөдлийн дагуу шүүх хурал өчигдөр /2020.01.29/ Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Э.Бат-Үүлийг торгосон торгуулийг хэвээр нь үлдээлээ.

Дашрамд дурдахад, Э.Бат-Үүлд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Хэрвээ Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буруу шийдсэн гэж үзэх юм бол Давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа