Зураачид: Музей, галерейн сан хөмрөгт байгаа бүх зурагнаас дээж аваад хэдэн оны будаг вэ, зурсан даавуу нь хэдэн оных болохыг нарийвчилж тогтоох хэрэгтэй

Монголд  уран зураг бүлэглэн хулгайлдаг томоохон сүлжээ гэмт хэрэгтнүүд бий болоод олон жилийн нүүр үзэж  байгаа гэнэ. Тэд манай улсын нэртэй зураачдын дахин давтагдашгүй сод бүтээлүүдийн эх хувийг хулгайлж, бусдад их хэмжээний мөнгөөр зарж ашиг олдог байна. Зураг хулгайлдаг гэмт этгээдүүд маш энгийн аргаар уран зураг хулгайлдаг гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Энэ талаар хэд хэдэн эх сурвалжтай бид холбогдож уулзалт, ярилцлага хийсэн  юм. Тэдний хэлж  буйгаар манай улсын алдартай зураачдын үр хүүхэд болон ойр тойрны хүмүүст хадгалагдаж байсан уран зургууд хэдийнэ эзэндээ очсон гэнэ. Уран зураг цуглуулах сонирхолтой хүмүүс мөнгөөр “зодож” гайхамшигт бүтээлүүдийг нь худалдаад авчихжээ. Уран зураг цуглуулагчдын шунал үүгээр дууссангүй.

Манай улсын цөөхөн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байсан  шилдэг, сод уран зургуудийн эх хувилбарыг өөрийн болгож авахын тулд мөнгөө барин уралдан гүйцгээх болжээ. Үүнээс үүдэлтэйгээр Монголын уран зургийн салбарт хүний санаанд багтамгүй  их  хулгай нүүрлэж эхэлсэн түүхтэй ажээ. Өөрөөр хэлбэл, Монголын уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн зургууд алга болсон. Ихэнх нь хуулбар зураг байгаа. Уран зургуудыг хэрхэн хулгайлдаг, музей, галерейн захирал, ажилтнууд үүнд хэрхэн оролцдог. Хууль хяналтын байгууллага энэ төрлийн гэмт хэргийг ямар учраас мөрдөн шалгахгүй өнгөрөөдөг талаарх ноцтой мэдээллийг уншигч та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна. 
Монголын зураачид сүүлийн хэдэн жил музей, галерейд байгаа зургуудийн эх хувилбар ор сураггүй алга болсон. Дандаа хуулбар зургууд үлдсэн талаар ам уралдан ярих болжээ. Жинхэнэ зургийн оронд хэн гээч зураачийн хуулбарласан хуулбар зураг галерейн хананд өлгөөтэй байгааг ч төвөггүй мэддэг болсон  гэнэ. Учир нь, Монголд уран зургийн хуулбар хийдэг цөөхөн зураач байдаг. 

Хэдийгээр бусдын бүтээлийг даган дууриаж, хуулж зурж байгаа ч гэсэн зураачдын  бийрийн барилт, өнгө будагны холилт, гэрэл сүүдэр зэрэг нь  хэний бүтээл болох нь маш тодорхой харагддаг гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.  

“ТҮМНИЙ ЭХ”, “ДУГУЙЛАН” НИКОЛАЙ РЕРИХИЙН “УЛААН ХӨЛӨГТ БААТАР” ГЭДЭГ НЭРЭЭРЭЭ АЛДАРТАЙ ЗУРГУУДИЙН ЭХ ХУВИЛБАР АЛГА БОЛСОН ГЭВ ҮҮ

Уран зураг сонирхогчид алдарт зураачдын зурсан уран зургийн эх хувилбарыг олж авахын тулд нүдээ өгөхөөс ч буцахгүй болтлоо донтсон байдаг, дэлхийн томоохон галерейд хадгалагдаж байгаа хосгүй үнэт зургуудийг өөрийн болгохын тулд хэдэн сая ам.доллар гаргадаг, мөн уран зураг хулгайлдаг мэргэжлийн баг хүртэл хөлсөлж ажиллуулдаг нь дэлхий дахинаа нууц биш болоод байгаа. Тэгвэл Монголд уран зургийн иж бүрэн  цуглуулгатай цөөн хүн байдаг. Тэд алдарт зураачдын бүтээлийг олж авахын тулд мөнгө харамлахгүй цацдаг болсон гэнэ. Мөн сонирхож байгаа уран зургаа өөрийн болгохын тулд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж, өөрийнхөө гарын хүнийг тухайн галерей, музейн захирлын албан тушаалд тавьдаг. Ингээд дур зоргоороо аашилж, соёлын хосгүй үнэт өвийг өөрийн болгож авдаг байна.  Нэг бүтээлийг шинээр томилогдсон захирал, удирдах албан тушаалтнууд хэд хэдэн хувилбараар хуулбарлуулж зуруулдаг  гэнэ. Үүнийхээ дараа сан хөмрөгт хадгалагдаж байгаа зургаа  аваад хуулбар зургийг тавьчихдаг ажээ. Хуулбар зургаа тавихын тулд олон сараар шороо тоостой газар хадгалж, будагны үнэрийг дардаг гэнэ. Мөн өнгийг нь хуучруулж, бүдэгрүүлэхийн тулд нар, салхинд удаан байлгадаг гэх яриа ч байна. Дээрх зүйлсийг батлах мэт олны өмнө ил болсон нэг зүйл байдаг. Эх хувь нь алга болоод хуулбар нь үлдчихсэн гэдэгт жишээ дурдах юм бол “Түмний эх”, “Дугуйлан” гэх мэт бүтээл хамгийн түрүүнд дуудагддаг. Дээрх хоёр зургийг зурсан эзэд “Энэ миний бүтээлийн эх хувь биш байна” гэх мэтээр хэл ам гаргаж байсан тохиолдол байдаг. Мөн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд байгаа Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” гэдэг нэрээр алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх хувилбар алга болсон талаар сүүлийн хэдэн жил яригдах болсон. Энэ яриа Оросын алдарт зураач Николай Рерихийн бүтээлийг амьдралынхаа 60 гаруй жил судалж байгаа, түүний зургийн хэв шинж, онцлог, ялгарах байдал зэргийг нарийвчилж судалдаг АНУ-ын нэгэн судлаач манай улсад ирсний дараахнаас гарчээ. 
Тэрбээр Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа гэх дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” нэрээрээ алдартай, “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хараад гайхсан гэнэ. Тэгээд ч зогсохгүй зургийг хэсэг харж зогсож байгаад гараад явчихжээ. Уг нь хаа байсан холоос зөвхөн энэ зургийг л харах гэж тэр ирсэн аж. Тэгээд “Николай Рерихийн зурсан жинхэнэ зураг нь алга байна шүү дээ. Зөвхөн хуулбарласан нь байна. Хэзээ алга болсон юм бэ. Танайхан яагаад одоог хүртэл хуулбар зураг гэдгийг хүмүүст хэлээгүй юм бэ. Энэ зургийг үзэхээр олон хүн зорьж ирнэ шүү дээ. Хэрвээ мэдээгүй байгаа бол эртхэн хэлээрэй” гэсэн гэнэ. Тухайн үед уран зураг болоод соёл, урлагийн нэр бүхий томоохон төлөөлөл болсон хүмүүс түүнтэй хамт байжээ. Тэд “Та үнэн ярьж байгаа биз дээ. Маш ноцтой асуудал ярьж байгаагаа мэдэж байна уу” хэмээн зөрүүлээд асууж. Уран зураг судлаач америк эмэгтэй “Амьдралынхаа 60 гаруй жил зөвхөн Николай Рерихийн зурсан зургийг судалж байна. Та бүхэн надад итгэхгүй байгаа бол шинжилгээ хийлгээд үз. Ядахдаа будаг нь хэдэн оных, зурсан даавуу нь хэзээ үеийнх вэ гэдгийг шинжилгээнд өгвөл гараад ирнэ. Энэ хуулбарыг арав гаруй жилийн өмнө хийсэн болов уу” гэж хэлчихээд яваад өгсөн гэнэ. Дээрх яриа болж өнгөрсний дараа “ОХУ-ын нэгэн уран зураг цуглуулдаг хүнд эх хувилбар нь хадгалагдаж байгаа юм байна” гэх мэдээлэл ч гарчээ.

“ХУУЛБАР ЗУРАГНЫ ТАТЛАГА ЗУРААС НЬ ИХ ӨӨР БАЙДАГ ЮМ. МӨН ТУХАЙН ЗУРАГТ ЗУРААЧИЙН ГАРЫН ҮСЭГ БОЛООД АР ТАЛД НЬ НУУЦ БАЙДЛААР ХИЙСЭН ЯЛГАРАХ ЗҮЙЛ БАЙГАА”

“Монголын сор болсон уран зургуудыг хуулбарлаж, худалдсан байдаг уу” гэх асуултад нэрээ нууцлахыг хүссэн нэгэн зураачтай уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм. 

-Монголын уран зургийн галерейн зургуудын олонх нь алга болчихсон. Дандаа хуулбар, хуурамч зураг хадгалагдаж байгаа. Хүмүүсийн сонирхол татахуйц уран зургуудын олонх нь зарагдчихсан гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Үнэний ортой гэдгийг шууд хэлмээр байна. 2000-2010 онд Монголын алдарт зураачдын бүтээлүүд алга болчихсон гэж ярьдаг. Ийм яриа олон жилийн турш хүмүүсийн дунд өрнөлөө. Одоо энэ бүгдийг БСШУСЯ нэг тийш нь болгож, үнэн зөвийг нь олж тогтоох цаг нь ирсэн. Сүүлийн жилүүдэд музей, галерейн харуул хамгаалалт сайжирсан болохоор зураг алга болох, ийш тийш нь зөөвөрлөх  асуудал огт гарахгүй байгаа байх. Хуулбар зураг уу, эсвэл жинхэнэ үү гэдгийг хараад мэдэх боломж байгаа. Хуулбар зурагны татлага зураас нь их өөр байдаг юм. Мөн тухайн зурагт зураачийн гарын үсэг болоод ар талд нь нууц байдлаар хийсэн ялгарах зүйл байгаа. Монголд төдийгүй дэлхийд алдартай энэ бүтээлийг жинхэнэ үү, хуулбар уу гэдгийг эхний ээлжинд Соёл урлагийн зөвлөл хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж дүгнэлт гаргах ёстой. Үүний дараа зурагнаас дээж аваад хэдэн оны будаг вэ, зурсан даавуу нь хэдэн оных болохыг нарийвчилж тогтоох хэрэгтэй. Ингээд хуулбар уу, жинхэнэ зураг уу гэдгийг гаргаад ирэх юм. Ер нь дэлхий нийтэд уран зураг, соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хуулбар эсэхийг нь ингэж л тогтоож байгаа. Энэ жишгээр явах хэрэгтэй. Гарын ур сайтай, зураг хараад хуулбарлаад зурчихдаг залуусаар хуулбар хийлгэдэг гэх яриа оргүй хоосон зүйл биш. Үүнийг нотолгоотой ярих хэрэгтэй. 

-Гэхдээ зарим музей сор болсон бүтээлүүдийг хамгаалахын тулд хуулбарыг нь үзмэрт тавьдаг гэх мэдээлэл байдаг?
-Зарим музей уран зургаа хуулбарлуулаад эх хувийг нь хадгалчихдаг. Байнга гэрэлтэй орчинд байлгахаар будаг нь ховхорч, муудаад байдаг. Тэгэхээр нь хуулбар хийлгээд үзмэртээ байршуулдаг. Уран зургийн мэдлэг, боловсролтой хүн л үүнийг ялгаж танина. Энгийн хүмүүс “Сайхан зураг байна” гэж харчихаад л өнгөрдөг юм. Уран зургийн галерейд байгаа Монголын сор болсон зураачдын сод бүтээлүүд бүгд алга болсон гэх яриа ч олны дунд байдаг. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. Одоогоор 20 орчим жилийн өмнөөс л хараа хяналт суларсан. Үүнийг ашиглаж цөөн тооны хүн эх хувилбарыг нь худалдсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зургуудыг нарийвчилж шинжилгээнд өгмөөр байна. Олон жил энэ хардлага явж байна. Тэр өдөр, тэр гэж хүн тэгж авч явсан гээд л ярьдаг. Бүр хуулбар нь ч мэдэгдэхгүй, жинхэнэ нь ч мэдэгдэхгүй зураг хилийн чанадад ховор зураг цуглуулдаг хүмүүст байдаг. Хуулбар байлаа гэхэд хэн, хэзээ, хэнээр хуулбар хийлгэсэн бэ гэдэг нь маш чухал. Мөн ховор үзмэр, уран зураг цуглуулдаг хүмүүс эх хувилбарыг нь ямар нэгэн аргаар авахыг л хүсдэг юм. Түүнээс хуулбарыг хараад сэтгэл, нүдээ баясгаад суухыг хэн ч хүсэхгүй. Үнэхээр зураг цуглуулагчид жинхэнэ бүтээлийг худалдаж авдаг болохоос хуулбарыг нь авдаггүй юм. 

-Хуулбар мөн эсэхийг музей, галерейн мэргэжилтнүүд мэддэггүй юм уу. Үгүй ядахдаа зурсан зураач нь мэднэ биз дээ?
-Уран зургийн эх хувилбар алга болж байж магадгүй гэсэн таамаг яагаад дэвшүүлж байна вэ гэхээр хэд хэдэн үндэслэл байна. Үзмэрт байгаа зургаа шууд хараад таних хүн Монголд цөөхөн байна. Дарга нь солигдохоор л мэргэжилтнүүд нь солигдоод, ямар ч мэдлэггүй хүн ороод ирж байна. Тэгэхээр хэн ч хосгүй үнэт үзмэрүүдэд эзэн болж чадахгүй байна. Урлаг судлаач, зураг, үзмэрүүдийг мэддэг хүмүүс нь нас дээр гараад эхнээсээ бурхан болж байна. Тэр хүн мэдэх болов уу гэсэн хүн нь цус харваад, эсвэл гэрээсээ гарч чадахгүй болчихоод байна шүү дээ. Хосгүй үнэт үзмэр, уран зургийн цаана ийм л асуудал байгааг хэн ч зоригтойгоор ярьж чадахгүй байна. Ярих боломж ч үнэндээ алга. Шүүмжлээд яривал энэ салбартаа ад үзэгдээд хавчлага, шахалтад орно. Хэдэн жилийн  өмнө томоохон албан тушаалтан гэр рүүгээ уран зураг авч яваад хадгалж байсныг нэг мэргэжилтэн нь цагдаад мэдэгдсэн. Цагдаа нь шалгах болсон. Тэгсэн нөгөө цагдаа захиралтай нь хуйвалдсан байж магадгүй гэсэн матаас ЦЕГ-т очсон байна лээ. Тэр “матаас”-наас болоод сүүлийн үед уран зурагтай холбоотой асуудлаар гаршиж байсан цагдаа ажилгүй болчихсон. Одоо цагдаад түүн шиг мэдлэгтэй, ажилдаа гаршиж байсан хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Уран зургийн галерейн захирал болсон нэг залуу зоригтойгоор “Энэ хэдэн зурагнууд хуулбар юм биш үү. Ноцтой зүйл ажиглагдаад байна” гэж хэлээд ад болсон. Түүний яриаг тал талаас нь намжаагаад л өнгөрсөн.  Өөр нэг ноцтой асуудал байдаг. Уран зургийн галерейд  2009 оны  тавдугаар сарын 19-ний өдөр томоохон гал гарсан. Энэ галаар 1921-1990 онд хамаарагдах 106 уран зураг бүрэн шатаж, 78 зураг 50-80 хувь шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг ямар нэгэн гэмтэлтэй болсон шүү дээ. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн самууны хэргээс үүдэлтэйгээр уран зургийн галерейн фонд өртөөгүй зөвхөн коридорт байсан таван зураг өртсөн  байдаг.  Энэ үеэр зургаан зураг алга болсон гэх асуудал яригддаг. 

ДЭЛХИЙН УРАН ЗУРГИЙН ЕРТӨНЦИЙН ШИНЭ СУДЛАГДАХУУН БОЛСОН  МОНГОЛ ЗУРААЧДЫН СОР БҮТЭЭЛҮҮД

Одоогоос хэдэн жилийн өмнө дэлхийн уран зураг сонирхогчид болон зураачид манайхныг огт тооддоггүй байсан гэнэ. “Монгол зураачдын уран зураг гэж хүүхэд зурчихсан юм шиг байдаг, алслалт, гэрэл сүүдэр, перспективт  тааруу  болхи, өрнийн зурагтай  зэрэгцүүлж харах шаардлага байхгүй” гээд л шүүмжилдэг байсан гэнэ. Тэгвэл сүүлийн үед дэлхийн уран зураг судлаачдын харах өнцөг өөр болж, Монголын уран зургийн үнэлэмж хэд дахин нэмэгджээ. “Нүүдэлчид урлагт хандахдаа нүдэнд үзэгдэх үнэнийг бус сэтгэл зүрхэнд үлдэх үнэнийг дүрсэлж ирсэн” гэж товчхон тодорхойлжээ. Үүнийгээ дагаж уран зураг цуглуулагчдын сонирхолыг асар ихээр татах болсон байна. Тиймдээ ч Монголын алдарт зураачдын бүтээлүүд хэдэн сая ам.доллар хүрч эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, зураачдын уран зургийн эх хувилбар хадгалаастай байгаа хүмүүс их хэмжээний ашиг олох боломж нээгдчихсэн байна. Ингээд хадгалж байсан зургуудаа гадаадад борлуулж эхэлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан уран зураг сонирхогч нэгэн “Монголын зураачдын уран зураг дэлхийн томоохон зураг цуглуулагчдын сан хөмрөгт эх хувиараа байна. Хэдийдээ монголчууд өнгөтэй өөдтэй гэсэн уран зураг болгоноо гадагш нь зарчихсан юм бэ” хэмээн дуу алдан ярьсан удаатай. 

Б.САРАНТУЯА: 2000-ААД ОНЫ ҮЕД УРАН ЗУРГУУД СОЛИГДСОН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Зураачдын бидэнд өгсөн мэдээлэл хэр бодит мэдээлэл вэ гэдгийг албаны хүмүүстэй уулзаж тодруулсан юм.  Мөн холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулынхан уран зураг хуулбарлан зарсан хэрэг дээр хэрхэн ажилладаг талаар сурвалжиллаа. Ингээд Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяагаас дараах тодруулгыг авлаа. 

-Монголын уран зургийн галерейд хадгалагдаж байгаа бүтээлүүдийг жилд хэдэн удаа шалгадаг вэ?
-Манай галерейд 4000 гаруй бүтээл бий. Улсын тооллого дөрвөн жилд, захирлын нэрэмжит шалгалт хоёр жилд нэг удаа болдог. Улсын ээлжит тооллого 2018-2019 онд болсон. Энэ үеэр галерейн төв байранд байгаагаас гадна Төрийн ордон, Их тэнгэрийн аманд байгаа бүтээлүүдийг хамтад нь тоолсон. 

-Энд байгаа бүтээлүүдэд танайхаас гадна ямар байгууллага хяналт тавьдаг вэ? 
-Манай байгууллагад хяналт тавьдаг олон газар бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МХЕГ, БСШУСЯ, ТЕГ, Соёлын өвийн үндэсний төв хяналт тавьж ажилладаг. Дээр дурдсан хоёр удаагийн шалгалтаас гадна МХЕГ-аас байнга шалгалт хийдэг. Тухайн бүтээл жинхэнэ эх хувилбар эсэхийг Соёлын өвийн үндэсний төв тодорхойлдог. 

-Шалгалтыг хэрхэн хийдэг вэ. Дан ганц тоолоод өнгөрдөг юм биш биз? 
-Дан ганц тоолоод өнгөрдөггүй. Маш нарийн шалгадаг. Тухайлбал, анх тоолоход энэ зураг 500 грамм жинтэй, нэг метр хэмжээтэй, баруун дээд буландаа будаг нь халцарсан байсан бол одоо яг ийм байна уу гэдгийг дараагийн тооллогоор тодорхой болгодог. Үүгээр тэр зураг эх хувилбар мөн эсэхийг баталдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд зургийн жааз хөнгөрөх, ганц нэг жингийн ялгаа гарах тохиолдол бий. 

-Тооллогоор бүтээлийн жин, хэмжээгээр эх хувилбар нь байна гэж боддог юм байна. Харин даавуу, будгийг нь нарийн шинжилгээнд өгдөг үү? 
-Тийм юм байхгүй. Уран зургийн галерейд түймэр гарч, 900 гаруй бүтээл шатаж, бохирдсон. Тэр бүтээлүүдий сэргээх ажлын хүрээнд олон улс руу хүсэлт тавьж, хандсан. Одоогоор 300 гаруй бүтээлийг сэргээж авах дутуу байгаа. Тэр үеэр зарим зургийн эх хувилбарыг нь шалгуулахаар Тайвань руу явуулж байсан.

-Галерейгаас зураг алга болж байсан удаа бий юү?
-Би ажлаа аваад хоёр жил болох гэж байна. Үүнээс өмнө ямар байсныг мэдэхгүй. Ийм яриа бол байдаг. Манайх Эрүүгийн цагдаагийн албатай хамтран 10-20 жилийн өмнө алга болсон, хаачсан нь мэдэгдэхгүй байгаа зургуудыг эрэн сурвалжилж байгаа. Үүнээс өөрөөр ойрын хэдэн жилд зураг алга болж, солигдсон асуудал гараагүй. Манайх чинь ус, дулаан мэдрэгчтэй, өндөр технологийн камертай. Зураг алга болох ямар ч боломжгүй. Сан хөмрөгт хамгийн багадаа гурван хүн орох ёстой. Орж, гарсан хүн болгон тэмдэглэгээ хийнэ. Би анх ажлаа хүлээж авахдаа “Зураг алга болдог, шатдаг гэсэн ойлголттой байсан. Харин ажлаа авснаас хойш тийм зүйл байх боломжгүйг мэдсэн. Энгийн иргэд “Ачааны машин ирээд, хэдэн зургийг нь авч яваад, хуурамч бүтээл өлгөчихдөг гэж боддог байж магадгүй.  Алтан сан хөмрөгт алхаж, гишгэх нь нарийн шүү дээ. 2000-аад оны үед нийгэм хэцүү байсан учраас зураг алга болж, солигдсон байж магадгүй. Түүнийг үгүйсгэх аргагүй юм. 

-Удирдлага солигдоход  мэргэжилтнүүд бас дагаад өөрчлөгддөг. Тэр бүрт бүтээлүүдийг тоолж хүлээж авдаг уу? 
-Миний бие энэ ажлыг хүлээж аваад бүтээлүүдийг дөрвөн удаа тоолсон. Галерейн амин сүнс болсон сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч хүмүүс солигдоход тоолох ёстой. Энэ их улсын хөрөнгийг толгойгоороо хариуцаж байгаа бид тоолохгүй гээд яах вэ. Галерейд чухал албан тушаал хашиж байгаа бүх хүний гурван үеийн мэдээлэл ТЕГ-ын мэдээллийн санд хянагдаж байдаг. 

-Одоо байгаа 4000 гаруй бүтээл бүгд эх хувилбар нь гэдгийг хэн батлах вэ?  
-Намайг ажил хүлээж авахаас өмнө зарим зургийг хуурамч гээд байсан асуудлыг шийдчихсэн. Тийм учраас намайг ажлаа авснаас хойш хуурамч зургийн асуудал огт гараагүй. Харин Их тэнгэрийн аманд хуурамч зургийн асуудал гарсан. Төв байранд бол тийм юм огт байхгүй. Бүгд эх хувилбараараа байгаа. 

ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН 34 УРАН ЗУРАГ ОДОО Ч ОЛДООГҮЙ БАЙНА

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “Бид Монголын уран зургийн галерей дахь бүтээлүүдийг бүртгэж, хяналт шалгалт тогтмол хийдэг. Хоёр жилийн өмнөх тооллогоор дутсан, алга болсон бүтээл байгаагүй. Харин Их тэнгэрийн аманд байсан зургийн эх хувилбарууд алга болсон асуудал гарсан. Тодруулбал, анх 1986 онд нэлээн хэдэн зургийг тийш нь шилжүүлсэн юм билээ. 2008 онд тэдгээр зургийг тоолж, тоо судалгааг нь гаргасан. Харин 2012, 2018 онд зургуудыг дахин тоолж, нягталсан. Архивын баримтуудаас нарийн мэдээлэл цуглуулж, дахин шалгасан. Гэтэл 2008 онд бүртгэж авсан зургууд 1986 онд шилжүүлсэн зургууд биш болж таарсан. Одоогоор 34 зураг солигдсон талаар яригдаж, шалгагдаж байгаа. Энэ хэрэг шалгагдаж байгаа учир мөрдөн байцаагч, цагдаа нараас тодруулсан нь дээр. Уран зургийн галлерейд түймэр гарсны улмаас 400 гаруй зураг гэмтсэн байдаг. Нийт 900 орчим зураг бохирдсон. Үүнээс Соёлын өвийн үндэсний төв, АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж, цэвэрлэж, анхных нь төрхөнд оруулсан зураг олон бий. Шатсанаас болж ор тас сэргээж чадахгүй байгаа зураг ч бий. Зураач, уран бүтээлчидтэй нь холбогдож “Хэрхэн яаж сэргээж зурах уу, тал нь шатсан зургийг яаж бүтэн болгох уу” гэдгийг ярьж, тодорхой ажил хийж байна. Уран зургууд солигдсон гэдэг яриа, цөөнгүй гардаг. Иймээс бид Монголын урчуудын эвлэлийн хорооноос мэргэжлийн хүмүүсийг авчирч, тооллогын ажилд оролцуулсан. Тэд бүх зургийг ном журмын дагуу хадгалагдаж байгааг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Тэр бүү хэл 2019 оны хоёрдугаар сард тухайн зургийг зурсан зураачдыг өөрсдийг нь авчирч, өөрийнх нь зургийг таниулсан. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сэжиг, хардлага, төөрөгдөлт бодит хариулт өгөх зорилгоор зураачдыг нь яриулж, тайлбар өгүүлэх зэрэг цөөнгүй ажил хийсэн. Ер нь хяналт, шалгалт маш сайн хийж байгаа. Жишээлбэл, төр дөрвөн жил тутамд тооллогоор дамжуулж хянадаг. Байгууллага хоёр жилд нэг тооллого хийдэг. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийнэ. Үүгээр зогсохгүй, бид түүвэрлэх аргаар гэнэтийн шалгалт явуулдаг. Иймээс хяналт шалгалтын ажил багадаагүй. Дээрээс нь эх зураг солигдсон, дутсан, хулгайлагдсан тохиолдол байхгүй. Харин Их тэнгэрийн аманд зураг солигдсон. Түүнчлэн зарим зураг шатсан. Энэ хоёр бол бэрхшээлтэй, амаргүй асуудлууд. Өөр ямар ч асуудал байхгүй” гэв. 
Харин Соёлын өвийн үндэсний төвөөс энэ талаар тодруулахад “Бид сэргээн засах ажил болон бүртгэл мэдээллийг хийдэг. Тооллогод хяналт тавьж, тодорхой хэмжээнд оролцдог. Одоогийн байдлаар галерейд бүтээлүүдэд нарийвчилсан шалгалт хийгээд эх хувилбар гэдгийг нь баталчихсан зүйл байхгүй” гэлээ. 

Үргэлжлэл бий... 
Эрэн сурвалжлах нэгдэл

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН