Төрийн албан хаагчдад хамгийн халтай бас хаялагатай нь сонгуулийн жил. Энэ хугацаанд тэд үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байх эрхгүй болж хувирдаг. Өнгөн дээрээ төрийн алба улс төрөөс хараат бус байхаар заасан ч  хачир дээрээ намаас уяатай, намын даалгавар биелүүлэх үүрэгтэйг “дээрээс” шахаж дарамтална. Хэдэрлэвэл ажилтай, цалинтай нь цаашлаад ах, дүү, хамаатантай нь “ярина” гэсэн сүрдүүлгэн дунд төрийн албан хаагчид ажилладаг. Эзэн нь унавал лааз өшиглөж, УИХ-ын гишүүн болбол суудал ахидаг дүрэмтэй. Намчирхал, талцлын энэ аюул орон нутагт улам тод мэдрэгдэнэ. Суманд бол нэгнээ “Тэр намын хүн” гэж цоллох үзэгдэл энүүхэнд. Гэтэл энэхүү бичигдээгүй хуулийн цаана төрийн албыг ашиг хонжоо, эрх мэдэлд хүрэх шат дамжлага болгон ашиглаж ирсэн. Бүр тодруулбал, хүссэндээ хүрэхийн тулд  сонгуулийн будилааныг төрийн албан хаагчдын гараар хийдэг гаж тогтолцоо улам бэхжиж, арга нь нарийссаар байгааг хэр удаан тоохгүй өнгөрүүлэх вэ.

 

СОНГУУЛИЙГ БУДИЛУУЛДАГ ГОЛ ХҮМҮҮС НЬ ДУНД ШАТНЫ ТӨРИЙН АЛБАНЫХАН

 

Хуулиараа төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгааны штабт  ажиллах хориотой. Түүнээс биш хувийн үзэл бодлоо өөрийн орон зайдаа чөлөөтэй илэрхийлэх нь ямар ч хуульд харшлахгүй. Төрийн албаны хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байна” гэж заасан ч сонгуулийн үеэр үүнийг бүхлээр нь үгүйсгэж, баллуурддаг нь төр, түмний нүдэнд ил байж ирлээ.Төрийн албан хаагчдын нэг хэсэг нь хүчээр тулгасан дарамт, айдсан дунд учраа олохгүй бүлтэгнэж зогсдог бол нөгөө хэсэг нь төрийн үйлчилгээгээр барьцаалж түмний саналыг худалдаж авдаг жишиг тогтов.

 

Хамгийн наад захын жишээ бол төрийн албан хаагчид эсрэг намын уулзалтад очиж чадахгүй булан тохойд нуугдаж, сүүдэр бараадан нугдайж суудгийг хэн ч мэднэ. Тэд өөрсдөө ч энэ зовлонгоо ний нуугүй ярьдаг. Энэ бүхнээс харахад ужгирч дагтаршсан энэ тогтолцоог халахын тулд төрийн албыг сонгуулиас хол байлгах зайлшгүй шаардлагатай болсныг сонгуулийг будилаантуулсан олон жишээнээс харж болох юм.

Сонгуулийн булхайг ихэнхдээ эрх баригчдын “толгой”-ноос хайж, харддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ сонгуулийг будилуулдаг гол хүмүүс нь дунд шатны төрийн албаныхан. Тэд даргадаа, ажилд томилсон эзэндээ тал засахын тулд иргэдийн эмзэг байдал, сул талыг овжин ашиглаж иргэдийн саналыг хүнсний талон, хүүхдийн мөнгө, халамжийн сунгалтаар барьцаалж гаршчээ. Сонгуульд санал өгөхийн өмнөхөн хүүхдийн мөнгөний судалгааг шинэчилж нэрийг нь нэмнэ гэх. Халамж, хүнсний талоны сунгалтыг урьдчилан тэмдэглэж авч байх. Үгэнд нь орохгүй  бол үг дуугүй хасна гэдгийг иргэд хэлж байна. Гэтэл энгийн үед энэ бүхэн хэзээ шударга явагдаж, илбийн юм шиг амархан сунгагддаг байлаа даа. Ямар сайндаа хөгшид “Сонгууль ойртохоор төрийн үйлчилгээ өмнө минь өөрөө хүрээд ирдэг юм байна” хэмээн халаглаж байх вэ. Бүр сүүлдээ  сонгуулийн барьцаа шатахууны карт, сүлжээний бүтээгдэхүүн болж өргөжив. Бэлэн мөнгө тараалтыг бол бичээд ч хэрэггүй. Саналыг худалдаж авдаг, мөнгө өгдөг бүлэг бий болсон гэхэд хэтрэхгүй. Ингэж булхай, будилааныг төрийн алба, үйлчилгээгээр далайлгадаг тогтолцоо амь бөхтэй оршиж байна.

 

СОНГУУЛИЙН ХОРООНД САЙН ДУРЫНХАН, ХӨНДЛӨНГИЙН ХҮМҮҮСИЙГ ОРУУЛЪЯ

Аль ч шатны сонгуулийн хороо төрийн албан хаагчдаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, наанаа нам бус царайлж цаашаа харахдаа ханцуйн дотроо хуйвалдах жишээтэй. Үүний уг үндэс нь өнөөх л төрийн албаны залгамж халаа, мерит зарчим алдагдсанаас үүдэлтэй. Энэ нь ч сонгуулийн цикль хооронд үндэслэлгүйгээр ажлаас халагддаг хүмүүсийн тоо баримтаас харагдана. Тухайлбал, 2016 оноос өмнө шүүхийн шийдвэрээр 277 иргэн, аж ахуйн нэгжид 8.8 тэрбумын өр төлөхөөр тусгасны 1.1 тэрбум нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас олгох хохирлын нөхөн төлбөр байв. Мөн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн гаргаснаар төрийн үйлчилгээний болон хувийн байгууллагатай холбоотой ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гомдол 2014 онд 72, 2015 онд 910, 2016 онд 1213-ыг шүүхээр шийдвэрлэсэн тоо баримт бий. Энэ бол эрх мэдэлтэй болонгуутаа багаа бүрдүүлдгийн гор. Тэр багт нь орж албан тушаалд очсон хүн эргээд эзэндээ үйлчлэхээс аргагүй ийм л тогтолцоо төрийн албанд ноёлж байна. Энэ систем, схемийг хүн бүр мэддэг, шүүмжилдэг. Харамсалтай нь өөрчлөхийг хэн ч хүсдэггүй. Байх л мэтээр хүлээн авч, сонгуулийн үеэр талцаж тохиролцоод л өнгөрдөг.

Тиймээс нэн тэргүүнд төрийн албыг сонгуулиас хол байлгах нэгдсэн зохицуулалт хийх шаардлагатай. Сонгуулийн хороонд сайн дурынхан, хувийн хэвшил, хөндлөнгийн хүмүүсийг түлхүү ажиллуулах хэрэгтэй. 

 

Сонгуулийн үеэр сайн дураараа ажиллах хүмүүсийг нээлттэй бүртгэж, өрсөлдүүлж сонгон шалгаруулж болно. Үүнд залуучууд ч идэвхтэй байж ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээлцэх учиртай. Түүнээс өнөөгийнх шиг ажиглагч нэрээр “амьгүй” албат болгодог байгаад нэмэргүй. Ингэж л төрийн албаны урт хөлийг тасдаж, хязгаарлаж байж сонгууль  шударга, ил тод боллоо гэж хэлж болно.

Нөгөө талаас шат шатандаа төрийн албаны мерит зарчим үйлчилдэг бол төрийн албан хаагчид даргын ачийг хариулна гэж айхгүйгээр үзэл бодолдоо үнэнч байж чадна. Тэр хэрээр төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүй дээшилж иргэнээ сонсдог болох юм.

 

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин