Тун удахгүй нээгдэж ашиглалтанд орох байсан баянзүрх дүүргийн 12, 26 дугаар хорооны гэр хороололыг дүнжингаравын хурдны авто замтай холбосон шинэ замын ажил нэг айлаас болоод зогсоход хүрээд байна.

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, дамжин өнгөрөх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хэвтээ тэнхлэгийн дагуу хамгийн ачаалалтай цэгүүдэд нүхэн гарц байгуулахаар төлөвлөсөний нэг “Жанжин нүхэн гарц” юм. Тус байгууламжийн далангийн өндөр 14 метр, хоёр эгнээ бүхий 4 метрийн өргөнтэй, 20,9 метрийн урттай авто замаас гадна хоёр талаараа 1,5 метрийн өргөнтэй явган хүний зам тавигдаж ашиглалтанд ороход тун ойртжээ.

Төмөр зам доогуурх явган зорчигч болон автомашинд зориулсан нүхэн гарц, авто зам нээгдсэнээр хотын баруун чиглэлээс зүүн тийшээ чиглэсэн урсгал шууд босоо тэнхлэгт хуваагдсанаар авто замын ачаалалыг 50-70% буурна гэж тооцоолжээ.
Энэхүү нүхэн гарцыг барихад дөрвөн нэгж талбарын 9627м талбай өртсөн. Иргэд цаг хугацаа хэмнэсэн бүтээн байгуулалтанд зориулан газраа чөлөөлсөн ч нэг иргэн газраа чөлөөлөхөөс татгалзсанаар бүтээн байгуулалтын ажил удааширч байна.


Тус хорооны иргэн Г. Бат-Орших: Энэ жил цар тахал гээд хичээл сургууль амарч орой эхэлсэн. Тэгээгүй бол энэ хойд зам дээр хэдэн цагаар ч хамаагүй түгжирдэг. Дүнжингаравын хурдны зам хүрэхийн тулд баруун тийшээ 10 гаран км явна эсвэл зүүн тийшээ 5 км түгжирж явна. Өвөл оройн цагаар цэцэрлэг сургуулийн хүүхдүүд их зутардаг. Харин энэ нүхэн гарц тавигдчихвал заавал төв замтай нийлээд байхааргүй шууд урагшаа гараад явчихна. Үр дүнтэй бүтээн байгуулалт болно гэлээ.


Ж.Туваан: ажил маань III цахилгаан станц. Нэг их хол биш ч, их түгжирч, цаг алддаг. Бас манай аавынх Туул сууринд байдаг. Очиход хэцүү заавал тойрно. Харин энэ нүхэн гарц байгуулагдчихвал шууд л урагшаа гарчихна. Ийм бүтээн байгуулалтыг бол дэмжинэ. Газраа шууд л чөлөөлсөн гэлээ.