Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн томилолтын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалыг зарим этгээд санаатай болон санамсаргүй байдлаар “айлчлал”, “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэх мэтээр мушгин тайлбарлахгүй байхыг хүсэж байна. Ялангуяа Баян-Өлгий.мн зэрэг цахим сайтууд, УИХ-ын зарим гишүүн болон улс төрчдөд үүнийг анхааруулан хэлмээр байна.

Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй. Намайг хуульч болоход дэмжиж, чиглүүлсэн хүн казах хүн. Ээжид минь зүрхний хагалгаа хийсэн эмч мөн казах хүн. Сонгуульд оролцож, намайг өмгөөлөн хамгаалж, тойрогт нэр дэвшихэд тусалж дэмжсэн хүмүүсийн дунд ч казах иргэд олон байсан.

Сүүлийн 36 жилийн хугацаанд төр, засаг алслагдсан аймаг, сумдад хүрч ажиллаж, анхаарал тавьж чадаагүй нь үнэн. Үүний улмаас казах, урианхай, тува, дөрвөд, халх зэрэг ястнуудын эрх ашиг, нийгмийн асуудал орхигдсон тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ үүнээс болж засаж залруулах боломжгүй ангал, хагарал үүссэн гэж би бодохгүй байна.

Хэл, соёл, уламжлалаа хадгалан үлдэх хүсэл улс орон бүрийн үндэсний цөөнхөд байдаг нийтлэг зүйл. Үүнийг ойлгож, төр, засгаас олон нааштай арга хэмжээ авч ирсэн. Үүний үр дүнд Казахстаны казах иргэдтэй харьцуулахад Баян-Өлгийн казахууд түүх, соёл, уламжлалаа илүү сайн хадгалан үлдэж чадсан нь бодит үнэн. Үүнтэй олон казах хүн маргахгүй болов уу.

Аливаа үл ойлголцол, маргаанд ухаантай нь буруугаа хүлээж, асуудлыг намжаахыг хичээдэг. Тиймээс “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэг шиг Өлгийчүүд та бүхэн болсон үйл явдалд бодитой дүгнэлт хийж, хүлээцтэй хандаасай. Ард иргэдийн зүгээс хэлж буй үг, шүүмжлэлийг анхааран сонсож, шаардлагатай зүйлээ засаж сайжруулахыг хүсэж байна.

Ард иргэд ч мөн сошиал орчны хэт хөөрөл, талцлаас ангид байж, аливаа асуудалд илүү ухаалаг, хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна. Монголчуудын “Толгой хагаравч малгайдаа, олгой хагаравч тогоондоо” хэмээх үгийг санаж, нэгдмэл Монгол Улсыг хагарал, муудалцаантай байлгахыг зорьж буй аливаа гаднын хүчин болон тэдний гар хөл болсон этгээдүүдийн турхиралт, өгөөшинд авталгүй, эв эеийг эрхэмлэн, нэгдмэл Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.