Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай хэн хүнгүй л ярьж байна. Гэвч энэ үгийг зөвхөн материаллаг зүйл хэмээн ойлгодог цаг өнгөрчээ. Монголчууд оюу­ны үйлдвэрлэл хэмээх агуу баялгаа танин мэ­дэж, түү­гээрээ эх орноо суртал­чилж,  дэлхий дахинд гай­хуулсаар багагүй хугацааг ардаа үдлээ.

Дэлхийд гайхагдсан үндэс­ний урлагаас гадна сонгодог урлагаар хүртэл монголчууд дэлхийн ард түмний чи­хийг дэлдийлгэж, нүдийг бүл­тийлгэж байна.

Тэгсэн атлаа “Монголын кино ур­лаг мөхлөө, сэхлээ” гэж талц­саар 20 гаруй жилийг элээв. Олон жил дараалсан хатуу банга хүртсэний эцэст монгол киночид санаж, сэрж, сэтгэж, бүтээж эхэлсэн. Ямагт чихнээс хонх зүүсээр ирсэн монгол кино олон улсын хэмжээнд үнэ­лэгдэж, хэд хэдэн наадмаас шагнал гардав. Нэгэн үе кино театраас гарахдаа төл­сөн мөнгөнийхөө араас ха­рам­сал тээдэг байсан монгол­чууд монгол киног хошууран үзэцгээдэг болов.

“Тэнгис”, “Өргөө” хэмээх хоёрхон кино театрт монгол киночдын урт дараалал үүсч, зарим нь бүр хагас жил хүлээж байж хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнах эрх авах болжээ. Гэтэл кино урлаг да­хиад л чихнээс хонх уяж эхлэв. “Кино театрууд моно­польдож, киночдын хөдөл­мөрийг шулж байна” гэнэ. О.Магнай Шударга өр­сөл­дөөн, хэрэглэгчийн тө­лөө газрын даргаар томи­логд­соноор олон жил ярьж, хэлээд хүчрээгүй киночдын хүс­лийг биелүүлж, Монгол киноны түүхэнд “том гавьяа байгуулав”.

Орлогынхоо 70 хувийг кино театрын удирдлагуудад “алддаг” байсан киночид одоо өөрсдөө 42-48 хувийг авдаг болсон тул хэсэгтээ л “амаа үдүүлсэн” мэт таг дуугүй байх биз. Гэвч нийс­лэл төдийгүй Монгол даяар монопольдох “Өргөө”, “Тэн­гис”-ийг тийм ч амархан буулгаж авч чадахгүй нь бололтой. Дээрх кино театрууд ор­логын­хоо дийлэнх хувийг гадаад киноноос олдог нь нууц биш.

Гэтэл барууны зах зээлд ашиг ор­логоороо тэргүүлэгч, шилдэг кино­нуудыг Монголын кино теат­руудад гаргаж ч ам­жаагүй бай­хад нь цахим ер­төнцөөс олоод үзчих бо­ломжтой. Үгүй юм гэхэд, сар хүрэхгүй хугацааны дараа Монголын телевизүүдээр ээлж дараалан цацдаг. Энэ ч утгаараа монголчууд хад­мал орчуулгатай гадаад кино­ноос илүү монгол кино үзэх сонирхолтой байдаг.

Гэвч 2012 оны хувьд кино зэх заалд эрэлт нь нийлүүлэлтээсээ хол давжээ. Өнгөрсөн намраас хойш “Тэн­гис”, “Өргөө” кино театруудад “Би эмэгтэй хүн”, “Помогите нам-3”, “Дэлхийд дурласан сар” гэсэн гуравхан монгол кино гарчээ. Гэтэл эдгээр киноны тасалбар үзвэр эхлэхээс 2-3 цагийн өмнө дуусаж байсан. Энэ ч утгаараа оны сүүлчээр “Дэлхийд дурласан сар” ганцаараа ноёрхож, уран бүтээлчид нь ч халаасаа багагүй түнтийлгэсэн юм.

Шинэ он гарснаас хойш “Тэн­гис”, “Өргөө”-д “Ану хатан”, “Ерөнхийлөгчийн туслах” гэсэн хоёрхон монгол кино гарч байгаа. Гэтэл мон­гол киног зөвхөн өдрийн цагаар л үзэх боломжтой аж. Өндөр өртгөөр бүтсэн түүхэн кино гэдэг утгаараа “Ану хатан”-ы тасалбар бусдаас үнэтэй байгаа болоод ч тэр үү, давуу эрх эдэлжээ. Өөрөөр хэлбэл, “Ану хатан”-г хэзээ ч үзэж болно.

Харин “Ерөнхийлөгчийн туслах” хэмээх киног зөвхөн 14, 16, 18 цагуудад л үзэж болно. Ойрын үед шинэ мон­гол кино хэзээ гарахыг су­раг­лаваас нэ­лээд хэдэн кино үзвэрийн цаг сул­рахыг хүлээж байгаа сурагтай. Даанч “Баруунд ашиг ор­логоороо тэр­гүүлж, дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа олон арван кино дугаарлаад зогсож байгаа учир ши­нээр гарах монгол кинонуудыг ч бас өдрийн цагаар л гаргах бо­ломжтой” гэнэ.

Гэтэл өдрийн ца­гаар кино үзэх завтай хүн Мон­голд хэд билээ. Ингээд л монголчууд амьд­ралын боломж, олдог хэ­дийнхээ хэмжээнд бариг­­дан Эрээнээс зөөсөн хэрэг­тэй, хэрэггүй барааг сон­голтгүйгээр ху­далдаж авдаг шигээ баруунд шил­дэгт тоо­цогддог кинонуудыг хад­мал орчуулгатайгаар хүс­сэн ч, хүсээгүй ч үзэхээс өөр сон­голт бидэнд үлдсэнгүй.

“Өргөө”, “Тэнгис”-ийн удирд­лагууд монгол ки­ноч­дыг ашиг орлогоор нь дарамталж чадахгүй бол гаргадаг цагаар нь ийнхүү боохоо бас мэдэж байна аа. Мон­голд барууны киног дэмждэг шиг хилийн чанадад монгол киног  үзэгчдийг нь залхтал гаргадаг бол одоо яая гэх вэ. Хөөрхий хэдэн киночдод Мон­голд ч багтах орон зай олдохгүй нь дээ янз нь.