Монгол Улсын хувьд ач холбогдлоороо "Үндсэн хууль"-ийн дараа орохуйц маш чухал хоёр хууль бий. Эдгээр нь газрын ба харьяатын хуулиуд юм.

Газрын хууль нь Монгол улс оршин тогтнож буй газар нутгийн үндсэн харилцааг зохицуулдаг бол харьяатын хууль нь тэрхүү газар нутаг дээр хэн оршин суух вэ гэдгийг зааж өгдөг.Гэвч сүүлийн үед Монголын эрх баригчид газар нутгаа харь улсад худалдах, түрээслэх асуудалд нэр холбогдохын зэрэгцээ газрын хуулийг өөрчлөхөөр уйгагүй зүтгэх болсон. Тэгвэл энэ оны 2 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар харьяатын хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьжээ."Иргэний харьяаллын тухай" нэртэй уг төслийг УИХ өнгөрсөн хавар хэлэлцээд олонхийн саналаар дэмжиж, одоо санал хураалтаар батлах гэж байна.

Гэвч төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн хууль баталсны дараах сөрөг үр дагаварын талаар ихээхэн санаа зовинож буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлсэн. Тухайлбал, Ц.Даваасүрэн бодлогогүйгээр харь иргэдийг суурьшуулснаар үндэсний аюулгүй байдал эрсдэлд орохоор байна, иймд уг төслийг сонгуулийн өмнө яаран баталж болохгүй гэж сануулсан бол Лу.Болд Монгол улс газрын хэвлийн баялагаа иргэддээ хувь болгон хүртээж буй үед ийм чухал хуулийг илүү ул суурьтай хэлэлцэх ёстой гэж хэлжээ.

УИХ-ын чуулганаар дээрх төслийг хэлэлцсэн үйл явцыг ажихад гишүүдийн олонх нь дэмжсэн хэдий ч тэдний дунд төслийн үзэл баримтлал, зүйл, заалтуудтай сайтар танилцаж, ойлгоогүй хүмүүс байсан бололтой. Тухайлбал, уг төслийг дэмжсэн Ж.Батзандан шинэ хууль гарснаар дэлхийн 10 сая монголчуудаа татах ач холбогдолтой гэж хэлсэн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан 10 сая монголчуудыг дуудаж нэгтгэх үзэл, санаа бодол төсөлд огт байхгүй гэж түүний эндүүрлийг залруулжээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн энэ мэт эндүү ойлгож буйгаас үзвэл, харьяатын хуулийг яарч сандран өөрчлөх шаардлагатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Одоо хүчин төгөлдөр буй харьяатын хуулийг засаж, сайжруулах хэрэгцээ бий гэдгийг үгүйсгэж боломгүй. Дээрх төсөл өнөөгийн эрхзүйн баримт бичгүүдийн нэр томъёо зөрүүтэй, иргэдэд ойлгомжгүй, эрх бүхий байгууллагаас хэрэглэхэд хүндрэлтэй асуудлыг засах, Монгол улсыг хөгжүүлэхэд онц шаардлагатай мэргэжил, ур чадвар эзэмшсэн гадаад иргэдийн нөөц бололцоог ашиглах зорилготой ажээ. Мөн, хууль бусаар давхар харьяалал үүсгэсэн иргэн Монголд гэмт хэрэгт холбогдоод, давхар харьяалалтай улс руугаа зугтсан зөрчил гарч байна. Энэ мэт зөрчлийг хуулиар цэгцлэх ёстой гэдэг нь маргаангүй.

Гэвч Ц.Элбэгдоржийн санаачилсан төслийг уншиж нягтлахад төслийн үзэл баримтлалаас эхлээд гадаад иргэн Монголын иргэн болох үйл явц, байнга оршин суух эрх болон монгол угсаатантай холбоотой илэрхий асуудлууд гарч ирж байна. Ингээд уг төсөлд ямар асуудал буйг уншигч танд товч танилцуулъя.

Үзэл баримтлал дахь туйлшрал

Өнөөгийн хуулийг яагаад шинэчлэн найруулах хэрэгтэй вэ гэсэн төслийн үзэл баримтлалыг уншихад зарим талаар хэт туйлширч, ташаарсан байна. Үзэл баримтлалын хэсэгт төслийг баталсанаар Монгол улсын иргэний харьяаллын асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт "олон улсын жишигт" нийцнэ гэж ихэд сүржин үндэслэл гаргажээ. Гэвч дэлхийн улс орнуудад харьяаллын хуулийн нэгдмэл жишиг үгүй тул ямар жишгийн тухай өгүүлж буй нь ойлгомжгүй. Жишээ нь, иргэний харьяаллын тухайд давхар харьяаллыг зөвшөөрдөг улсууд байхад үүнийг хуулиараа хориглосон улс орнууд бий. Энэ нь тэдгээр улс орнууд уг асуудалд харилцан адилгүй бодлого, зарчим баримталдагаас үүдэлтэй.

Гадаад иргэнийг өөрийн иргэн болгох үйл явц зэрэг бусад харилцааг ч олон улсад харилцан адилгүй зохицуулж иржээ. Жишээ нь, Монгол улс 5 жил оршин суусан гадаад иргэнийг өөрийн харьяат болохыг хуулиараазөвшөөрдөг бол Швейцарьт энэхугацаа 10 жил байна. Хууль шинэчлэн найруулах үйл явц нь ч Монгол, Швейцарьт ихялгаатай байна. Монголд ийм чухал хуулийг хэн нэг албан тушаалтны дур санаачлагаар өөрчлөн найруулж, батлуулахаар парламентад өргөн барьж байгаа бол Швейцарьт хууль өөрчлөхдөө иргэдээсээ асууж, олон нийтийн санал хураалт явуулж хэвшжээ. Тухайлбал, саяхан тус улсад иргэн нь болох хүсэлтэй гадаад иргэний оршин суух хуулийн хугацааг богиносгох санал гарчээ. Ингээд иргэдийн санал хураалт явуулахад ихэнх швейцарьчууд уг саналыг зөвшөөрөөгүй ба 10 жил гэсэн хуулийн хугацаа хэвээр үлдсэн байна.

Угтаа харьяалал, гадаад иргэдийн эрхзүйн талаар Монгол улсад мөрдөж буй өнөөгийн эрх зүйн баримтуудын үзэл баримтлал, агуулгань олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмуудад нийцсэн, мөн улс орны хүн амын угсаатны бүтцийн харьцааг тэнцвэртэй хадгалж, үндэсний аюулгүй байдлыг өнөө хүртэл бас ч гэж муугүй хангасаар иржээ. Хэдийгээр асуудлууд бий, шийдэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх чөнөөгийн хууль олон улсын жишигт нийцээгүй, харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төсөл үзэл баримтлалын хувьд олон улсын жишигт нийцсэн гэж ойлгохоор туйлшруулж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд олон нийтэд ташаа ойлголт өгч байна.

Аюулгүй байдлын асуудал

Иргэний харьяаллын тухай хуулийн төслийн зорилтын хэсэгт нэг чухал заалт орсон нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улсын иргэн болох үйл явцыг хялбаршуулах ажээ. Үүнийг төслийн 1 дүгээр бүлгийн 4.15-д "энэ хуульд тусгайлан заасан тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улсын харьяат болгох асуудлыг хялбаршуулсан журмаар"шийдвэрлэнэ гэж заажээ. Тэгвэл, Монгол улсын харьяат болгох үйл явцыг хэрхэн хялбаршуулах гэж байна вэ?

Зарчмын хувьд, өнөөгийн хуулиар Монгол улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаад иргэнийг төрийн байгууллага 5 жил ажиглан судалсан байх ёстой ба энэ хугацаанд хүсэлт гаргагч монгол хэл, соёлыг сурч, гол нь Монгол улсын хуулийг сахин биелүүлж, улс үндэсний аюулгүй байдалд харшлахгүйгэдгээ батлан харуулсан байх ёстой. Энэ үйл явцыг өнөөгийн хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлд тодорхой зааж өгчээ.

Гэтэл одоо УИХ-аар хэлэлцэж буй төсөлд дээрх шаардлагыг хялбарчилсан байна.Төслийн 2 дугаар бүлгийн 11-р зүйлийн 11.1.1-11.1.6-д уг шаардлагыг тусгасан хуулийн агуулгыг шинээр найруулан оруулсан хэрнээ, араас нь залгаад "тодорхой нөхцөл хангасан" гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улсын харьяат болгоход зарим чухал шаардлагыг нь харгалзахгүй байж болох заалт оруулжээ. Үүнийг төслийн 11.2-т "Дараах нөхцөлийг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход энэ зүйлийн 11.1.1-11.1.4-т заасан шаардлагыг харгалзахгүй байж болно" гэж заагаад, дараахаар зохицуулахаар тусгажээ:

-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан;

-Хөх үнэмлэх эзэмшигч нь тус улсад таваас доошгүй жил амьдарсан.

Үүний дээр, тус зүйлийн 11.3-т Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ерөөсөө 11.1-д заасан дээрх шаардлагуудыг харгалзахгүйгээр Монгол улсын харьяат болгож болно гэж заажээ.

Иймд шинэ төсөлд гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг Монгол улсын харьяат болгоход тавьдаг чухал шаардлагуудыг "тодорхой нөхцөл" нэрийн дор нэлээд хөнгөрүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

Монгол угсаатны асуудал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төслийн нэг шинэ содон зүйл нь Монголд байнга оршин суух эрхийн үнэмлэх юм. Төсөлд үүнийг "Монгол Улсын Хөх үнэмлэх" гэж нэрлээд, "Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тус хуульд заасан болзол шалгуурыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсад оршин суух, улсын хилээр визгүйгээр нэвтрэх эрх олгосон баримт бичиг"гэж тодорхойлжээ. Хөх үнэмлэхийг 5 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 10 жилийн хугацаагаар сунгаж болохоор төсөлд заасан байна.

Хөх үнэмлэхийг Монгол улсад оршин суух хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгоно хэмээгээд "монгол үндэс, угсаатан" хүнд олгохоор заажээ. Гэвч хачирхалтай нь хуулийн төсөлд "монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ?" гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулжээ. Төслийн 7 дугаар бүлгийн 34.1.1-д монгол үндэс, угсаат хүний талаар зөвхөн дараах заалт төдийг оруулжээ:

"... гарал үүсэл нэг, төрийн хэл, бичгийн мэдлэгтэй Монгол үндэс, угсаатан."

Гэтэл монгол угсаатан хүний тодорхойлолтыг иргэний харьяаллын хуульд нарийн зааж өгч зохицуулахгүй бол эдгээр нь хуулийн дагалдах баримт бичгүүдэд яаж ч гуйван өөрчлөгдөж, эсвэл огт тусгагдахгүй байж болохоор байна. Монгол угсаа гаралтай хүн гэж хэнийг үзэх вэ гэсэн шалгуур тодорхой бус аваас Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хятад иргэд, эсвэл лалын шийт шашинт афган дүрвэгчдийг ч монгол угсаатанд хамруулан Монголд бөөнөөр нь суурьшуулах бүрэн боломж харагдаж байна.

Хөх үнэмлэхийг хэнд нь олгох вэ?

Төсөл батлагдсанаар дотор иргэд Монгол улсад бөөнөөр суурших боломжтой болно гэсэн болгоомжлол иргэд, улс төрчдөд байв. Тэгвэл энэ болгоомжлол хэр үндэстэй вэ?

Дээрх төсөлд монгол угсаат хүнийг тодорхойлох нарийвчилсан шалгуур тусгагдаагүй учраас өөрийгөө монгол угсаатай хэмээсэн хэн ч Монголд байнга оршин суух хөх үнэмлэх авах боломжтой харагдаж байна. Үүнийг БНХАУ-ын иргэдийн жишээнээс харж болно.

Хятадын монгол угсаатан оршин суудаг ӨМӨЗО-ны өнөөгийн хүн амын 80 орчим хувь нь хятад угсаатан бөгөөд Хятад дахь нийт монголчуудын тоо 5-6 сая орчим гэсэн мэдээ бий. Гэвч, зарим өвөрлөгч хүн Хятад дахь монгол угсаат хүн амын тоон мэдээ будлиантай гэж үздэг. Тэдний үздэгээр, хятадууд цөөнх угсаатны эдэлдэг зарим давуу эрх эдлэхийн тулд, монгол хэл сурч, хүн амын бүртгэлд өөрийгөө монгол угсаатан гэж хуурмагаарбүртгүүлдэг байна. Үүнээс үүдэн, өөрийгөө монгол гэж албан ёсоор бүртгүүлсэн хятадууднэлээд олон болсон бөгөөд монгол угсаатанхүн амын тоо албан ёсны мэдээнд дурддагаасцөөн байж магадгүй.

Иймд Хятадаас ирсэн монгол угсаат гэгдэх гадаад иргэдийг Монголд бүртгэж, оршин суух эрх өгөхдөө тэдний угсаа гарвалыг Хятад улсын хүн амын бүртгэл, бичиг баримтад үндэслэн тооцож болох уу гэсэн түвэгтэй асуулт гарч ирнэ. Тэгвэл шинэ хуулийн төсөлд ийм боломжбайна. Үүний дээр Хятадын засгийн газар хилийн чанадад зорчих өвөр монгол иргэдийг хатуу хянадаг тул Хятадаас Монголыг зорьж буй ихэнх иргэд нь өвөр монголчууд бус, харин хятадууд байдаг.

Өөр нэг илэрхий асуудал гэвэл, хөх үнэмлэхийг Монгол улсад оршин суух хүсэлтэй, тодорхой шаардлага хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгоно хэмээн төсөлд заахдаа "Монгол Улсад нэн шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологи эзэмшсэн, урлаг, спортын авьяастан болон онцгой шаардлагатай чадвар бүхий хүн"гэжээ. Үүнтэй ижил төстэй тохиолдолд зарим хөгжингүй улс орнуудхэрэгцээтэй мэргэжил, ур чадвартай гадны иргэдэд байнга оршин суух эрх олгохдоо тавих шаардлагуудыг ньнэлээд нарийн зааж өгдөг байна. Тухайлбал, Япон улс онцгой хэрэгцээтэй гадаад иргэдэд оршин суух эрх олгохдоо Нобелийн шагналтай,боловсролын хувьд докторын зэрэгтэй, нарийн ур чадваруудаа баталсан дэлхийн хэмжээний шагнал, урамшуулал хүртсэн байна гэх зэргээр олон тооны үнэ цэнэтэй нарийн шалгууруудыг хуулиндаа тодорхой тусгажээ.

Харин дээрх хуулийн төсөлд "онцгой шаардлагатай чадвартай" гадаад иргэд нь чухам хэн байх вэ гэдгийг мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт,боловсролын зэрэг зэрэг гэх мэт тодорхой шалгуур үзүүлэлтээр заагаагүй байна. Иймээс "ямар нэг онцгой чадвартай" гэгдсэн хүмүүс Монгол улсын хөх үнэмлэхийг ямар нэг арга замаар авах боломжтой бөгөөд тэдгээр нь "онцгой чадвартай" гагнуурчин, шаварчин хятад иргэд, авто машин засдаг ур чадвартай вьетнам иргэд байж болохгүй гэсэн хориг алга. Харин ийм асуудал дээр өнөөгийн эрх зүйн баримт бичгүүд давуутай байна. Өнөөгийн зохицуулалтаар Монголд олон мянган ажилгүй, ядуу харь иргэн орж ирж, суурьших замыг гадаад иргэнд тавьсан хөрөнгө оруулах чадвар буюу тодорхойх өрөнгийн баталгааны шаардлагаар бодитой хааж иржээ. Тэгвэл одоо дээрх мэт гадаад иргэдийн хувьд "ямар нэг онцгой чадвартай" нэрийн дор өнөөгийнх шиг бодит шүүлтүүр, хаалтад өртөхгүй байх боломж харагдаж эхэлж байна.

Эцэст нь өгүүлэхэд

Иргэний харьяаллын тухай хуулийн төслийннэн чухал үзэл баримтлал нь монгол иргэдээ гадаад улсад алдахгүй,эх нутаг руу нь татах ажээ. Гэвч дээр өгүүлсэн асуудлууд уг хуулийн төсөл Монгол улсын иргэний харъяаллын үнэ хүндийгнэмэгдүүлэх бус, харин ч бууруулсан байж болохыг сануулж байна.Үүний зэрэгцээ, Монголд албан тушаалын гэмт хэрэг, авлигын асуудал нэн хүндэрсэн бөгөөд манай улс энэ тал дээр аль хэдийн дэлхийд дээгүүр ордог болжээ.Тэгвэл, ийм авлигатай улсад хөх үнэмлэх нь албан тушаалтнуудын хувьд "хууль ёсны" ашигтай бизнес болж хувирах аятай боломж нь байж болох юм.

Жич: Дээрх хуулийн төслийг боловсруулахад монгол угсаатны асуудлаар мэргэжлийн түүхчидтэй өргөн хүрээнд нухацтай зөвлөлдөөгүй болно. Сүүлийн үед хойд Энэтхэг, Балбын бирм-түвд хэлт угсаатнууд, Афганистан дахь иран хэлтхазара, Сибирийн түрэг хэлт якутгэх мэт өөр хоорондоо хэл, соёлын үлэмж ялгаатайард түмнүүд болмонгол угсаатан гэсэн сурталчилгааг олон нийтэд зориулан өргөн хүрээнд явуулж байна. Гэвч энэ нь түүхийн шинжлэх ухааны үндэслэл нотолгоогүй болно. Монголд энэ мэт үзлийг Мүүнтэй холбогдсон байгууллага, хувь хүмүүс идэвхтэй тараадаг гэдгийг анхаарууштай.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар