Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ЭЕРЭГ үнэлгээ авсан анхны төсөв
2 цагийн өмнө
Төсвийн тогтвортой байдал, нөлөөллийн тухай хуульд 2023 онд өөрчлөлт оруулснаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төсөлд дүгнэлт өгөхөөс гадна макро эдийн засгийн тооцооллыг хийдэг болсон юм. Өмнө нь Засгийн газар өөрөө төсөөллөө хийгээд,өөрөө өөртөө дүн тавьчихдаг байсан гэсэн үг л дээ.
Одоо бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэх бие даасан, хараат бус эдийн засагчид тооцоолол хийж, дүгнэлтээ танилцуулдаг шинэ зохицуулалттай болсон. Өнгөрсөн онд Зөвлөлийн хараат бус гишүүдийн гаргасан дүгнэлтээр төсөв хэт тэлсэн, нүүрсний үнийг маш өндрөөр тооцсон гэх зэргээр УИХ-ын танхимд хүчтэй маргаан өрнөж байсныг хүмүүс мартаагүй байх.
Засгийн газраас олон нийтээр хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан 2026 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ УИХ-д танилцууллаа. Тэд 2026 оны улсын төсвийн төслийг бодит хөрсөн дээрээ буусан, тооцооллыг бодитой хийсэн гэх эерэг үнэлгээг Засгийн газарт өглөө. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын энэ зун хийсэн чухал алхам нь хөрсөн дээрээ буугаагүй хэт өөдрөг төсөөллийг төсвийн тодотгол хийх замаар инфляцын хөөрөгдөл, ханшийн өсөлтийг хазаарлаж чадсан гэж дүгнэлээ. 2026 оны төсвийн төсөл 31 их наядын зарлагатай байх тооцоолол нь боломжийн, бодитой дүн гэж үзэж байгаагаа олон нийтэд мэдээлэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийн талаар гаргасан дүгнэлт Засгийн газраас өргөн барьсан төсөлд биеллээ олжээ гэж тус зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяр онцолжээ.
Төсвөө танаж, хэт тэлэлтээс татгалзаж, нүүрсний орлогод дулдуйдаагүй нь эерэг үнэлгээ тавих үндэслэл болсныг тодотгон өгүүлжээ. Ганц жишээ дурдахад 2025 оны төсөвт тонн нүүрсний экспортын үнийг 105 ам.доллараар тооцсон нь энэ зун төсвийн орлого 3-4 их наяд төгрөгөөр тасрахад хүргэсэн. 2026 оны төсөвт 70 ам.доллараар тооцсон, ашиггүй хэрнээ данхар бүтэц, үрэлгэн төсөвтэй төрийн өмчит компаниудыг, Үндэсний хороодыг татан буулгасан, цомхотгосон нь эдийн засагчдаас эерэг үнэлгээ өгөхөд нөлөөлсөн нь дамжиггүй.
Эдгээр дотроос хамгийн чухал нь Засгийн газар бүсээ чангалах бодлогыг өөрөөсөө эхлүүлж, төсвийн тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшлүүдэд орон зай гаргаж өгсөн, татварын дарамтыг зөвхөн НӨАТ дээр 3-4 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцож төсвийг боловсруулсан нь нийгмийн захиалгад нийцсэн гэдгийг онцлох ёстой.
Сүүлийн жилүүдэд татварын дарамтыг бууруулъя гэж зориглон дуугарсан, төсвийн төсөлд бодитоор суулгасан Ерөнхий сайд нь Г.Занданшатар юм.
Тиймээс ч Төсвийн тогтовортой байдлын зөвлөлөөс эерэг үнэлгээ авсан анхны төсөв боллоо. 2026 оны төсөв эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарыг онцолж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг хуваарилсан нь улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахад том хөшүүрэг болно гэдгийг эдийн засагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877BOOW XXI ALNISEXSEER