“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан, тэдний санаа, шийдлийг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаа “Skin Entertainment”-ийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Анартай шоу урлагийн салбарын туршлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа. Тэрээр 2004 онд “Skin Entertainment”-ийг байгуулснаас хойш 22 жил энэ салбарт ажиллаж, олон арван тоглолт, шоуг үзэгчдэд хүргэхэд арын албанд оролцжээ.

Том тайз том хариуцлага дагуулдаг

 

Нэг үеэ бодвол манай шоу урлагийн салбар сүүлийн арав гаруй жилд үсрэнгүй гэхээр хөгжсөн. Гадаад дотоодын олон уран бүтээлч Монголд ирж тоглолоо, хамтарсан уран бүтээлүд ч олон боллоо. Артистуудын ур чадвар сайжирсан, үзэгчид ч мөн ийм хэмжээний тоглолтыг хүлээн авдаг, үзэхэд бэлэн болсон байна. Аймаг бүр бараг өөрсдийн фестивальтай болсон байна. Түүнийг нь үзэх гэж зорьж очдог үзэгчидтэй боллоо.

Техник технологийн хувьд ч бид илүү гарахгүй ч дэлхийн жишгээс дутахгүй болсон. Энэ бол манай салбарын хувьд ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нэг том ахиц гэж хэлж болно. Нөгөө талаар яагаад ийм болсон бэ гэвэл илүү чанартай бүтээл хийхийн тулд олон хүн өөр өөрсдийн чаддаг зүйлээ хийдэг болсных. Өмнө нь нэг хүн зураг авалт, эвлүүлэг, бусад ажлаа хийгээд явдаг байсан бол одоо зураглаач, гэрэлтүүлэгч, микрофон, тайз засал, дүрс, маркетинг гээд мэргэжил тус бүрдээ хүмүүс ажиллаж байна. Нэг хүн бүгдийг хариуцдаг үе өнгөрсөн. Манай “Skin” энтертайнмент гэхэд 2004 онд анх видео студи хэлбэрээр байгуулагдсан. Анх реклам, дүрс бичлэг хийдэг байснаа яваандаа энтертайнмент, тоглолтын контент руу орсон. Тэгээд тоглолтоо найруулах, зохион байгуулах, менежмент хийх гээд ажил маань улам салбарласан. Видео хийдэг баг тоглолтын нарийн деталь дээр анхаарч сурсан нь энэ чиглэл рүү ороход нөлөөлсөн байх. Манай онцлог бол театрын жүжиг, дуурь биш, энтертайнмент буюу амьд шоу, тоглолт хийх талдаа илүү ажиллаж байна. Ингээд харахаар манай шоу урлагийн салбарт хүмүүсийн бага анзаардаг нэг зүйл бол үзэгчид тоглолтын нэг өдрийг л олж хардаг. Гэтэл зарим төслийг хагас жилийн өмнөөс бэлдэнэ. Артист бэлтгэлээ хийнэ, найруулагчийн баг ажиллана, маркетингийн баг үзэгчдэд хүргэх төлөвлөгөөг гаргана. Тайз, талбай, техник, ажиллах хүмүүсээ зохицуулна. Тоглолтын үеэр л гэхэд олон зуун хүн, заримдаа мянга гаруй хүн янз бүрийн үүрэгтэй ажиллах ч шаардлага гардаг. Энэ бүх ажлыг өмнө нь нэг хоёр байгууллага хийдэг байсан ажлыг одоо олон мэргэжлийн компани хамтарч хийдэг болсон. Энэ хэрээр ажлын байр бий болгож байгаа. Төсөв, зохион байгуулалтын ачаалал тэр хэрээр нэмэгдэж байгаа юм. Жишээ нь тайзны хэмжээ томорч, өндөр болох тусам бидэнд “Үүнийг яаж аюулгүй барих вэ, хүн яаж дээр нь гарах вэ, тоног төхөөрөмжөө яаж тогтоох вэ” гэсэн асуулт гардаг байсан. Нэг тайз засахад яг л барилгын ажлын бүх л стандарт хэрэг болдог. Хэдэн мянган хүнийг тайзны урд цуглуулж байгаа учраас ХАБЭА бидний хувьд номер нэг асуудал. Нэг жижиг алдаа олон хүний аюулгүй байдалд нөлөөлж болно. Үзэгчид итгээд ирж байгаа шүү дээ. Тэр итгэлийг даахын тулд хамгаалалт, техникийн үзлэг, ажилтны аюулгүй ажиллагаа, үзэгчийн хөдөлгөөний зохион байгуулалт гээд бүгдийг хангах ёстой.

 

Хууль, стандарт бий болсноор хамгаалалт илүү сайжирна

 

Шоу энтертайнментэд зориулсан хууль эрх зүйн тодорхой орчин өнөөдөр дутагдаж байна. Бид олон жил ажиллачихаад яг хэний байгууллагад хандах, ямар журмаар асуудлаа шийдэх, ямар шаардлага биелүүлбэл том хэмжээний төсөл хийж болох нь тодорхой биш байдаг. 20 гаруй жилийн хугацаанд төрийн төрийн бус, гадаад дотоодын гээд олон байгууллагатай харилцаж байлаа. Төртэй харилцахад ихэвчлэн танил талаараа хүнээ олж ярьдаг, эсвэл өөрсдөө учраа олоод явдаг. Ингэж байхаар хэн нь зөв ажиллаж байна, хэн нь стандарт хангахгүй байна гэдгийг ялгаж салгахад хэцүү. Урлаг дотроо кино, дууны уран бүтээлүүдэд тодорхой зохицуулалтууд байгаа. Гэхдээ яг шоу урлаг талд зохицуулалт байхгүй. Гэтэл энтертэйнмнет дотроо шоу маш том төсвөөр бүтдэг, том орон зай. Тэгэхээр манай салбарт яг энийг дагаж мөрдье, ийм зохицуулалт стандарт байх ёстой гэсэн зүйл одоогоор алга. Уг нь тийм ISO буюу олон улсын хэмжээний стандарттай болчихвол аль аль талдаа ажиллахад амар, хамгаалалттай болно. Хариуцлага нь тодорхой болно. Зохион байгуулагч, талбай эзэмшигч, техник нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч тус бүр юу хариуцах нь ойлгомжтой байх хэрэгтэй. Нөгөө талдаа банк, хөрөнгө оруулагчид ч тухайн төслийг ямар шалгуураар үнэлэхээ мэднэ. Одоо гадаадын том артист авчиръя гэхээр асар өндөр зардал гардаг. Жишээ нь дэлхийн А зэрэглэлийн уран бүтээлч авчирлаа гэж бодоход хоёр саяас дээш ам.долларын артистын төлбөр төлнө. Гэхдээ тэр их мөнгийг нэг компани гаргаж артист авчирна гэдэг бас л чанга ажил. Гадаадын уран бүтээлчид ч юуны түрүүнд танайд төрийн дэмжлэг юу байдаг, зардал гаргаад авчирч байгаа хөрөнгө оруулагч, зохион байгуулагчдад ямар дэмжлэг байдгийг хамгийн түрүүнд асуудаг. Нөгөө талаар дэлхийн хэмжээний уран бүтээлчтэй харилцах хэмжээнд очно гэдэг нь өөрөө ямар байх ёстой юм, ийм хэмжээний төслийг санхүүгийн байгууллага яаж үнэлэх, ямар нөхцөлд дэмжих вэ гэдэг тогтолцоо алга. Уг нь тодорхой стандарт байвал бизнесийн эрсдэлийг тооцоход амар болно. Нөгөө талаар төрөөс татварын хөнгөлөлт, дэмжлэг ч үзүүлдэг жишиг олон улсад бий. Гадны том уран бүтээлчийг авчирна гэдэг өөрөө том эрсдэл, нөгөө талаар улс орны хэмжээнд аялал жуулчлал, үйлчилгээний салбарт эрэлт бий болгож байгаа боломжийг ч авчирдаг. Нэг тоглолтын ард хэчнээн үйлчилгээний газар орлоготой байх вэ, хэдэн такси үйлчилгээ эрхлэгч орлоготой байх вэ гээд энэ бүхэн аль алиныгаа дэмждэг харилцан хамааралтай байдаг. Тэр утгаараа бидэн шиг том тоглолт, үзвэр зохион байгуулагчдаа дэмжих бодлого ч олон улсад бий. 30 хувийн хөнгөлөлт, буцаан олголтууд байдаг юм билээ. Манайд энэ талын зохицуулалт байхгүй. Гэхдээ бидний хувьд зүгээр л татварын хөнгөлөлт хүсээд байгаа юм биш. Нэгдүгээрт зохицуулалт, стандарт, салбараа хамгаалах орчин хэрэгтэй. Томоохон тоглолт гаднаас авчирна гэдэг ганц компанийн асуудал биш. Артистын гэрээ, нислэг, буудал, техник, тайз, сурталчилгаа гээд асар их хөрөнгө орно. Ийм ажил улсдаа аялал жуулчлал, үйлчилгээ, ажлын байрны эргэлт бий болгоно. Тиймээс төртэй харилцах тодорхой журам, бодитой дэмжлэгийн арга зам байвал үндэсний компаниуд илүү том ажил хийх боломжтой.

Гэхдээ энэ талаар манай урлагийнхан өөрсдөө бас дуугарч эхлэх цаг нь болсон гэж боддог. Хүн хэлэхээс нааш гэдэг. Бид өөрсдөө асуудлаа ярьж байж тэнд шийдэл олно. Жишээ нь одоо манай салбарт яг хэдэн компани ажиллаж байна, ямар мэргэжилтэн дутагдаж байна, ямар ажлын байр бий болж байна гэдгийг бид өөрсдөө тооцож, баримттай ярих хэрэгтэй. Техникч, дууны инженер, гэрэлтүүлэгч, тайзны ажилтан, эвент зохион байгуулагч гээд энэ салбарыг дагасан олон мэргэжил бий. Тийм учраас нэг эвентийн ард 500-600 хүн ажилладаг болсон энэ цаг үед тэр хэрээрээ бид эдийн засгийн үр өгөөж бий болгож байна. Тэр хэрээрээ олон хүнийг хамарч байгаа учраас эргээд асуудлаа ярьдаг төлөөлөл, холбоо хэрэгтэй гэж боддог.

Мөн тодорхой стандарт, зохицуулалттай болчихвол ямар хэмжээний тоглолтод хэдэн хамгаалагч ажиллах вэ, ямар тоног төхөөрөмж стандарт хангах вэ, ямар даатгалтай байх вэ гэдэг тодорхой болно. Ингэхээр тухайн хүний чадварыг ямар шалгуураар үнэлэх вэ гэдэг нь ойлгомжтой болно. Барилгыг стандарт хангаж байна уу гэдгээр нь үнэлдэг шиг тоглолтын компани, техник, ажиллах хүчний чадавхыг бодит шалгуураар ялгадаг баймаар байна. Тэгвэл туршлагатай хүн ажлаа үнэлүүлнэ, шинээр орж ирж байгаа хүн ямар түвшинд хүрэхээ мэднэ. Үзэгч ч аюулгүй, найдвартай арга хэмжээнд оролцож байгаагаа ойлгоно.

 

Тасалбарын үнээс цаадахыг харъя

 

Монголын тоглолтын тасалбар үнэтэй байна гэж хүмүүс шүүмжилдэг. Үзэгчийн өнцгийг би буруу гэхгүй. Гэхдээ тасалбарын үнэд зөвхөн артистын хөлс ордоггүй. Тайз, талбайн түрээс, гэрэл, дуу, дүрс, ажилтнуудын цалин, сурталчилгаа, хамгаалалт, хашлага, тасалбарын бугуйвч гээд бүх зүйл зардалтай. Тайзны ард ажиллаж байгаа хүн бүрийн цалин, төхөөрөмжөө тээвэрлэх, угсрах, буулгах зардал нэмэгдэнэ. Сүүлийн үед нэг тоглолтод зургаан сарын өмнөөс бэлтгэл эхэлдэг, тэр хэрээр цалингийн, зохион байгуулалтын багийн зардал бий.

Өмнө нь цөөн байгууллага хамтардаг байсан бол одоо олон компани, мэргэжлийн баг оролцож байна. Мөн мэдээлэл их болсон энэ үед хүмүүсийн анхаарлыг татах маркетингийн том зардал байдаг. Тэр болгон дээр тусгай багууд ажиллана. Тиймээс нэг өдөрт тоглолтоо хийчихдэг юм биш. Энэ бүхнийг үзэгчид мэдэх албагүй ч бид тайлбарлаж, зардал нь юунд гарч байгааг илүү ил тод хэлэх ёстой.

Зарим тоглолтод том тайз, олон эффект хэрэгтэй, заримд нь хэрэггүй байж болно. Гэхдээ үзэгчид яг ямар тоглолт үзэх гэж байгаагаа мэдээд, өөрийн хүссэнээр сонголт хийдэг баймаар байна. Бид бүгд л хамгийн гоё юм хийж, үзэгчийг “woow” гэж хэлээсэй гэж хүсдэг. Гэхдээ том тайзны эрсдэл, өртөг өндөр. Зарим үед дунд зэргийн хэмжээний тоглолт илүү зохимжтой байж болно. Гол нь ямар үнэ төлж байгаагаа, ямар бүтээл үзэх гэж байгаагаа үзэгчид маань эргээд үнэлдэг, ойлгодог байгаасай гэж боддог. 

Нөгөө талаар тоглолт зохион байгуулах нь өөрөө эрсдэлтэй бизнес. Зарим нь амжилттай болно, зарим нь алдагдалтай. Хөрөнгө оруулсан компани, артист, зохион байгуулагч гурвын аль нэг нь дандаа хохироод байвал энэ салбар урагшлахгүй. Би хамтарч ажиллаж байгаа үедээ “энэ хүн унавал бид хамт унана” гэж боддог. Тиймээс эхнээсээ төсөв, зорилго, эрсдэлээ ярьж, боломжгүй болтол нь ажиллаад, дараа нь алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Мэдээж төсөл болгон ашигтай, амжилттай болдоггүй. Амжилтгүй болсон төслийн ард өөрсдийгөө үнэнчээр дүгнэж, дараагийн удаа юуг өөрчлөхөө ойлгож байж ахидаг. Энэ хэрээр эрсдэл ч нэмэгддэг,. Дараагийн тоглолтын эрсдлээ ч тооцоход алдаанаасаа суралцдаг. Шоу урлагийн салбар уул уурхайг гүйцэхгүй ч дэлхийн хэмжээнд хүрч чаддаг, тэр хэрээрээ олон салбарт нөлөөлдөг, аялал жуулчлалыг дэмждэг, үйлчилгээний бусад салбарт өгөөжтэй тимй том салбар байдаг.

 

Үзэгчдийн соёл, мэргэжлийн шүүмжлэл үгүйлэгдэж байна

 

Урлагийн хүн бүр тайзан дээр хамгийн сайнаараа хичээдэг. Тэр тоглолт хэдэн өдөр болох нь хамаагүй, яг тухайн моментод уран бүтээлч, зохион байгуулагчид үзэгчдэд хамгийн сайныг хүргэж гэж хичээж байгаагийнхаа адил үзэгчдийн сэтгэл хөдлөл, хүлээж авч байгаа мэдрэмжээс урам авдаг, хамгийн их баярладаг. Нөгөө талаар үзэгчдээ бас өөрсдийг нь зорьж ирэхийн өмнө судалсан, ойлгодог, бас үзвэр үзэх соёлтой байгаасай гэж хүсдэг. Нуулгүй хэлэхэд, ямар ч хүн үзэх гэж байгаа жүжгийнхээ, тоглолтынхоо талаар багахан ч болов мэдээлэлтэй байвал тухайн үзэж байгаа зүйлээ илүү ойлгож, таашааж, хэлэх гэсэн санаа агуулгыг нь ойлгодог. Ядаж цагтаа ирээд дуустал нь үзэх нь өөрөө тухайн уран бүтээлчийг хүндэлж байгаа хүндлэл, үзэгчийн соёл. Бас нэг яригддаг зүйл нь стадионд ч юм уу тоглолтын үеэр гаднаас янз бүрийн зүйл оруулах гэсэн хандлага их гардаг. Хүний санаанд оромгүй зүйл инээд хүрмээр бүр аюултай зүйлс оруулах гэж оролддог. Бас гаднаас хоол оруулахгүй байгаа шалтгаан хүртэл үзэгчээ бодсон шийдэл байдаг. Үүнийг хоол, ундаа авч оруулахгүй доторх борлуулалтаа шахах гэсэн бодлого гэж хардаг. Гэтэл дотор зөвшөөрөлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан компани ажиллаж байхад гаднаас оруулсан хүнснээс хүн хордвол хэн хариуцах вэ гэдэг асуудал үүснэ. Олон хүн цугласан газар аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцлага тодорхой байх ёстой. Мэдээж энэ бол олон жил арын албанд ажиллаж ирсэн хүний хувьд анзаарсан, тулгардаг энгийн боловч өөрчилж болмоор асуудлууд. Гэхдээ хүмүүсийг “соёлтой бай” гээд шууд соёлжуулахгүй. Ухамсар, хүндлэл гэдэг ойлголт жижиг зүйлээс эхэлнэ. Цагтаа ирэх, бусдын үзвэрийг тасалдуулахгүй байх, орчноо цэвэр байлгах гээд энгийн мөртлөө том соёл байдаг. Мөн зохион байгуулагч бид ч энэ соёлыг ойлгуулах ёстой. Үзэгчдэд яагаад ийм дүрэм байгааг тайлбарлах, тоглолтын өмнө мэдээллээ тодорхой хүргэх нь бидний ажил. Үзэгч бүх арын ажлыг мэдэхгүй. Бид хэлж өгөхгүй бол яаж ойлгох вэ.

Үзэгчдийн болон мэргэжлийн үнэлгээ бас их дутагдалтай байдаг. Аливаа тоглолтыг үзсэний дараа яг юу нь гоё байв, юуг анхаармаар байсныг эрүүлээр, зөв илэрхийлдэг соёл хэрэгтэй байгаа. “Гоё байлаа”, “Муу байлаа” гэж хэлэх нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ юу нь гоё байв, хөгжим нь сайн байв уу, тайз нь, найруулга нь утга учиртай байв уу гэдгийг ярьдаг, үнэнээр нь хэлдэг, мэргэжлийн шүүмжлэгчид, урлагийн шүүмжлэл хэрэгтэй. Бүтээл бүрийг таалагдсан, таалагдаагүйгээр хэмжих биш, зорилго, төрөл, нөхцөлтэй нь холбож үнэлж сурвал уран бүтээлчид ч, үзэгчид ч хөгжнө.

 

Наадмын утгыг тайлбарлаж байж хүргэнэ

 

Би 2023 оны Үндэсний баяр наадмыг найруулсан. Үндэсний их баяр наадмын талаар хүмүүс жил бүр ижил хэдэн асуулт тавьдаг. Яагаад өдрийн цагаар хийдэг юм, яагаад олимп шиг болохгүй юм, яагаад энэ дууг дахин дуулж байгаа юм гэх мэт. Би ч өмнө нь наадмыг олимп шиг хийж болдоггүй юм гэж боддог байсан. Харин өөрөө дотор нь оролцоод үзэхэд өдрийн гэрэл, цаг, дэг жаяг гээд олон зүйл учиртайг ойлгосон. Наадам бол Монголдоо, Монголын ард түмэн хамтдаа наадаж цэнгэдэг үнэт зүйлийн өдөр. Дэлхийн өөр хаана ч байхгүй онцлог нь өөрөө үнэ цэнийг бий болгодог. Наадам бол энгийн нэг оройн шоу биш. Монголын тусгаар тогтнолын дархлаа гэж би боддог. Тэр ч утгаараа төрийн ёслол, ард түмний бэлгэдэлтэй. Ялангуяа есөн хөлт цагаан туг орж ирэх, Чингис хааны тухай өгүүлэх зэрэг нь жил болгон болдог ч тухайн үзүүлбэрийн цаана утга агуулга байдаг учраас байсаар л байна. Жил болгон давтагддаг мэт боловч тэр утга далд ухамсарт нөлөөлж, үндэсний үзлийг хамгаалж байдаг гэж би боддог. Тэр утгыг үзэгч бүр шууд ойлгох албагүй. Найруулгадаа шингээсэн санааг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Гэхдээ энэ нь жил бүр нэг хэвээр бай гэсэн үг биш. Наадам болгон тухайн жилийн нийгмийн сэтгэл зүй, цаг үеийн тусгал байдаг. Найруулга нь тэр үеийнхээ онцлогийг гаргах ёстой.

Наадмыг шүүмжлэхдээ “муу” гээд орхихын оронд энэ жилийн санаа юу байсан, тэр санаа үзэгчдэд хүрсэн үү, хөгжмийн болон дүрслэлийн шийдэл нь ажилласан уу гэж яривал хэрэгтэй. Үзэгчид ойлгохгүй байна гэж гомдоллохын оронд бид өөрсдөө утгыг нь тайлбарлах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ч энэ сэдвийг илүү нухацтай авч үзвэл хүүхэд залуус наадмын бэлгэдэл, түүхээ мэдэж авна. Жил бүр сонсдог үг, дүрслэл ч ямар учиртайг мэдвэл өөрөөр хүлээж авна.

Наадмыг жил бүр аймаг болгонд өөр өөрөөр зохион байгуулж болох юм шиг надад санагддаг. Одоо олон аймаг өөрсдийн гэсэн фестивальтай болчихлоо. Түүн шиг аймаг бүрт наадам зохион байгуулах нээлттэй сонгон шалгаруулалтад орох эрхийг нь өгч, жил бүр урьдчилан бэлтгүүлж, тодорхой шалгуураар сонгодог байвал аялал жуулчлал, дэд бүтэц, хүний нөөцөө хөгжүүлэх сэдэл болно. Зүгээр нэг ойгоор нь наадмыг өөр газар аваачих биш, тухайн аймаг зохион байгуулахад бэлэн эсэх, ямар үр өгөөж үлдэх вэ гэдгийг хардаг байж болно. Ингэж орон нутагт эвент зохион байгуулснаар дотоодын аялал жуулчлал нэмэгдэнэ, үйлчилгээний компаниуд ажилтай болж, салбарын хүний нөөц нийслэлд төвлөрөхгүй гээд олон давуу тал бий болно. Зах зээл улам тэлэх боломжтой.

 

Хэрэгтэй яриа хэрэгтэй байна

 

Урлагийн менежмент бол өөрөө цогц ажил. Маш олон хүний хөдөлмөр нэг өдрийн тоглолтын төлөө байдаг. Гэтэл тэр олон сарын нүсэр ажлыг артистын тайзан дээр гарах үеийг л хараад, арын ажил амархан гэж ойлгож болохгүй. Үүнийг зөв олж хардаг, зөв хандлага байгаасай гэж боддог. Нөгөө талд эвент зохион байгуулах нь зөвхөн мөнгөний тухай биш. Уран бүтээлч юу хэлэх, ямар мэдрэмж өгөхийг зорьж байгааг ойлгож тэрийг нь хүргэх ёстой. Гэтэл заримдаа үзэгчид ч бүр уран бүтээлчид ч үүнийгээ тэр болгон ойлгохгүй байх нь бий. Танил талаараа яриулдаг, найздаа ганц клип гялс хийгээд өгчих, нэг өдрийн дотор болно биз дээ гэж ярьдаг үе байсан. Гэтэл бид ажлаа гялс хийнэ гэж байдаггүй. Яг л ажилладаг зарчмаараа, клип, найруулга, тайзыг мэргэжлийнхээ дагуу хийдэг. “Найзаараа нэг өдөрт үнэгүй хийлгэчихье” гэдэг тэр ажлын үнэ цэнийг ойлгохгүй, ард нь байгаа багийг хөлс хүчийг үнэлэхгүй тохиолдлууд мэр сэр байж л байдаг. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөж байгаа. Харилцан хүндлэл, тодорхой тохиролцоо, шударга гэрээ байгуулж байж ажил чанартай аль алиндаа сэтгэл хангалуун явна гэдгийг ойлгодог болчихсон.

Нэг талаар урлагийн менежмент хийдэг компани олон болчихлоо. 20 гаруй газар бий. Төрөл жанр өөр боловч урлагийн төлөө сэтгэлээ зориулаад цаг зав, тодорхой хөрөнгөө гаргаад явж байгаа олон залуус бий. Бид тэдний л нэг. Гэхдээ энэ салбарт дутагдаж байгаа эрх зүйн орчин, мэргэжлийн үнэлгээ, үзэгчдэдээ өөрсдийгөө ойлгуулах, эргээл соёлжуулах зэрэг нь бидний бүгдийнх нь хийх ажил. Нэг үеэ бодоход хүмүүс ярилцлага, подкастууд их сонсдог болчихсон. Гэхдээ ихэнхдээ хүний хувийн амьдрал, хөнгөн ярианд төвлөрөхөөр ажил мэргэжлийн асуудал нь орхигдоод байна. Шоуг яаж бүтээдэг, ямар стандарт хэрэгтэй, тоглолтын эдийн засгийн нөлөө юу вэ, уран бүтээлчид менежментээ яаж ойлгох вэ гэдэг яриа ч хүмүүст хүрээсэй гэж боддог. Хэвлэл мэдээлэл ийм сэдвээр яривал олон нийтийн ойлголт нэмэгдэнэ. Тэгээд салбарынхаа хууль, бодлогын асуудлыг ч илүү бодитойгоор ярьж эхэлнэ.

Шоу энтертайнмент Монголд өсөж байна. Үүнийг тогтвортой өсгөхийн тулд бид аюулгүй ажиллагааны стандарттай, мэргэжлийн хүмүүсийн шалгууртай, төртэй харилцах ойлгомжтой журамтай болох ёстой. Үзэгчтэйгээ ч зардал, дүрэм, бүтээлийнхээ санааг илүү нээлттэй ярьдаг байя. Уран бүтээлч, зохион байгуулагч, үзэгч гурав бие биеэ ойлгох тусам салбарын ажил сайжирна. Хүмүүс аюулгүй орчинд чанартай тоглолт үзээд, тэр бүтээлийн ард байгаа хөдөлмөрийг ойлгож, салбарынхан хийсэн ажлаараа тогтвортой амьдрах боломжтой байх нь бидний энэ салбарт ажиллаж байгаа хамгийн эцсийн зорилго юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин