УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Танай намын даргын сонгууль ид улс төрийн халуун сэдэв болоод байна. Таны хувьд одоогоор нэр дэвшихээ зарласан нэр дэвшигчдийн алийг нь дэмжих вэ. Шинэ даргаас хүлээж байгаа хамгийн гол хүлээлт юу вэ?

 

-Би нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн судлаач хүн боловч давхар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Их хуралд сууж байгаа. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой бодлогын өөрчлөлт хийх гэж, хууль эрх зүйн чиглэлд манлайлж ажиллах гэж жагсаалтаар орж ирсэн.

 

Надад нэг зарчим байгаа. Аливаа үйл ажиллагаа хүртээмжтэй, ил тод, шударга байх ёстой. Энэ гурван зарчмыг баримталж ажиллах намыг бүтээхийн тулд би нэг ширхэг ч гэсэн тоосгыг нь өрөлцөх гэж энэ намд элссэн.

 

Тэгэхээр миний хувьд эдгээр зарчмуудыг баримталж ажиллаасай л гэж шинэ намын даргаас хүснэ. Бас нэг зүйлийг нэмэхэд, хүнд сурталгүй, хурдтай ажилладаг байгаасай. Шударга байдал нь харагддаггүй, ил тод байдаггүй, гаргасан шийдвэрийнх нь цаана хүртээмж нь мэдэгддэггүй байхыг дэмжихгүй. Энэ сонгууль ил тод яваасай, бүр мэтгэлцээсэй гэж хүсч байна. Мэтгэлцээнийг би хамгийн их дэмжиж байгаа. Бид илүү сайн гэж бодож л байгаа бол илүү сайныг үлгэрлэх ёстой.

 

Нийгмийн ажлын тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон

 

-Намрын чуулган эхэллээ. Чуулганаар хэлэлцэж байгаа хамгийн чухал цаг үеийн асуудал бол ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл байна. Таны хувьд Засгийн газраас өргөн барьсан төсвийг хэрхэн дүгнэж байна гэдгээс яриагаа эхэлье. Засгийн газраас боловсрол, эрүүл мэнд эрчим хүчний салбарыг анхаарна гэж ард түмний саналыг тусгасан гэж онцолж байгаа?

 

-Өнгөрсөн жил миний хувьд Төсвийн тухай хуулийн 28.1 дүгээр заалтад Олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ гэж хуульд заасан боловч иргэдээс санал ирээгүй гэсэн тайлбартай орж ирж байсан. Түүнтэй харьцуулахад энэ жил хэлэлцүүлгээ хийгээд 8400 иргэний саналыг аваад тэр саналын дагуу эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний төсөлд түлхүү хөрөнгө оруулалт хийнэ гэсэн чиглэл ирлээ гэж орж ирлээ.

 

Том зургаар нь харвал сайшаалтай боловч дотогшоо яваад орохоор Монгол Улсын Засгийн газрын 2026-2027 онд төлөвлөсөн Хүний хөгжлийг дэмжих 16 орчим төлөвлөгөө байгаа. Гэтэл энэ төсвийн төслийг харахад тэр хүний хөгжлийн заалттай уялдаагүй, тал орчим хувь нь огт тусгагдаагүй байх жишээтэй.

 

Нөгөө талаар Засгийн газар энэ төсвийг хүний хөгжлийн төлөөх төсөв гэж онцолсон. Надад бол хангалтгүй санагдаж байна. Хийнэ гэж төлөвлөсөн зүйлийнхээ 50 хувийг хийх ажлынхаа жагсаалтад оруулаагүй байна л гэсэн үг. Гэтэл тэр орхигдсон төлөвлөгөөнүүд дотор миний өмнө нь ярьж байсан, санал өгч, боловсруулахад оролцсон хэд хэдэн чухал асуудал үлдчихсэн байна.

 

-Таны хувьд энэ намрын чуулганаар ямар салбарт анхаарч, ямар хуулийн төслүүлд дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

 

-Миний хувьд сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал, эрүүл мэнд тэр дундаа нийгмийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн гурван салбарыг голлон анхаарч ажиллаж байна. Тэгэнгүүт улсын төсөв дээр миний ярьж байгаа энэ асуудлууд дотоод зохион байгуулалтын голдуу асуудлууд байна. Гэтэл гишүүдэд өгч байгаа Төсвийн талаарх мэдээлэл, товхимолуудыг үзэхээр голдуу хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээн байгуулалтуудыг онцолчихсон, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тоо гэдгээр томъёолчихсон, чанар гэхээс илүү тоонд анхаарсан байдалтай байна. Хэрэв ингэж орж ирээд байвал бид өнгөрсөн жил дөрвөн удаа хэлэлцсэн энэ жил тав, зургаан удаа эргэж буцаж зууралдахыг үгүйсгэхгүй.

 

-Манайд байдаг нэг сөрөг зүйл нь нийгмийн хамгааллыг хавтгайрсан халамж гэж ойлгох, ингээд хүн бүр халамж авч байна гэж буруутгах хандлагатай байдаг. Энэ үзэл бодол нь эргээд халамж хүртэх ёстой хүмүүсээ бүдэгрүүлэх хандлага байх шиг ажиглагддаг. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

 

-Нийгмийн хамгаалал гэдэг, эрүүл мэнд болон нийгмийн статус байгалиас заяагдсан нөхцөл, нас хүйс зэргээс шалтгаалаад өөрийгөө хамгаалах чадваргүй нийгмийн бүлгийг нэмж хүнд эрсдэлд орохоос хамгаалах тухай асуудал юм. Ингээд харахаар бид бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгодог байх ёстой. Энэ бол нийгмийн хамгаалал мөн. Халамжийн мөнгө гэдэг юманд хүүхдийн мөнгө орчихсон. Гэтэл хамгаалах ёстой бүлэг гэхээр ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эсвэл хүндээр өвдөөд түр зуур хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд зайлшгүй төрийн халамжийг хүртэнэ. Энэ хүмүүсээ хангалттай хамгаалж чадаж байна уу гэхээр тэр бүр чадахгүй байгаа.

 

-Мөн эсрэгээрээ “хорооноос шийдвэл” гэдэг хандлага бас суугаад байгаа юм биш үү?

 

-Хүүхдийн мөнгө нэлээн их жин дардаг учраас ихэнх хүн халамжинд хамрагдаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Хэрэв хүүхдийн мөнгийг салгаад үзлээ гэхэд цаана нь үлдэх халамж тийм ч их биш. Ихэнх нь тэтгэврийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж зэрэг байгаа. Бид үүнийг ялгаж салгахгүй бол бүгд зүгээр улсаас мөнгө аваад суудаг мэт ойлголт тарчихсан. Үүнийг бид эрэмбэ дараатай ялгаж ойлгох хэрэгтэй.

 

-Энэ эрэмбийг бий болгох эсвэл олон нийтэд зөвөөр ойлгуулахын тулд яах ёстой вэ?

 

-Ахиад л эхнээс нь бид халамж буюу хамгаалах зорилгоор өгч байгаа гэдгээ заавал тодорхой болгож ойлгуулах ёстой. Нөгөө талаар төрөөс иргэнээ халамжлах, хамгаалах үйлдэл нь заавал мөнгө байх албагүй. Мөнгөн бус халамж, хамгааллын альтернатив арга замууд олон байдаг. Энэ шийдлүүдийг гаргаж ирэхдээ бид жаахан дутуу хандаад байгаа.

 

Өнөөдөр хүнд аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгө өгчихөөд амьдралаа аваад яв гэж хэлэх үү, эсвэл яаж өөрийнхөө амьдралд эзэн болох вэ гэдэг нийгмийн ажлын үйлчилгээн дээрээ илүү төвлөрөөд тэрийгээ дэмжвэл энэ нь халамж аваад зүгээр сууж байгаа хүний тоог бодитоор бууруулах нэг шийдэл болно.

 

Нийгмийн ажлын тухай хуулийг өргөн барихад бэлэн болоод байна. Энэ хуулийн гол зүйл нь нийгмийн халамж хамгааллын үйлчилгээний 80 орчим хувийг гардан гүйцэтгэгчтэй холбоотой, тэдний үйлчилгээг цэгцлэхтэй холбоотой. Мөн ялгаварлан гадуурхал, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хууль бол дээрэлхэлтийг бууруулах, ажлын байрны дарамт хүчирхийллийг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа аливаа үйлдлийг урьдчилан сэргийлэх таслан зогсоох хууль байгаа. Энэ хоёр хууль дээр Засгийн газраас саналыг нь сонсоод өргөн барихад бэлтгээд ажиллаж байна. Мөн саадгүй байдал хүртээмжийн тухай хууль дээр манай баг яг одоо ажиллаж байна. Энэ хуулийг боловсруулж дуусаад удахгүй олон нийтийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ.

 

Шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг тэргэнцрээр явуулж үзүүлэх хэрэгтэй

 

-Саадгүй байдал гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих замын асуудлыг хэлж байна уу?

 

-Хүртээмжтэй байдал гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний налуу замын тухай асуудал биш, илүү өргөн ойлголт юм. Мэдээж налуу зам, зорчих хэсгийн аюулгүй байдал зэрэг орж байгаа. Нөгөөтэйгүүр мэдээллийн хүртээмжтэй байдлыг бий болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй байдаг. Жишээ нь, Цагдаагийн газар нэг сэтгүүл гаргалаа гэхэд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн уншиж ойлгож чадахуйц хүртээмжтэй байна уу үгүй юу. Ер нь төрийн аливаа үйл ажиллагаа, өгч байгаа мэдээлэл аль болох иргэддээ хүртээмжтэй байх ёстой. Үүнийг маш олон орон хуульчилсан байдаг юм билээ, тэр туршлагаас хараад манайх хуулийн төсөл өргөн барих гэж байна.   

 

Хавар чуулган завсарлахад хоёр хуулийн төслөө боловсруулж дуусаад иргэдээс санал авах ажил үлдсэн. Тэгэхээр бид нарын хувьд хууль боловсруулж байгаа учир тоо баримттай, статистикт тулгуурласан байх ёстой. Тэр утгаараа нэлээд судалгааны ажлуудыг хийлээ.

 

Мөн бид нар хаа холын Финланд Америкийн жишээг ярихаас илүү хажууд байгаа хоёр хөршийг судлаад ямар зохицуулалт хийснийг харьцуулсан нь оновчтой. Эсвэл Монголтой ойролцоо хүн амтай, хөгжлийн түвшин ойролцоо пост социалист улс орнуудын сайн жишгээс судлаад Монголын хөрсөнд буусан бодлогын шийдлүүүдийг хуулийн төсөлдөө тусгах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Тэр утгаараа цөөнгүй гадаад айлчлал хийлээ. БНХАУ руу ажлаар айлчилсан, одоо аравдугаар сард Энэтхэг явах гэж байна.

 

-Нэг үеэ бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарах, аливаа асуудал дээр эерэгээр ойлгох хандлагатай болсон гэж санагдах болсон. Та гишүүн болсныхоо дараа хөгжлийн брэхшээлтэй иргэдэд тулгардаг бэрхшээлийг бодитоор үзүүлэх үүднээс тэргэнцэртэй автобусанд сууж туршиж байсан. Тухайн үед иргэд хэр хүлээж авсан бэ?

 

-Намайг хүүхэд байхад хүмүүс хөлөө ил гаргаад явахад өрөвдсөн, зарим нь гоочилсон, яасан ч зовчихсон юм бэ дээ гэсэн хүнд хэцүү харцаар хардаг байсныг би санадаг. Нэг үгээр зовлонгийн нүдээр хардаг байсан тэр харц одоо арай өөр болсон. Гэхдээ нөгөө талдаа хүүхэд байхад л хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг пайз шиг, шошго хаяг гэж санагдахуйц том үнэмлэх зүүгээд явдаг байсан нь одоо ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Эмнэлэг сургуулийн налуу зам бариулгүй байсан хэвээрээ л байна. Нэг талаар тогтолцооны хувьд бага багаар засарч л байна. Хүмүүсийн хандлага хоцрогдсон хэвээрээ л байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд тээршааж байгаа үзэгдэл байсаар л байна. Ялангуяа хөдөлмөр эрхлэхийг төрөөс дэмжээд байгаа боловч яг хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш их ялгаварлан гадуурхалтад өртөж байна.

 

-Ангид нэг аутизмтай хүүхэд ороход л зарим аав ээж нар дургүйцэж, бидний хүүхдийн эрх зөрчигдлөө гэсэн хандлага гаргаж байна. Үүнийг ер нь яаж өөрчлөх вэ?

 

-Олон нийтийн мэдлэг хандлагыг дээшлүүлэхийн тулд тэргэнцэртэйгээ дахиад автобусанд суух л хэрэгтэй байна. Тэргэнцэртэйгээ бүх байгууллагуудаар бүх сайд нараа дагуулаад явах хэрэгтэй хэвээрээ л байна. Ер нь манай улсын шийдвэр гаргаж байгаа эрх бүхий хүмүүс ядаж хатуу биет орчин гэж яриад байгаа налуу зам, зорчих хөдөлгөөн саадгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстойг ойлгуулахын тулд өөрсдийг нь тэргэнцэртэй авч явах хэрэгцээ байна.Энэ бол маш олон хүний бодлыг өөрчлөх байх.

 

Мөн гадаад улсад манайхтай адил нөхцлийг яаж даван туулж өдий хүрсэн бэ гэдгийг ярьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс манайд л ийм байгаа юм шиг хандаад байна. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт, бүх улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэр жишээнүүдийг нийлүүлж нөлөөллийн ажил хийх хэрэгтэй.

 

Нөгөө талаар бодлогоороо буюу УИХ, Засгийн газрын тогтоол, хууль дүрмээрээ шахаж, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Хамгийн чухал хүчин зйүл бол хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийнх нь сэтгэл зүрхний асуудал. Өөрийнхөө асуудлыг илэн далангүй яриад, зөв газраа дуу хоолойгоо сайн илэрхийлэх хэрэгтэй. Засгийн газрын мэдээлэл авдаг бүх утаснуудыг нээлттэй болгосон. Тэр утаснууд руу залгаж асуудлаа хэлдэг байх ёстой. Тэгэхгүй над руу маш олон хүн хандаж, нэг нэгээрээ асуудлаа хэлдэг. Мэдээж би ярилцана, асуудлыг нь сонсоно, бодлогын хувьд яаж өөрчлөх ёстой талаар анхаарна. Би ганцаараа нэг хүн бүрийн асуудлыг шийдэж чадахгүй.

 

Нийгэм маань үнэт зүйлийн дутагдалд орчихсон байна

 

-Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч байгаа гэж ярьсан. Саяхан нэр бүхий гишүүд электрон тамхины хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийж, асуудал дэвшүүлсний нэг нь та байлаа. Нөгөөтэйгүүр электрон тамхи гэдэг зүйл үнэхээр манай залуу үеийн хамгийн гол хэрэглээ болчихлоо, эцэг эхчүүдийн хувьд ч багш сурган хүмүүжүүлэгчдийн ч хувьд толгойн өвчин болсон энэ асуудлыг нийгэмд гаргаад ирэхээр янжуур тамхийг дэмжлээ гэдэг сөрөг хандлага гаргаад ирлээ. Таны хувьд электрон тамхины хэрэглээг зохицуулах талаар хууль эрх зүйн яг ямар өөрчлөлт хийхээр зорьж байна?

 

-Хэд хэдэн гол асуудал бий. Нэгдүгээрт, одоо байгаа хуулийн дагуу бол электрон тамхийг цэнэглэдэг төхөөрөмж гэж үзээд электрон бараа гэж гаалиар оруулж ирээд, онцгой албан татвар төлөхгүй байна. Үүнийг өөрчилж тамхин бүтээгдэхүүн гэж нэрлэхийг шинэчилсэн найруулгын хуульд оруулъя гэж байгаа.

 

Хоёрдугаарт, Архи тамхины эсрэг хуульд зар сурталчилгаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хориглочихсон мөртлөө архиных нь үйлчлээд тамхиных нь үйлчлэхгүй байгаа юм. Тэгэхээр бид хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.

 

Гуравдугаарт, боловсролын байгууллага, хүүхэд цуглаж байгаа газрууд, олон нийтийн үйлчилгээний төвүүдэд хуулийг сахиулах хэрэгтэй. Тэгж байж хүүхдүүдээ тамхинаас хамгаална. Ер нь бүх тамхи хортой. Навчин тамхи уу, усан тамхи уу, янжуур уу, шийшаа юу хамаагүй, бүгд хортой. Тэгэхээр одоо өсвөр үе маань электрон тамхинд дурлаад, хошуураад байгаагийн бүүр цаад шалтгаан нь чөлөөт цагаа өнгөрүүлэх, анхаарлыг нь татах эерэг сайн зүйл цөөхөн байгаатай холбоотой. Хүүхдийн сэтгэл санаа хамгийн эмзэг, мэдээллийг хамгийн соргог хүлээж авдаг. Тэгэхээр тамхинд автаад байгаа энэ залуу насанд нь хүүхдүүдээ өөр чигт чиглүүлж өөр юмаар орлуулж байж л бид хүүхдүүдээ аварна. Жишээ нь, спортоор хичээллүүлэх, дугуйлан секцүүдийг олноор ажиллуулах, үзвэр үйлчилгээний газруудыг хүүхдэд ээлтэй болгох гэх мэт. Тэгж байж тамхинаас анхаарлыг нь зөв чиглүүлнэ.

 

-Та хэлэлцүүлгийн үеэр дээрэлхэлт, тамхидалт хоёр шууд хамааралтай гэж хэлж байсан. Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдүүдийн харилцааны асуудлууд нийгмийн анхаарах ёстой сэдэв болчихлоо. Тамхидалт дээрэлхэлт хоёр яагаад хамааралтай болчихов?

 

-Дээрэлхэлтийн кэйс байгаа л бол тэнд тамхидалт байгаа гэж ээж аавууд ойлгох хэрэгтэй. Дээрэлхүүлж байгаа хүүхэд стресснээс гарахын тулд тамхи татдаг, дээрэлхэж байгаа хүүхэд гоё харагдах гэж тамхи татдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр сургуулийн орчинг эрүүл болгож байж хүүхдүүдийг тамхидалтаас сэргийлэх болно. Хоёр дахь хүчин зүйл нь Олон нийтийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн нөлөө. Сэтгэл хөдлөлийн сценьтэй бүх зар сурталчилгаан дээр тамхи архийг бууруулах хэрэгтэй. Гуравдугаарт, эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хажууд тамхи татахаа л больчих. Сургууль нь тамхи болохгүй гэж заагаад байдаг гэртээ ирэхээр аав нь татдаг. Ингээд тэр хүүхэд эргэлзээнд орно. Эргэлзсэн хүүхдийн тархи дандаа алиных нь сурталчилгаа их байна, тийшээ л явдаг. Энэ нь зар сурталчилгааны хуульд уг нь байгаа, гэхдээ хэрэгждэггүй.

 

Би Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр нэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээндээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нэлээн анхаарч ажиллаж байна. Яагаад гэвэл Монгол Улс хүн амд оногдох дүнгээрээ дэлхийд маш дээгүүр орж байгаа.

 

Тэр тусмаа хүүхэд залуучуудын дунд маш их байгаа нь аюулын харанга. Энэ бол зөвхөн нийгмийн асуудал биш, Үндэсний аюулгүй байдалтай ч холбогдох онц ноцтой асуудал. Үүний цаана юу нуугдаж байна гэхээр хүүхэд залуучуудын дундах сэтгэл гутрал, үе тэнгийн дээрэлхэлт байгаа. Энэ асуудлыг ярихаар зөвхөн сэтгэцийн эмнэлгийн асуудал мэт явцуу байдлаар ойлгоод байдаг. Гэтэл өнөөдөр гэртээ байгаа хүүхдүүдийнхээ асуудлыг эргэж харах цаг болчихсон, өргөн утгаар нь харвал ажлын найман цагаа ч эргэж харах ёстой болчихсон. Гэр бүлдээ хангалттай зарцуулах цаг байна уу гэдгийг ч ярих хэрэгтэй.

 

-Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан хэцүү хэргүүд ар араасаа гарах боллоо. Энэ нь монголчуудын сэтгэцийн асуудал маш хүнд түвшиндээ оччихсон юм биш үү, боловсрол гэж хуйлраад байсан чинь хүний ёс зүй, ухамсар хаячихсан учир нийгэм маань ингэтлээ доройтчихлоо гэж ойлгогдож байна л даа?

 

-Бүр том зургаар нь харвал нийгэм маань үнэт зүйлийн дутагдалд орчихсон байна. Үнэт зүйл гэж юу вэ гэвэл бидний хайрлах хамгаалах ёстой, тэр зүйл байхгүй болчихвол сэтгэл өвддөг байх ёстой. Ээжийгээ гомдоож болохгүй, би ингэж хүнд хандаж болохгүй гэх зэргээр үнэт зүйл буюу эрхэмлэх зүйлгүй болчихоор амьдралд юу ч хамаагүй юм шиг болчихдогтой холбоотой болов уу гэж судалгаан дээр үндэслээд харж байна. Бид нийгмийн шилжилт гээд 30 гаруй жилийн хүнд үеийг тууллаа.

 

Тэгэхээр энэ 30 нас хүрч байгаа, бага насандаа эцэг эхтэйгээ үнэт зүйл төлөвших харилцаанд ороогүй, эрхэмлэл хайрын мэдрэмж аваагүй, өөрийгөө болон бусдыг халамжлах харилцаанд ороогүй хүмүүс өсвөр насандаа юм уу, том болсон хойноо маш их сэтгэл гутралын асуудалд ордог.

 

Тэрнээс болсон сөрөг үр дагаврууд явсаар байгаад нөгөө үнэт зүйл гэдэг зүйлийг үгүй хийдэг, эрхэмлэх ёстой, бусдыг хайрлах нинжин сэтгэлийг үгүй хийгээд байгаа юм уу гэж боддог. Харамсалтай нь, энэ цочирдом гэмт хэргүүд мөсөн уулын дөнгөж орой нь шүү дээ. Үүний цаана бидний нүдэнд харагдахгүй байгаа өчнөөн олон хүүхэд залуучууд гэмт хэргийн золиос болж байгаа. Гэтэл гэмт хэргийн сэтгэл зүйг судлаад үзэхээр дандаа хүүхэд насандаа орхигдсон хүмүүс байх жишээтэй.

Зарим хүмүүс цаазаар авах ялыг сэргээе гэж ярьж байна. Би үүнийг зөв гэж хэлэхгүй. Айдсаар удирдуулах нийгэм мөн үү. Мэдээж хүмүүсийн жигшил зэвүүцэл их байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол ухамсар, хүндлэл, эрхэмлэлээр зөөлрүүлж байж шийдэгдэх нийгмийн асуудал.

 

 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин