-ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨСӨВ  ШҮҮГЧИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАНА-

Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны  нэг хүчин зүйл нь шүүхийн шийдвэрт үл итгэх байдал хэмээн ОХУ-ын хуулийн салбарын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Орос оронд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт муудаж байгаа шалтгаан нь хуулийн байгууллагын унтаа байдал, шүүгчдийн улс төр ба авлига хээл хахуултай холбоотой хэмээн энэ салбарын эрдэмтэд өөрсдөө дүгнэлт хийсэн нь анхаарал татаж буй юм. Шүүх, хуулийн бай­гууллага хараат бус байх нь яахаараа хөрөнгө оруулалттай холбогддог билээ гэж гайхаж болох ч маш ихээр хамааралтай байдаг байна. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улс оронд хөрөнгө оруулахдаа хуулийн тогтвортой байдлыг нь харахаас гадна шүүхийн байгууллагын төрөөс хараат бус байх, аливаа шахалт дарамтаас ангид шударга шийдвэр гаргадаг зарчмыг нь чухалчилдаг ажээ. Хуульчид нь аливаа маргаанд тэнцвэртэй ханддаг, шударга үндэс­лэлтэй шийдвэр гаргадаг байх нь хөрөнгө оруулагчдын харах шалгуур үзүүлэлтийн тоонд ордог байна. Ту­хайлбал уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч тухайн улсын бай­гууллагатай ямар нэгэн байдлаар маргаан үүсгэсэн тохиолдолд шүүх,  хуулийн байгууллагад найдахаас өөр арга хөрөнгө оруулагчдад бай­даггүй гэнэ. Тиймээс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоог хөрөнгө оруулагчид онцлон харах болсон байна. Дэлхийн том хөрөнгө оруулагчдын баримталдаг зарчмын нэг нь энэ гэнэ. Хойд хөршөөс хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан нь шүүхийн шийдвэрт нь тааруу дүн тавьж байгаатай холбоотой ажээ.

Манай улсын хувьд ч дээрх зарчмын асуудлыг авч үзэх шаардлага тулгарч байгаа гэнэ. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн хямрал муудах болсон шалтгаан нь хөрөнгө оруулагчид манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрт итгэдэггүйтэй тодорхой хэмжээгээр холбоотой хэмээн тайлбарлах нэгэн байна. Иймд Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг сайтар татахын тулд хууль, шүүхийн байгууллагад өндөр итгэдэг байх нь чухал болжээ. Шүүхийн байгууллага, шүүгч шударга шийдвэр гаргах үндсэн шалтгаан нь тэдний цалин хангамж өндөр байх нь эргээд хараат бус шийдвэр гаргах найдварыг төрүүлдэг гэж олон улсад үздэг юм байна. Энэ тал дээр манай хуулийн салбарын “луухагрууд” ч санал нэгддэг аж. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монголчууд төрөө төгөлдөржүүлэх, ардчилсан нийгэмд хүчтэй төртэй байхын тулд шүүх засаглалыг шинэчлэх хууль гаргасан бол санхүүгийн баталгааг нь гаргаж өгөх ёстой. Тэгэхгүй бол төрийн бодлого болж чадахгүй. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудал, хүний нөөц, зохион байгуулалтын ажлууд олон жил үргэлжлэх шаардлагатай” гэжээ. Тиймээс манай улс шүүгчдийнхээ нийгмийн баталгаанд өндөр анхаарал хандуулах шаардлага тул­гарч байгаа аж. Гэтэл шүүхийн байгууллагаа санхүүгийн хувьд хараат бус байлгаж чадаж байна уу гэвэл тийм биш юм. Сүүлийн арваад жил манай улсын төсвийн 0.30-0.40 хувийг шүүхийн байгууллагын төсөв эзлэж иржээ. Энэ бол европын орнуудтай харьцуулахад “инээдтэй төсөв” аж. АНУ-ын зарим мужуудад төсвийнхөө 0.7 хувийг шүүхийн бай­гууллагад зарцуулдаг байна. Америкчууд олж буй орлогынхоо 0,7 хувийг шударга шүүхийн төлөө өгч байна гэсэн үг. Үүнийгээ дагаад цалин хангамж нь  өндөр байдаг ажээ. Шүүх хуралд оновчтой шийдвэр гаргаж ажилласан, тухайн шүүгч хэр ёс зүйтэй хариуцлагатай вэ гэдгээс нь хамаараад цалин нь харилцан адилгүй байдаг юм байна. Тус улсын “LLM info” сайтын гаргасан 2013 оны судалгаагаар, жил­дээ шүүгч 77000-129000 ам.дол­лар, ерөнхий шүүгч 157000-261000 ам.доллар, өмгөөлөгч- 42000-71000 ам.долларын дундаж цалин тус тус авдаг гэсэн байна. Гэхдээ АНУ-ын өмгөөлөгчид нь үндсэн цалингаас гадна үйлчлүүлэгчдийн тухайн хэрэгт төлсөн төлбөрийн хэмжээнээс хамаарч нэмэгдэл цалин авдаг. Мөн ажиллаж буй хэрэгтээ ялалт байгуулбал шагнал цалин авна. Энэ нь хуулийн фирмүүдийн ажилчдаа идэвхижүүлэх нэг арга барил ажээ. Ардчилсан орны авлигагүй, шударга ёс хууль дээдэлж амьдардагийн нэгэн баталгаа нь энэ ч байж мэдэх юм. Европын хол­бооноос гаргасан судалгаагаар Швейцарын шүүгчид жилд дунджаар 100.956 еврогийн цалин, Молдав улсын шүүгчийн жилийн дундаж цалин 2572 евро, БНСУ-ын шүүгч сард 5000 орчим доллар, ОХУ-ын шүүгчид жилд дунджаар 15.988 еврогийн цалин хөлс авдаг байна. Гадаадын орнуудын шүүгч, хуулийн байгууллагын цалин ийм өндөр байдаг ажээ.

Манай улс ирэх оноос шүүгчийн цалингаа нэмэгдүүлэхээр болсон нь сайшаалтай ч дээрх орнуудтай харьцуулахад үнэхээр хангалтгүй цалин юм. Анхан  шатны  шүүхийн  шүүгчийн  цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая,  хянал­тын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл  байхаар хуульчилсан. Энэ  шийдвэр  2014  оны нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжинэ. Гэвч шүүгчийн цалин хуучнаасаа нэмэгдсэн ч хангалттай өндөр хэмжээнд очоогүй байгаа гэдгийг тус салбарынхан тэмдэглэж буй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүгч бага цалинтай байвал шүүгчийн хараат бус байдал алдагдах төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол алдагдана гэдгийг дээр дооргүй ойлгож байна. Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой том маргаан шүүхээр шийдэгдэгддэг боллоо. Ийм үед шүүгчдийнхээ эдийн засгийн хараат бус байдлыг хангаж, хариуцлагыг нь дээшлүүлэхгүй бол юу болох билээ. Шударга ёсонд бид мөнгө төлөхгүйгээр хурын ус шиг дээрээс буугаад ирдэг хямд төсөр зүйл гэж андуурч болохгүй. Шударга ёсыг тогтоох гэж байгаа бол мөнгө төлөх ёстой. Шүүгчид өгч байгаа цалинг өндөр гэж харахаасаа илүү шударга ёсонд төлж байгаа төлбөр гэж харах ёстой. Энэ утгаараа харин ч чамлалттай” гэжээ. Манай улсын нийт шүүгч нарын 60 орчим хувь нь орон сууц, автомашин болон санхүүгийн зээлтэй амьдардаг гэдэг судалгааг гаргажээ. Тиймээс шүүгчийн цалин хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах тал дээр цаашид ч анхаарал хандуулах шаардлагатай гэнэ. 

Дээрх бүгдээс харахад, Монгол Улсад өнөөдөр хууль эрх зүй тогтвортой байлаа гээд хууль, шүүхийн байгууллага нь авлигад идэгдсэн, хараат бус байх нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, тэднийг өөрсдөөсөө холдуулах хамгийн том аюул болов уу. Уул уурхайн олборлолтын эрин үе ирсэн өнөө цагт манай улсад гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал байж ирсэн. Шүүхийн байгууллага, шүүгч юунаас хамаарч хараат бус, өөрийн гэсэн итгэл үнэмшлээр хуулийн дагуу шийдвэр гаргадаг вэ гэдгийг авч үзэх ёстой болоод байна. Энэ нь дээр дурьдсанчлан амьдралын баталгаатай, цалин хангамж сайтай байх нь бусдаас хараат байх хамгийн том хэмжүүр гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч буй юм. Өнгөрсөн онуудад шүүхийн төсвийг Сангийн яам тогтоож иржээ. Шүүх засаглал хэнээс ч хараат бус байх ёстой ч Сангийн яам, Засгийн газар цаашлаад УИХ-аас хараат бус явж ирлээ. Энэ оны долдугаар сард Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө тогтоодог болсон. Гэхдээ баярлах зүйл биш. Шүүхийн төсвийг батлах эцийн шийдвэр УИХ-д хадгалагдсаар байна.  Эдийн засгийн хямрал, хүндрэл бий боллоо, төсөв танах шаардлагатай гэж ярьж байгаа энэ үед хууль тогтоогчид баталсан хуулиа зөрчөөд төсвийг нь танаад явуулахгүй гэхийн баталгаа алга байгаа юм. Шүүхийн төсөв хэнээс ч хараат бус байх нь эргээд  шүүхийн байгууллагын шийдвэрт хэн нэгэн хөдлөнгөөс оролцохгүй, шударга шийдвэр гаргах хамгийн том үзүүлэлт болдог ажээ. Нөгөөтэйгүүр шүүхийн байгууллага, шүүгчийн цалин хангамжийн асуудал өндөр байх нь эргээд гадаадын хөрөнгө оруулалт, улсын эдийн засагт ч сайнаар нөлөөлөхийг хаа хаанаа харах шаардлага байна. 

Т.Амартүвшин   

Улс төрийн тойм сонин