Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна. Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна.

Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ.

Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Тэрбээр одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна. Нийслэлийн Ардчилсан Нам дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон даргыг албан ёсоор батламжлах юм.

Боловсрол:

2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавр,

2010 онд магистр, 2019 онд докторын зэрэг хамгаалсан

2017 онд Шанхайн Жиа Тонг их сургуульд Төрийн удирдлагын магистр хамгаалсан байна.

Ажилласан байдал:

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,

Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга