Цагаан сар шашны баяр биш
2018/02/05
Монголчууд Цагаан Сарыг анхандаа намар тэмдэглэдэг байгаад, сүүлд эзэн Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулсан цагаас эхлэн хавар тэмдэглэдэг болсон, төрт ёсны баяр, монгол үндэстний их ёслол болохоос шарын шашны баяр биш юм.
Тэр тусмаа шинийн нэгний өглөө мөр гаргана гэж нэг элийрэл байна! “Цог хийморийн зүг-баруун хойшоо гарч, хорин нэг алхаад, цаас салхинд хийсгээд, “*********** ******* ******* ******* **** ****** суухаа” гэж тарни уншаад, буян хишгийн зүг болох зүүн урд зүгээс гэртээ ирвэл зохино”, “улаан өнгийн эд хүнээс бүү ав”, шинийн 15-ны дотор жилийн заслаа хийлгэвэл сайн, буян тань будаа тариа мэт арвижна”… гэх мэт нь шарын шашны мунхруулга бөгөөд, лам ангийн бизнесийн заль! Муу зүг гэж байхгүй, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис адилхан! Бид эцгээс үүдэж, эхээс төрж, алтан дэлхийд анхлан хөл тавихдаа л мөрөө эгнэгт гаргачихсан билээ. Муу өдөр гэж байхгүй, ертөнцийн өдөр бүр алтан нар ээж, шөнө бүр мөнгөн сар гийх ба сайн муу явах нь гагцхүү хувь заяаныхаа эзэн болсон хүмүүн биднээс шалтгаалах билээ. Шинийн 15-наар амьдрал дуусчихгүй, лам нар таны “жилийн засал”-аар жилийнхээ орлогыг хийдгийг мэдэх үү? Хэн нэгэн лам, бөөгөөс хувь заяагаа асуухаар өөрөө өөрөөсөө асуу! Шарын шашин Монголд орж ирэхдээ монголчуудын ёс, уламжлал, зан үйлтэй айхавтар сүлэлдэж, манай уламжлалт шашин мэтээр ойлгогдтолоо бидний амьдрал, аж төрөхүйд хувалз мэт гүн шигджээ. Ядаж байхад, жилийн өнгө шинжээ гэж нэг завхарсан, толгой эргүүлсэн, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм гаргаж улс нийгмийн сэтгэхүйгээр хорлонтой нь аргагүй тоглоно. “Согтох Төгөлдөр, Галзууруулагч, Муу Нүүрт” ч гэх шиг бэлгэ дэмбэрэлгүй үгсээр ирж буй шинэ жилийг гутааж, хүмүүсийн бүхэл бүтэн нэг жилийн тухай өөдрөг бодол төсөөллийг унтраана. Яагаад ийм байгаа юм бэ гэж асуухлаар цаанаасаа ингэж буусан гэж ам таглана. Цаанаасаа гэдэг чинь юу юм? Хэн юм? Хэн нэгэн мах цусанд төрсөн, мануустайгаа адилхан усан нүдтэй цусан зүрхтэй хүн л байгаа шүү дээ! Бид ямар жил гарч байна гэж бодно, нэрлэнэ, жилийн өнгө тийм л байх болно. Үгийн эрчим тийм хүчтэй. Баяжуулагч, Арвижуулагч, Дэлгэрүүлэгч, Сайхан Царайт, Гуа Зүст, Гуалиг Биет, Элбэн Тохинуулагч, Төр Түвшитгэгч, Түмнийг Жаргаагч, Улсыг Засагч, Баясгалант, Жавхлант, Жаргалант… гээд нэрлэчхэж яагаад болохгүй гэж? Жилийн жилд “Цагаан Сар тэдэнд болно, эдэнд болно, Чингисийн шар зурхай зөв, Түвдийн төгс буянт зурхай буруу”-гэсэн хэрүүл тэмцэл гардаг нь намжаа юу даа, харин. Явж явж өөрсдийн зохиосон цаг тооны бичгээ борлуулах зах зээлээ булаацалдсан л тэмцэл шүү дээ. Бас дээр нь ёс юм шиг хэдэн лам битүүний хурал гэж пижигнүүлнэ. Шинийн нэгний өглөө айл болгоны хойморт, зурагтын дэлгэц эзэгнээд бас л дүнгэнүүлсээр л байх. Ер нь яахаараа цог хийморь нь бадарсан монголчууд Цагаан Сар, Наадмаа хийхдээ баахан түвд лам хоймроо залж, “тангад ном” уншуулах ёстой гэж? Шарын шашны энэ үхширсэн ёслол, даварсан үйлдлийг Монгол төрийн 2 их ёслолоос авч хаябал таарна! Цагаан сараар дээр мөргөчхөөд (уул хангайдаа цай, идээний дээжээ өргөж, байгаль дэлхийтэйгээ хамгийн түрүүнд золгодог, язгуурын монгол ёс), дараа нь уламжлал ёсоор ахмад настнууддаа золгоход болно доо. Болсон болоогүй Эрээний оймс, хүнд ч, өөрт ч хэрэг болохгүй элдэв барааг өвөр зуураа тарааж, өгсөн нь ч, авсан нь ч бэлгэндээ сэтгэл гонсойж байдгаа больцгооё! Өгвөл хүүхдүүдэд л бэлэг өгцгөөе! Үнэхээр бэлэг өгмөөр бол бие биендээ ухаан тэлэх, эрхэм баян-эрдмийн ном бэлэглэцгээе! Бэлэн мөнгө барьж золгодгийг больцгооё! Сүүлдээ ахмадууд нь хэн хэдэн төгрөг өгснөөр нь залуусаа дугаарлах, залуус нь бусдын дор орчихгүй гэхдээ байдгаа бардаг хачин бурангуй, алагчлах явдал газар аваад удлаа. Ёсгүй ёс бидний амьдралд дэндүү их байна!
Дөрвөн цагийн эргэлтэд усны тунгалаг, өвсний соргогыг даган мал сүргээ адгуулан, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист хараа сунгаж, ухаанаа тэлж, сэтгэлээ ариусгаж, өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэж, өдтэй сумаараа харваж олон, эцэг тэнгэр, эх газраа шүтэн, уул усандаа залбирч, аху баян байгальдаа эзний ёсоор эрх дураар аж төрж ирсэн монголчууд шарын шашинд орсон цагаас бууран доройтож, ирт мэс атгадаг байсан гартаа эрих барьж, эрх чөлөөгөө манжид, эрүүл ухаанаа ламд тушаагаад, эрчүүл нь мал ахуйтайгаа хамт бүтээлч амьдралаа орхин сүм хийдэд сууж, бусдын бүтээсэн баялгийг өргөл барьц нэрээр аваад, шимэгчлэн амьдарч, эмс охид хагсрахын эрхэнд хар хятадын доншуур наймаачдын зугаа болж, өвчний үүр болж байсан гунигт түүх цагийн эрхэнд бүдгэрсэн ч гэлээ, оюуны эрх чөлөөний бялууралтай зэрэгцэн олон янзын шашны давалгаа, бурангуй ёс шинэ цагийн монголчуудын амьдралд дахин гай тарьж эхлэв. Улаан шарыг тунаруулсан ламын шашны бизнесмэнүүд, уул хангайгаар дүүрэн суварга, ургамал мод бүхнийг боомилсон хадаг, ухаан мунхруулах бөөгийн сая саяаар шантаажлах бизнес, ухаан суугаагүй гэнэн залуусыг уйлж дуулсан, галзуу солиотой хэнээтэн болтол нь тархидаж, ууж идэх, өмсөж зүүхээр нь урхидан дагуулах хэрээстийн шашин. Дээр нь огторгуйг шинжиж, танин мэдэхүйн аугаа эрэл хайгуул хийж байсан өвгөдийн их ухааныг гуйвуулан мэргэ төлгө тавьж, засал номоор хөлжих мэргэн түргэн, үздэг хардаг, түрийвч, цүнхээр нь даллуулан хошгоруулж, түнтийтлээ зоолсон Сарандаваатнууд, төрүүлж, өсгөсөн эцэг эхээсээ илүү “жинхэнэ эцэг, эх” гэгч солонгос өвгөн, эмгэн хоёр зальтны зургийн өмнө мөргүүлж, зүс үзээгүй хар элгийн хүний зураг харуулан гэрлүүлж, хоёр тохой хэрийн бэрээгээр хонгон дээр нь байлгадаг, учир мэдэхгүй оюутан залуусаас эхлээд улсыг засах түшмэд, ерөнхийлөгч нь хүртэл мунхран итгэж, мөргөн дагах Мүүний гажиг урсгал, авран тэтгэгч, цэцэглүүлэн хөгжүүлэгчийн дүртэй ч цөлмөн хуурайлж, тонон дээрэмдэгч гадаадын хөрөнгө оруулагчид… гээд бидний цөөхөн монголчуудад яасан ч олон итгэдэг, биширдэг, ивээдэг тэтгэдэг бурхад нэртэй бугнууд байдаг юм бэ дээ!!! Эдэнд итгээд амьдрал дээшилбэл дээшлэхээр, улс дэвждэг бол дэвжихээр л цаг хугацааг үдлээ бид! Харамсалтай нь бидний итгэснээр болсонгүй! Болохгүй байх шалтгаан нь бидэнд өөрт маань байна! Бидэнд биднээс өөр итгэлтэй хүмүүс байхгүй, бидэнд биднээс өөр аврагч үгүй! Шүтмээр байвал “Хүн өөрөө өөрийнхөө дайсан, бас өөрөө өөрийнхөө аврал нь” гэж сургасан Ариун Идээт хааны ханхүү Сиддхарта Гуатамагийн сургаалийг ухаж ойлгохыг хичээгээрэй! Ухааныг самууруулж, оюуныг мунхруулагч элдэв шашин суртлын хүлээснээс эгнэгт ангижирч, өөрөө өөрсдөдөө эзэн болцгооё!
* Цагаан Сар бол монголчуудын хувьд хайруу өвлийг өнтэй давсны баяр. Тиймээс онд мэнд оров уу? гэж амар мэндээ асуулцдаг.
* Цагаан Сар бол хахир хаврыг мэнд туулахын бэлгэдэл баяр.
Тиймээс -Тарган сайхан хаваржиж байна уу? гэж мэнд мэддэг.
* Цагаан Сар бол нас нэмсний баяр.
Тиймээс-Нас сүүдэр хэд хүрч байна? гэж яриа дэлгэдэг.
* Цагаан Сар бол шинэ ондоо сайн сайхан явахын өөдрөг ерөөлтэй баяр. Тиймээс сар шинэдээ сайхан шинэлж байна уу? гэж золгодог.
* Цагаан Сар бол ураг элгэний их баяр.
Тиймээс ойрд уулзаагүй, нэг овгийн, хол ойрын бүх ах дүүс, төрөл саднууд, нэгэн дор цуглаж, биесээ харж, хайрлан хүндэтгэж, худ ургууд ойртон дотносдог, ураг төрлөө мэдэлцдэг билээ.
* Цагаан Сар бол гэр бүлийн их баяр.
Тиймээс дүү нь ахдаа, ах нь эгчдээ, хүүхдүүд нь аав, ээждээ, аав ээжүүд нь өвөө, эмээтэй нь золгож, мэндлэх хүндлэх ёсоо үр хүүхдүүддээ заадаг, ах дүүсийг нь мэдүүлдэг билээ.
* Цагаан Сар бол ахас ихсээ хүндлэх, эрэмбэ дараагаа мэдэх хүндлэлийн дээд баяр. Тиймээс ахмад настныхаа тохойг түшин, алиа бяцхан үрсийнхээ зулайг үнэрлэн золгоцгоодог билээ.
* Цагаан сар бол хувь хүний тухайд өмнөх жилийнхээ алдаа оноогоо дүгнэж, ирэх жилийнхээ хийж бүтээхийг цэгнэн, ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлдөг бэлгэдэл баяр. Тиймээс хуучин ондоо багтааж, бусдаас авлагаа авч, өглөгөө өгч, өр цайрч, үг сөргөсөн, үл ойлголцсон хүнтэйгээ нүүр тулан хөөрөг зөрүүлж, харилцан ойлголцож, сэтгэлээ цайлгаж, итгэлээ батжуулдаг билээ.
* Цагаан Сар бол өөдлөн дэвжихийн их бэлгэдэл баяр.
Тиймээс хүн бүр өөрийн сэтгэлийг засаж, гэр орноо цэвэрлэж, өнгөтэй сайныг өмсөцгөөж, өөдрөг сайхныг хэлэлцэж, шинэ ондоо идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээр элбэг дэлбэг, сайн сайхан явахыг бэлгэдэн ерөөдөг билээ.
Цагаан Сар-аа элдэв бурангуй хог новшноос нь цэвэрлэж, цэвэр тунгалаг, жинхэнэ язгуурын монгол ёсоор нь тэмдэглэцгээе! Сайхан битүүлцгээж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Эх сурвалж Л.Мөнхтөр
Ахмад ажилтан · 2018/02/05
Маш зөв. Бүрэн дэмжиж байна
Ахмад ажилтан · 2018/02/05
Маш зөв. Бүрэн дэмжиж байна