-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН РЕКЛАМЫГ БОДИТ БАЙДАЛТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ-

Реклам 1: “Уул уурхайн салбар нь Монгол Улсад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Уул уурхайн ачаар экспортоос олон тэрбум ам.долларын орлого орж ирэх болно”
Уул уурхайн салбар нь бусад экспортын салбарыг түлхэн зайлуулж улмаар тухайн улсын экпортын салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудын экспортод сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон. Хэдийгээр экспорт нь өсөөд сайн гэх ч ногдол ашгийн хувьд гадаад эзэмшилтэй, гадаад менежменттэй байдаг зэргээс хамаарч сөрөг үр дагавар өндөртэй. Тухайлбал, монголын алт, зэсийн баяжмал, хүдрийг худалдаж авах мөнгө шууд Лондонд байх банкны данс руу шилжих бөгөөд харин цалин болон зарим үйл ажиллагааны зардал гэж багахан хэмжээний мөнгийг Рио Тинто монголд авчрах юм. Энэ банк нь “Вэст” банк байж ч мэднэ эсвэл Сингапур, Бээжингийн банк ч байж мэднэ. Хэрэв уул уурхайн экспорт нь тэгж их Монгол Улсад ашиг орлого бий болгоод байгаа юм бол манай улсын худалдааны баланс эсвэл иргэдийн орлого яагаад ийм сул дорой байгааг уул уурхайн салбарынхнаас асуумаар байна.
Худалдааны баланс гэдэг нь экспортын нийт дүнгээс импортын нийт дүнг хасахад гарч ирэх юм. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хасах гарах нь баараггүй. Харин иргэдийн орлогын хувьд гадаад орноос монголчуудын авч, олж буй орлогоос монголчуудын гадаад иргэдэд төлж байгаа мөнгийг хасаад үлдсэн нь иргэдийн орлого болно. Гэтэл уул уурхайн болон гадаадын хөрөнгө оруулалттай салбарт ажиллах гадаад иргэдийн цалин монголчуудын авч байгаа цалингаас хамаагүй их байгаа өнөө үед энэ нь ямар гарах бол. Мэдээж тоглоомын дүрмийг гадаадынхан өөрсдөө зохиосон тул өөрсдөдөө эрс ялгаатай цалин хөлс олгох нь тодорхой.

Реклам 2: “Оюутолгойд 8.000 монголчууд ажиллаж байна”
Оюутолгойн бий болгосон  8.000 ажлын байр нь монголчуудын 0.3 хувьд  л ажлын байр бий болгож байгаа хэрэг. Хэрэв Оюутолгойн үндсэн ажилтанг аваад үзвэл энэ нь бүр 0.1 хувь байх магадлалтай. Үүнийгээ их том тоо болгож харагдуулах гэж уул уурхайн компани болон салбарынхан “үржүүлэгийн нөлөөлөл” буюу мультфликацийн нөлөөллийн аргачлалыг ашиглан бусад өөр салбарт өөрөөс нь болж бусад олон ажлын байр бий болж байгаа мэт ярих дуртай байдаг. Гэтэл энэ нь эмч, барилгачин мөнгөө нийгэм, эдийн засгийн хувьд зарцуулж байгаатай утга нэг. Уул уурхайн салбарынхан зөвхөн өөрсдөөс нь болоод нийгэмд мөнгө эргэлдээд, өөрсдөөс нь болж өөр бусад ажлын байртай болоод байгаа юм шиг сурталчилж ярих нь хэрэггүй зүйл юм. Экспорттой нэгэн адил уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт олширч ажлын байр шинээр бий болоход тэр хэмжээгээр бусад салбар дахь ажлын байр бас буурч байдаг байна. Тэгэхээр уул уурхайн салбарын бий болгосон ажлын байрыг бид олон талаас нь харж үзэж үнэн зөвөөр нь тунгаан бодож ярилцаж байх нь илүү шударга. Тэрнээс бид уул уурхайн салбарын болон уул уурхайн компанийн өөрсдийнх нь хэлж ярьж, сурталчилж байгааг тэр чигээр хүлээж авах нь учир дутагдалтай.

Реклам 3: “Уул уурхайн компани нь орон нутгийн иргэдийг болон нутгийн хөгжлийг дэмжинэ”
Хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа өрнөж байгаа орон нутгийн хувьд ажлын байр шинээр бий болох ч тухайн орон нутгийн иргэд өөрсдийнх нь ойролцоо шинээр уул уурхай ажиллахыг таатай хүлээж авдаггүй. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд ажлын байр шинээр бий болгож байгаа нэрийдлээр тухайн орон нутгийн иргэдийн сэтгэл зовнил, хүлээлт, хүсэлтийг ойлгож хүлээж авахдаа тааруу байдаг. Жишээ нь, өөрийн нутаг дэвсгэр дээр эсвэл өөрийн сумын ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж явуулахыг тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх асуудал дээр уул уурхайн компаниуд бараг дэмжлэг үзүүлдэггүй. Орон нутгийн хөгжлийг дэмжиж байна гэдэг нь хэд гурван төрийн бус байгууллагад хандив нэртэй авлига өгөх эсвэл ганц хоёр эмнэлэг, спортын байгууламжыг засаж өгөх гэж монголын төдийгүй дэлхийн стандартад тийм ойлголт байхгүй. Орон нутгийн хөгжлийг дэмжинэ гэдэг нь чин сэтгэлээсээ малчдын ундны усыг дундруулахгүй, байгалийн тогтоцыг өөрчлөхгүй, биологийн олон зүйл ангийг үргээхгүй байх, уул уурхайн үйл ажиллагаанаас бий болох аливаа хорт нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн байдлыг дэмжин ажиллах, шударга түншлэлийг бий болгох гээд олон дорвитой, тогтвортой хөгжлийн асуудал байна.

Реклам 4: “Уул уурхайн салбар монголчуудад хөрөнгө оруулалт хийж байна”
Оюутолгой компани хэдий 8.000 монголчуудад ажлын байр бий болгож байна гэж ярих ч үүний 3.000 нь нөгөө яриад байдаг Оюутолгойд ажиллах ажиллахгүй нь тодорхойгүй дадлагажигч нар. Үүнээс зөвхөн 30 ажилтан л мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсан байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Гэхдээ энэ тоо ч эргэлцээтэй учир нь Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн талаар асууж лавлахад энэ талаар тодорхой мэдээлэл гаргаж өгөөгүй болно. Төрийн эрх бүхий байгууллага ажлаа хийж, эрх мэдлийнхээ хүрээнд мэдээлэл авах гэхэд нь гаргаж өгдөггүй компани Монгол Улсын газар нутаг дээр Оюутолгойгоос өөр байдаг уу. Оюутолгой л ингэж бүдүүлэг авир гаргаж, Монгол Улсын төрийн байгууллагыг үл хүндлэн, үл ойшоож ажилладаг болов уу. Уул уурхайн салбар нь цөөн тооны хүнийг сургаж дадлагажуулж харин их тооны хүмүүс тухайн салбараас гарч шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь “мэргэжилтэй боловсон хүчний дутагдал” гээч зүйлийг бий болгож байгаа.  Үүнийг бид монголын Засгийн газарт тохохоосоо өмнө уул уурхайн салбартай хариуцлага тооцох нь зөв гэлтэй.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ИРГЭДИЙН НҮДЭЭР
 
Ер нь уул уурхайн салбарыг монголын иргэд ямар нүдээр харж байгаа, яаж ойлгож байгаа зэргийг судалж үзэх нь зүйтэй. Гэтэл Оюутолгой компани хэний мөнгөөр хийж байгаа нь тодорхойгүй хэдэн сая ам.доллар зарцуулж энэ судалгааг зөвхөн өөрт хэрэгтэй байдлаар хийлгэсэн байдаг. Нэгэнт Монгол Улсын хэмжээнд энэ судалгааг хийгээгүй байдаг тул Австрали улсын хийсэн судалгаанаас үзвэл, уул уурхайн компани нь 16 хувь ажлын байрыг шинээр бий болгож байна гэж иргэд нь ойлгодог бол бодит байдал дээр энэ нь хоёр хувь хүрэхгүй байх жишээтэй. Мөн Оюутолгой компани  л монголын дотоодын нийт бүтээгдэхүүний  гуравны нэгийг бий болгож байна. Эдийн засгийн өсөлтийг 17 хувиар өсгөлөө гээд байгаа болохоос үүнийг монголын эрх бүхий байгууллага баталгаажуулсан юм уу. Австралийн жишээнээс авч үзвэл, уул уурхайн салбар нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2 хувийг бүрдүүлж байхад Австрали иргэдийн ойлголт нь 35 хувь буюу гуравны  нэг хэмээн ойлгож байв. Энэ нь уул уурхайн компанийн сурталчилгаанаас үүдэлтэй байх магадлалтай. Гэтэл уул уурхайн салбар дахь гадаадын эзэмшлийг иргэд харьцангуй багаар төсөөлж ойлгодог нь тогтоогдсон. Үүний нэг тод жишээ, Австрали иргэд уул уурхайн салбарын гадаадын эзэмшил 52 хувь  гэж ойлгодог байсан. Үнэндээ энэ нь 83 хувь байх жишээтэй. Тэгэхээр бид уул уурхайн салбарын эсвэл аливаа уул уурхайн компанийн хэлж, сурталчилж байгааг бус Монгол Улсынхаа улсын чанартай хийгдсэн судалгааг илүүтэй үзэх нь чухал байна. Энэ асуудал мөн ус, гүний хоолойн усны хэмжээнд адил үйлчилнэ. Оюутолгой компани л говийн ус хангалттай, болно бүтнэ л гээд байгаа болохоос биш Монгол Улсын зарим усны эрдэмтэн, мэргэжилтэн нар үүнийг эсрэгээр нь тайлбарладаг. Магадгүй  Оюутолгой өнөөгийн хүчин чадлаараа ажиллахад говийн усыг гуравхан жилийн дотор хэрэглэж “дуусна”. Үүнийг монголын усны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид давхар тогтоож өгөх нь чухал юм.

Эцэст нь хэлэхэд,  дараах зүйлүүдийг иргэд буруу ташаа ойлгодог.
-Бодитоор бий болгож байгаа ажлын байрыг нилээд хэд дахин их болгож ойлгодог
-Эдийн засгийн хувьд бодит байгаагаас нь бас л хэд дахин их үйл ажиллагаатай, цар хүрээтэй хэмээн ойлгодог
-Гадаадын эзэмшил бидний бодож байгаагаас харьцангуй их байдаг байна.