Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд үргэлжилж байгаа билээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгагдсан. Шүүх хурал Төв аймагт болж байгаа бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна. 

Дээрх шүүх хуралд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүн  хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ өгсөн  хүлээж аваагүй юм.

 

Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн аж.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч гэж хэн бэ гэдгийг тодорхой хуульчилж заасан байгаа. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т /Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ/ гэж хуульчилсан, тухайн хэрэгт гэрч, хохирогч нараас хэнийг оролцуулахыг шийдвэрлэх асуудал биш хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн

1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж  заасныг зөрчих үндэслэл болно.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан.

Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон  хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцож байгаа юм. С.Чимгээгийн ах Хүрэлбат хэвлэлд ийн ярьжээ.

 

Эрүүдэн шүүгдэж хохирогч  Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Миний хүүг хэрэгт холбогдуулаад дөрвөн жил боллоо. Хүүг нь хилс хэргээр гүтгээд хорчихсонд харамсаж явдаг. Эхний үед хүүтэй минь уулзуулдаг ч үгүй байсан. Зодуур нүдүүр үзсэн, хилсээр хэлмэгдсэн хүн шүү дээ. Биеийн эрүүл мэнд сайн биш. Нуруу нь өвддөг, хавирга нь хугарсан, өвдөг нь нь чичирдэг, зүрх нь өвддөг болчихсон. Миний хүү цоо эрүүл байсан. Одоо эрэмдэг зэрэмдэг болчихсон. Харин 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Ц.Нямдорж сайд миний хүү, Чимгээ хоёрыг эмчлүүлсэн. Эмнэлэгт нь байлгаж байгаад гаргая гэж хэлсэн шүү дээ. Их баярлаж байгаа. Б.Хурц гэдэг хүний командын хүмүүс өөрсдөө хийсэн хэргээ энэ хоёр хүн рүү зүтгүүлээд л байгаад байна. Хэрвээ тэгж зүтгүүлээгүй бол намайг яагаад энэ шүүх хурал оруулдаггүй юм бэ? Би хохирогч хүн. Би ормоор байна.

Шүүх хурлын хоёрдахь өдөр буюу энэ сарын 14-нд үргэлжилж байхад завсарлагааны үеэр Б.Хурцад үл таних эмэгтэй нэгэн цаасыг гар барих үеэрээ дамжуулсан юм. Үүнийг түүний өмгөөлөгч Г.Батбаяр Б.Хурцад нэг эмэгтэй бичиг өгсөн талаарх бичлэгийн хувьд "Та хариуцлагаа хүлээх ёстой" гэсэн агуулгатай зүйл бичсэн байна лээ хэмээсэн. 

Монголын ард түмэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэнг илрүүлэхийг төрийн түшүүдээсээ гуйдаг. Үүнийг ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод амлачихсан. Сая нэг хэрэгтэн олдлоо гэж байтал тэд нар нь хохирогч болчихоод байдаг. Энэ хооронд хэргийн ул мөр арилж буй биз. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргийн шүүх хурал яг одоо үргэлжилсээр байна.