The Hindu: Энэтхэг улс Владивосток хотод төлөх “өрөө барагдуулна”
2019/09/01
Одоогоос 48 жилийн өмнө буюу Энэтхэг-Пакистаны дайны үеэр АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн хүчин Энэтхэгийн аюулгүй байдалд заналхийлж байсан тэр үед ЗХУ энэтхэгчүүдэд туслахаар Владивосток хотод байрлаж байсан Номхон далайн флотын хөлөг онгоцуудаа илгээж байсан юм. Тэр цагаас хойш Оросын Алс Дорнодод орших энэ хот Энэтхэгийн ард түмний сэтгэл зүрхэнд онцгой орон зайг эзэлсээр ирсэн билээ. 9 дүгээр сард Ерөнхий сайд Нарендра Моди Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын зочноор Владивостокт уригдан ирэх үеэрээ Алс Дорнодод хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө танилцуулна. Ингэснээр Энэтхэг улс тус хотод төлөх ёстой олон жилийн өмнөх “өрөө барагдуулах” юм.
Алс Дорнод нь Оросын нутаг дэвсгэрийн Азийн хэсэгт орших ба Европын хэсэгтэй харьцуулахад хөгжлийн хувьд хоцрогдсон бүс нутаг юм. Ази тивийг чиглэсэн стратегийн бодлогынхоо хүрээнд Оросын Ерөнхийлөгч В.Путин тус бүс нутагт хөрөнгө оруулахыг бусад улс оронд уриалж байгаа. 2014 оны Крымын хямралын улмаас Барууны орнуудтай харилцах харилцаа нь нуран унаснаас хойш Орос улс Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон билээ.
Үүний сацуу энэтхэгчүүд АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгааг илтгэж буй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлал нь Оросыг түгшээж байна. Америкчууд Энэтхэгийн гадаад бодлогод нөлөөлсний улмаас найрамдалт орон ба зэвсэг техникийг нь худалдан авдаг томоохон түншүүдийнхээ нэгийг алдах вий хэмээн Москва болгоомжилж байгаа юм.
Олон туйлт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн үзэл баримтлалыг дэмжих нь
Харин Нью-Дели “Энэтхэг-Номхон далайн эвсэл бол ямар нэгэн тодорхой улсын эсрэг чиглээгүй бөгөөд тогтвортой байдал, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой” гэж баталж байна. Моди Сочи хотод айлчлах үеэрээ үүнийг Путинд тайлбарлан хэлж өгсөн. Дараа нь “Шангри-Ла”-гийн чуулга уулзалтын үеэр тэрбээр “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг бол цөөхөн улсыг хамардаг ямар нэгэн клуб биш, манай улс сонирхож буй бүх талтай хамтран ажиллахыг хүсч байна” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
Энэтхэг-АНУ-ын хамтын ажиллагаа нь Оросын ашиг сонирхлын эсрэг чиглээгүй гэдгийг энэтхэгчүүд Орост итгүүлж чадлаа. Оросын хувьд, Хятад улсыг Евразид хэт давамгайлдаг байхыг хүсдэггүй учраас Энэтхэг, Вьетнам, Индонез улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа юм. Энэтхэг улс “Act East” буюу “Дорно зүгт үйл ажиллагаа явуулах” стратегийн гадаад бодлогынхоо хүрээгээ тэлж, түүндээ Оросыг хамруулж байгааг тооцож үзвээс, Алс Дорнодын бүс нутаг нь Энэтхэг-Оросын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хүчин зүйл болох магадлалтай.
Өдгөө наад зах нь 17 улс Алс Дорнодод хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн, байгалийн асар их баялагтай тус бүс нутгийн хувьд эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, алмааз олборлолт, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт Энэтхэг-Оросын эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх ихээхэн нөөц боломж бий.
Модигийн Владивостокт хийх айлчлалыг салангид тусдаа үйл явдал гэж үзэж болохгүй. Сүүлийн жилүүдэд Москва, Нью-Дели хоёр тус бүс нутагт хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулахаар нэлээд ажилласан. 2017 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрт хоёр тал яриа хэлэлцээ хийхээр тусгасан. Иргэдэд нь Оросын цахим виз олгох журмыг хөнгөвчилсөн 18 улсын нэг бол Энэтхэг. Энэтхэгийн тал Алс Дорнодын Холбооны их сургуулийн Бүс нутаг, олон улсын судалгааны төвийн Энэтхэг судлалын салбарт жил бүр 10 мянган долларын тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна, Энэтхэгийн Amity их сургууль ба Алс Дорнодын Холбооны их сургууль Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар боловсрол, судалгааны салбар дахь солилцоогоо эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Хүний нөөц дутагдалтай байгаа нь Алс Дорнодод тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг мөн. Харин Энэтхэгийн эмч, инженер, багш нар тус бүс нутгийн хөгжлийг хурдасгахад тусалж чадна. Энэтхэгийн ажилчид орж ирэх нь Хятадын цагаачдын урсгалаас болгоомжилж буй Оросын иргэдийг бага боловч тайвшруулах болов уу. Түүнээс гадна, Энэтхэг улс мод импортлогч томоохон улс бол Алс Дорнод модны асар их нөөцтэй. Япон, Өмнөд Солонгос хоёр тус бүс нутагт хөрөнгө оруулж байгаа бол Энэтхэг улс эдгээр оронтой хамтран ажиллаж болох салбарууд эрж хайх боломжтой.
Мужуудын харилцаа
“Парадипломат” буюу бүс нутгууд хоорондын гадаад харилцааг хөгжүүлэх нь чухал болохыг Моди онцолсон билээ. Уттар-Прадеш, Гужарат, Махараштра, Харьяна, Гоа зэрэг Энэтхэгийн мужууд Оросын бүс нутгуудтай харилцаагаа өргөжүүлж байна. 8 дугаар сарын эхээр Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гоял тэргүүтэй төлөөлөгчид Владивостокт айлчилсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дээрх мужуудын захирагчид, 140 гаруй компанийн төлөөлөгчид багтсан юм.
"Ченнай-Владивосток" чиглэлийн тэнгисийн замын коридор бий болгох боломжийг хоёр улс судалж байна. Энэтхэгээс гарсан хөлөг онгоцууд энэ замаар 24 хоногийн дотор Алс Дорнодод хүрэх бол Суэцийн сувгаар дамжих замаар явахад 40 хоног зарцуулдаг. Уг коридорыг байгуулах нь Өмнөд Хятадын тэнгист энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангах, Энэтхэгийн хувьд шинэ боломжийг нээхэд тус дөхөм болно. Тодруулбал, Энэтхэг-Орос-Вьетнамын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Их гүрнүүүдийн өрсөлдөөн дахин сэргэснээр олон улсын улс төрийн бодлогыг урьдчилан таамаглахын аргагүй болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп деглобализац буюу даяаршлаас зугтахыг эрмэлзэж байгаа бол Хятад улс “Хятадын онцлогтой даяаршил 2.0” гэсэн үзэл санааг дэвшүүлж байгаа энэ үед Энэтхэг, Орос хоёр хөнөөлт хүчин зүйлүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд хамтын ажиллагаа, худалдааны хэлхээ холбоогоо өргөжүүлэх шаардлагатай болжээ.
Орчуулсан : Б.Адъяахүү
Нийтлэлийг бичсэн:
Харш Пант – Лондоны Эзэн хааны коллежийн профессор
Раж Кумар Шарма – И.Гандийн нэрэмжит Үндэсний нээлттэй их сургуулийн Улс төр судлалын тэнхмийн зөвлөх
Эх сурвалжууд:
http://www.thehindu.com/opinion/op-ed/taking-a-far-east-turn-to-deepen-a-friendship/article29224805.ece
http://inosmi.ru/economic/20190828/245713933.html
matilda · 2019/09/01