​Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг эхлүүлж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлдөг журам хэвээр мөрдөгдөх юм байна. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу жолооч агаарын бохирдлын төлбөрийг автотээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа татвар авдаг уламжлал хэвээр хэрэгжих ажээ.

 

Харин НИТХ-ын 2013 оны 47 дугаар тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан. Энэ журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн наймдугаар сарын 20-ны дотор Нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээж буй ажээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал “Энэ онд авто зам ашигласны төлбөрт нийт есөн тэрбум төгрөг цуглах боломжтой. Өнгөрсөн онуудад татвараас орж ирсэн мөнгийг шинээр зам тавих, засварлах ажил үйлчилгээнд зарцуулсан. Зам сайжрахын хэрээр замын ачаалал тодорхой хэмжээгээр буурсан. Гагцхүү автомашины механик өсөлт бий болж тэр хэмжээгээр замын элэгдэл, хорогдол ихэсдэг. Дээрх татваруудаас орж ирэх мөнгийг эргүүлээд нийслэлийнхээ замыг зохих стандартад байлгахын тулд засвар, үйлчилгээнд зарцуулна” гэж тайлбарлалаа.

 

Д.Нанзаддорж: АВТОМАШИНААС 30-70 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТАТВАР АВНА

 

Энэ талаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.

 

-Авто зам ашигласны төлбөрийг энэ жилээс эхлэн шинээр авахаар боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өмнө нь нийслэлийн тээврийн товчоодоор орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн жолоочдоос 500 төгрөг авдаг байсан. Энэ бол хууль ёсны татвар биш учраас үүнийг өөрчилсөн. Улаанбаатар хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс 19 тэрбум төгрөг, зам ашигласны төлбөрт есөн тэрбум төгрөг авна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ мөнгийг Улаанбаатар хотын замыг өргөтгөх, шинэчлэх, арчлан хамгаалахад зарцуулна. Тухайлбал хэдэн тоо баримт хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, хамгийн их ачаалалтай зам болох Зурагтын эцсийн буудлаас хуучин Баянхошууны эцэс хүртлэх 4.5 км замыг дөрвөн эгнээ болгож, өргөтгөх ажил дээрх татвар хураалтын мөнгөөр хэрэгжинэ. Хоёрдугаарт, “Соёолж” дэлгүүрийн хажуу талын төмөр зам доогуур гарсан нүхэн гарц болон Нарны замыг Их Монголын замтай холбосон замын ажил хийнэ.

-Нэг автомашинаас жилд хэчнээн төгрөгийн татвар авахаар болсон бэ?

-Автомашины моторын багтаамжаас хамаараад 30-70 мянган төгрөгийн татвар авна.

-Үүнийг хэрхэн тооцож байгаа вэ. Тухайлбал, долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалтын дагуу жолооч нар нийтийн автозамын хөдөлгөөнд оролцдоггүй. Тийм учраас нэг өдрийг хасч тооцож байна уу?

-Зам ашиглахгүй, нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй байснаар зам элэгдэхгүй байх, зургаан өдрийн тавд нь замын хөдөлгөөнд оролцоод нэг өдөр зам ашиглахгүй байхад элэгдэл хорогдол өөрчлөгдөх тухай ярих нь “утоп” асуудал. Гэхдээ нэг өдөр зам ашиглахгүй зогсож байгааг татвараас хасч тооцож байгаа.

Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан тат­вар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй гэнэ. Замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах ажээ. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж тайлбарлалаа.

 

Т.АМАРТҮВШИН