Сэрэмжлүүлэг: Цэргийн албанаас оргон зайлсан этгээд ял авчээ
2019/12/04
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ахлагчийн алба” гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг хэлнэ гэж заасан байдаг.
Харин цэргийн хүн ажлаа шалтгаангүй орхин явах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн дэд ахлагч Х.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас зайлсхийж, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан байна.
Түүнийг цэргийн ангиас эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин олдсоны дараа нь цэргийн албанаас оргон зайлсан хэргээр шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цэргийн албаа орхин явах нь эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг аж. Тиймээс Х.Б-д Эрүүгийн хуулийн 28.5.2.2-д зааснаар Цэргийн албанаас оргон зайлах гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улмаар хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж ял оноосон юм. Тодруулбал, Хатигин овогт Х.Быг цэргийн алба хаагч цэргийн анги, байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Хатигин овогт Х.Быг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Үйлдсэн хэргийнхээ талаар Х.Б “... Би 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Б/159 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид мужаанаар дэд ахлагч цолтой томилогдон 3 жил ажиллаж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн цэргийн анги, ажлаа орхиж явж Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил эрхэлсэн юм. Надад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй өөрийн ажиллаж байсан цэргийн ангиа орхиж явсан нь үнэн. Би ямар нэгэн өргөдөл гаргаж өгөөгуй мөн дарга болон хамт ажиллаж байсан алба хаагч нартаа ямар нэгэн зүйл хэлээгүй”
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн зүгээс ажлын байраа орхин явсан Х.Б-аас дөрвөн төрлийн багаж, алх, гар хөрөө, зэрэг 401700 төгрөг нэхэмжилж үүнийгээ гаргуулж авахаар болсон юм.
Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо: “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.” гэж цэргийн тангараг өргөдөг.
Гэтэл өргөсөн тангарагаасаа буцаж байгаа нь хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Тиймээс цэргийн алба хаагчид анги нэгтгэл, үүргээ орхиж явах юм бол эргээд хуулийн хариуцлага хүлээдэг болохыг дээрх жишээгээр сэрэмжлүүлэн хүргэж байна.