Амьдралын боломжгүй хүүхдэд ЭЕШ-ын хураамж дарамт болж байна
2013/04/03
Энэ өдрүүдэд дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаа /ЭЕШ/ ямар, хэдэн хичээлээр өгөх вэ гэх сонголтын дэнсэн дээр байна. Эл шалгалт тэдэнд нэг талаараа баяр хөөр харин нөгөө талаараа айдас, түгшүүрийг авчирдаг.
Гэтэл үүнээс гадна ЭЕШ-тай холбоотой сэтгэл эмзэглүүлэм зүйл бидний дунд өрнөдөг болчихож. Тодруулбал шалгалт өгөх нэг хичээлийн хураамж болох 4800 төгрөгөөс болж тэр. Өөрөөр хэлбэл өдрийн өлөө яаж залгуулах вэ гэж байгаа амьдралын боломжгүй айлын хүүхдүүдэд уг хураамж ирээдүйнхээ сонголтыг үгүй хийхэд хүргэдэг аж. Яагаад гээч. Ганц хичээлийн шалгалт өгөөд тэр хүүхэд хүссэн, гайгүй сургууль, мэргэжил авна гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Үнэндээ алганыхаа азанд найдахаас өөр аргагүй. Нэг талаараа боловсролын тогтолцоо нь ийм хэлбэрт шилжчихсэн. Яг ийм сонголт тохиолдож буй нэгэн хүүхдийг дурдъя. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг таван хүүхэдтэй, өрх толгойлсон н.Нараа гэх эмэгтэйн гэрт ийм хэцүүхэн гэмээр амьдрал өрнөж байна. Хамгийн том охин нь ээждээ тусалж дүү нараа харахын хажуугаар ажил хийдэг. Харин түүний дараах нь н.Түмэнжаргал энэ жил арваннэгдүгээр ангиа төгсөх гэж байгаа аж. Тэр зургаан хичээлээр шалгалт өгвөл сайн сургууль авах боломжтой гэсэн. Гэтэл даанч түүнд 30 мянган төгрөг олдоход хүндхэн байна. “Уг нь яаж ингэж байгаад бэлдэж буй бүх хичээлээрээ шалгалт өгчихвөл сайнсан” хэмээн учирлаж байсан санагдана. н.Түмэнжаргал дээрх мөнгийг олох гэсээр байтал өнөөх бүртгэлийн хугацаа нь дуусах дөхлөө. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ээс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусах юм. Түүний ээж н.Нараа дунд суруульд үйлчлэгчийн ажил хийдэг. Олсон 300 мянган төгрөг нь ихэнхдээ хоол хүнсэнд явчихдаг гэнэ. Энүүхэндээ гэхэд тэднийд хүүхдийн 21 мянган төгрөг хамгийн том хандив болж байгаа.
Уг нь 30 мянган төгрөгийг өгөх боломж тэднийд байдаг ч бас нэг хаалт саад болох гээд байгаа учраас ээж нь охиноосоо гар татахад хүрсэн болов уу. Хэрэв н.Түмэнжаргал шалгалтаа сайн өгөөд их сургууль авлаа гэж бодоход н.Нараа гуайд оюутан сургах төлбөрийн чадвар бий юу гэх асуулт бас гарч ирнэ. Магадгүй амьдралын энэ бүх гачигдал н.Түмэнжаргал охины гэрэлт ирээдүйг бүдгэрүүлчихлээ. Үүнээс үүдээд амьдралын боломж тааруу айл, өрхийн хүүхдүүдийн бүртгэлийн хураамжийг хөнгөлөх гарц төрд бүрэн байгаа. Даанч ийм сэтгэл алга юм болов уу.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДААС БОЛЖ ХҮҮХЭД ХОХИРДОГ БАЙДАЛ ЭНЭ ЖИЛ ДАХИАД ГАРАХ УУ
Түүнчлэн ЭЕШ-тай холбоотой асуудал хөдөө орон нутагт нэлээд гарах болов. Хамгийн хачирхалтай нь бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр их мэдэгчид ихссэнээс болж хүүхдүүдэд буруу мэдээлэл очиж байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн төвийн ахлах хоёрдугаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер нар төгсөх ангийн хүүхдүүдэд “Гурваас дээш хичээлийн шалгалт өгч болохгүй шүү” хэмээн буруу мэдээлэл хүргэснээс болж гурван хүүхэд хуваарьгүй хоцорсон гэх баримт байгаа. Зүгээр нэг шалгалт биш бүхэл бүтэн хүний амьдрал, ирээдүйг шийдэх гогцоон дээр хэт их мэдэгсэд ингэж мэдэмхийрч боломгүй санагдана. Хүүхдүүд ингэж хохирсоны төлөө хариуцагч байгууллагууд тэдэнд ямар ч хариуцлага тооцоогүй аж. Уг нь тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүртэл энэ тухай мэдээлэл ирсэн ч таг нуусан. Ганц Баян-Өлгий ч биш Дундговь, Ховд, Төв аймагт хүртэл иймэрхүү хариуцлагагүй байдал болж байсан талаар тухайн үед хэвлэлээр гарч байлаа.
Тиймээс ЭЕШ-тай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат ийн хариуллаа.
Тэрбээр “Нэг зүйл онцлоход тухайн хүүхэд 10 хичээлээс хэдийг нь ч сонгоод шалгалт өгч болно. Хариуцлагагүй, буруу мэдээлэл өгсөн байдал өмнө нь ганц хоёр гарч байсан. Хүүхдүүдэд та нар төдөн хичээлийн шалгалт өг гэж сургуулиас нь буруу ойлголт өгөх асуудал байж болохгүй. Ямартай ч бид алдаагаа засаад явж байна. Түүнчлэн шалгалтын хураамжийн 4800 төгрөг өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Монголын их дээд сургуулийн консерцум сурагчдад аль сургуульд ямар мэргэжлээр шалгах өгөх талаар тодорхой мэдээллийг өгөх ёстой. Уг нь бид яг ижилхэн мэдээллийг улсын хэмжээнд тараадаг ч хөдөө орон нутгийн хүүхдүүд мэргэжлийнхээ чиглэлийн талаар мэдээлэл дутмаг байдаг тухай олон хэлдэг. Ийм байдлыг халахын тулд болж өгвөл ЭЕШ-ын бүртгэл эхлэхээс өмнө сурч буй сургууль дээр нь их, дээд сургуулийн танилцуулга явбал байдал арай өөр болно. Нөгөөтэйгүүр хураамжийн 4800 төгрөгийг шалгалтын үеийн зарлагад зарцуулдаг” гэв.
Л.Баатархүү