МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ЕНБД Д.Амарбаясгалан МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагаа танилцуулсан. Харин үүнийг нь сөрөг хүчин болох Ардчилсан намынхан илтэд мушгин гуйвуулж сонин, сайт болон нийгмийн сүлжээгээр дайраад эхэлжээ.

“МАН хаанаас ямар санхүүжилт авч, амьжиргаагаа залгуулах гэж байгаа нь сонин байна.” хэмээн олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой захиалгат улс төрөө хийж байна. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьдаг. Тэр мөнгийг хандивласан хүн нь нэр дэвших эрхээ олж авдаг гэсэн ойлголт байдаг байсан.

Харин энэ удаа МАН тийм байдлаар ажиллахгүй гэдгээ зарласан юм. Мөн сонгуулийн тойрог дээр нэр дэвшихийг горьлогчид МАН-аас явуулах суурь судалгааны ажлыг дэмжихээс гадна өөрт оногдсон тодорхой зардлыг л хариуцаж оролцоно хэмээн тодотгож өгсөн нь бэл бэнчингээр нь дугаарлахгүй харин мэдлэг туршлагатай, эх орныхоо төлөөх хүсэл мөрөөдөл дүүрэн олон залуусыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж байна. Мөн ийнхүү дэнчин тавихгүй болсноороо улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байлгах зарчим руу ч орж байна гэсэн үг.

Түүнчлэн Монгол Ардын нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албан тушаалд томилно гэдэг байдлыг таслан зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, МАН ах дүү танил тал, найз нөхдийн хүрээллээр ажил албан тушаалд томилдог байдлаас татгалзана. Хариуцлагатай ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүстээ боломж олгон, төрд төлөөлөл болгон ажиллуулна. Ингэснээр 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах парламент, Засгийн газар цаашлаад төрийн албанд өмнө нь гарч байсан суурь алдаа давтагдахгүй байх боломж бүрдэж байна.  

Тэгвэл АН эсрэгээрээ нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхэж байгаа. Энэ бол зөвхөн нэр дэвшигчээс биш, нэр дэвшихийг хүсэгчдээс нэхэж буй мөнгө. Харин үлдсэн нэр дэвших эрхээ алдсан хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээж байгаа нь албан тушаал наймаалцаж байгаа нэг хэлбэр биш гэж үү. Мэдээж энэ зарчимтай нь эрс зөрчилдөж, олон нийтийн дунд өөрсдийг нь муухай харагдуулж байгаа учраас Монгол ардын намын эрс шийдэмгий шийдвэрийг нь улс төрийн зориг биш, улс төржүүлсэн хардлага болгон гуйвуулж байна.

Гэхдээ яг үнэндээ улс төрийн ууган хүчний гаргасан энэ шийдвэр иргэд олон нийтэд харин ч хамгийн ихээр таалагдаж байгаа. Ямартаа л “Сарын сая төгрөгийн цалинтай ажил хийхийн тулд 100 саяыг өгөөд гишүүн болж байгаа хүн хулгай хийхгүй гэдэгт итгэж байгаа бол та самар ид” гэдэг пост ч нийгмийн сүлжээгээр дүүрч байна билээ.  Юутай ч аль нь шударга, зөв зарчмаар явж байгааг иргэд сонгогчид дүн тавих цаг ойртсон. Бурууд нүд хурц болохоор хоосон үлгэрт итгэхээ ч больсон. Дахиад хэлье. Өөрт байгаа бүхнээ өгч өрсөлдсөн хүн хөгжил шийдлийн тухай биш, хөрөнгөжих, баяжихын  тухай л бодно.    

sonin.mn