Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

-УИХ-ын ирэх сонгуульд та нэр дэвших үү. Таныг Өвөрхангай аймгаас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна?
-Дэвшиж л таарна даа. Гэхдээ хаанаас ч нэр дэвшиж болно.

-Таны албан ажлаа өгөх хуулийн хугацаа өнгөрсөн юм биш үү?
-Би сайдтай адил ажлаа хийж байгаад сонгуульд өрсөлдөх боломжтой албан тушаалтай.

-Та АН-д нэр дэвшигчийн дэнчингээ өгсөн үү. Танай намын ҮБХ нэр дэвших сонирхолтой хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин авахаа зарласан шүү дээ?
-АН хуулийн дагуу нэр дэвших хүсэлтэй бол хандив цуглуулах шаардлага тавьж байгаа. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хандив өгнө. Би үүнийг уриалж, хандиваа өгсөн. Ирэх сарын 1-нээс 30 сая төгрөг өгнө. Ер нь, хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явуулдаггүй. АНУ-ын Ардчилсан нам ч мөнгөний шалгуур тавьж, сонгуульд оролцуулж байна. Энэ бол хуульд нийцсэн дэлхий нийтийн жишиг арга хэмжээ. Түүнээс биш хувиасаа мөнгө өгөхгүй шүү дээ. Харин МАН нэр дэвшигчээсээ хандив авахгүй сонгуульд оролцуулна гэдгийг хуулийн байгууллага шалгах ёстой. Улс төрийн намын санхүү шилэн байх ёстой.

-Хандив өгсөн нэр дэвшигч сонгогдохгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ нь ямар нэгэн албан тушаалд томилно гэсэн үг үү?
-Энэ бол АН-д ямар нэгэн нөхцөлгүйгээр өгч буй хандив. АН ялах, ялахгүйгээс үл хамааран өгч буй хандив гэж ойлгож болно.

-Э.Оюунболд аварга сар шинийн барилдаанд барилдана гэсэн. Энэ боломжтой юу?
-Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Ерөнхийлөгч одоо Э.Оюунболдыг барилд, боль гэж хэлэх эрхгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүд албан томилолтоор явж байхдаа казино тоглосон байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?    
-Казино тоглосон хэргээр хэд хэдэн төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч. УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой албан хаагч биш. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя.

-Танай намын гишүүн бас байсан?
-Харин тийм байна. Уг нь зургийг нь арай өөр хүн болов уу гэж харсан.

-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг. Доод албан тушаалын хүмүүсээ л ажлаас нь халдаг байж болохгүй. Засгийн газар өөрийн томилсон хүмүүсээ халах хэрэгтэй шүү дээ. 

-УИХ-ын гишүүд казино судлах шаардлага бий юү?
-Судлах хэрэггүй байх. Казино сайн мэддэг хүмүүс нь хуулийн төслөө боловсруулчихна шүү дээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин