Хамгийн сүүлийн мэдээллээр урд хөршид коронавирусын халдварын улмаас ганц хоногийн дотор 200 гаруй хүн амиа алдаад байна. Өмнө нь хоногт 100 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан бол хохирогчдын тоо ийн эрс өссөн нь олон хүний сэтгэлийг чилээх болов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоо судалгаагаар энэ сарын сүүл хүртэл коронавирусын тархалтын оргил үе явагдана. Түүнээс цааш өвчлөл буурч, ирэх дөрөвдүгээр сар гэхэд вирусын тархалт намжих болно хэмээсэн. Өөрөөр хэлбэл, бүх нийтээр ганц сар хичээчихвэл нөхцөл байдал дээрдэх горьдлоготой байна. Гэхдээ эрүүл мэндийн салбар нь үсрэнгүй хөгжсөн, эдийн засгийн өндөр чадавхи бүхий улс гүрний 1000 гаруй иргэний амийг сар хүрэхгүй хугацаанд авч одоод байгаа уг тахал манайх руу нэвтэрвэл ямар сүйрэл дагуулахыг төсөөлөхөд бэрх. Тиймээс сонор сэрэмж тун чухал байгааг хэлүүлэх хэрэг юун. Тэгвэл коронавирусын тархалттай холбоотойгоор Монголын улстөрчдийн шийдвэр гаргах хурд, удирдан зохион байгуулах чадвар, хүнсний аюулгүй байдал, нэг зах зээлээс хэт хамааралтай, үйлдвэрлэл хөгжөөгүй байдал, эрүүл мэндийн салбарын чадавхи ямар байгааг бид харлаа.

 

Гэтэл манай Ерөнхий сайд гэж “инээд алдсан” хүн явах юм. Эрүүл мэнд, онцгойгийнхон өдөр алгасалгүй хуралдаж, гай гамшиг орж ирэхээс өмнө хэрхэн сэрэмжлэх талаар хэлэлцэж, дор бүрнээ тэвдэж байхад У.Хүрэлсүх сайд Шилийн богдод яваа сурагтай.

Чухам хийморио сэргээж байна уу, эсвэл коронавирусын халдвараас Монголчуудыг авран хамгаалах гэж уул овоондоо мөргөж явна уу гэдгийг хэлэх арга алга. Уг нь манай хүн Шилийн богдод ханхалзаж явахын оронд урьдчилан сэргийлэх бүхий л ажилтай биечлэн танилцаж, эрүүл мэнд, онцгойгийнхны санал гомдлыг нямбайлан бичиж авч, зарим нэг эмнэлгээр харайлгаж явах учиртай. БНХАУ-ын удирдагч Ши Жинпин эмнэлгүүдээр орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч, асуудлыг биеэр мэдэрч байна. Түмэн олныхоо төлөө гэсэн удирдагч ийм байдаг аж. Харин манай “нөгөөх” байхгүй ээ.

Ер нь бид баяжиж хөрөнгөжсөн улс биш. Эрүүл мэндийн байгууллагууд, мөн онцгой байдал тогтоосон үед ажиллах алба, бие бүрэлдэхүүнд шаардлагатай тоног төхөөрөмж, ахуй хэрэгслийн хангалт дутуу зэргээр олон зовлон бий. Тэд Ерөнхий сайдын зандрангуй царайг хараад хэлэхгүй байгаа болохоос биш дотроо бол “Хэрхэн шийдвэрлэх вэ" хэмээн хуйхаа маажиж суугаа.

Харин сайдтан “Би үүрэг өгчихсөн” хэмээн санаа амраад салхинд гарахаар явсан бололтой. Үгүй дээ, сайдаа. Дэлхийн зарим улс орон “Монгол руу зорчихын өмнө эрүүл мэндийн салбарын хөгжил нь муу болохыг бодож үзээрэй” хэмээн иргэддээ анхааруулж байгаа нь нэгийг хэлээд өгнө. Дээрээс нь нүүрсний экспорт зогсож, зэсийн ханш унаж, худалдаа үйлчилгээний салбар бүхэлдээ “хаалгаа бариад” байна. Дээрээс нь тахлын сургаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш тасралтгүй өссөөр байна. Энэ оны төсөвт төрийн мөнгөөр орон нутагт олон тооны бүтээн байгуулалт өрнүүлж, нийслэлд хэд хэдэн музей, соёлын төвүүдийг барихаар төлөвлөсөн. 

Мөн энэ зунаас эхлээд Хятадын своп хэлцлийн 15 тэрбум юань, мөн 2021 оноос өндөр дүнтэй бондуудын өр төлбөрүүд хүлээгдэж байна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж, улс орныхоо эдийн засгийг авран хамгаалах вэ, Ерөнхий сайд аа. Энэ улс оронд бэрхшээлийг даван туулж, зохион байгуулах удирдагч яг одоо хэрэгтэй байна. Үнэхээр халдвар дэгдвэл бид бэлэн үү.

Манайхны заримд нь нэг муухай чанар байх юм. Монголчууд тэнгэрлэг заяатай ард түмэн тул корона морона тусахгүй гэж төвчигнөцгөөж байна. Тэдний төсөөлж байгаагаар айхавтар тахал нь монгол хүний өмнө тулж ирээд “Тэнгэрлэг заяатай юм байна, би яагаад ч барахгүй ээ” гээд буцах бололтой. Ерөнхий сайд маань ч бас ийм зиндааны юм бодоод, найдаад суугаа юм биш биз.

Б.ДОРЖ

Sonin.mn