Монгол Улс шашны гаж урсгал цэцэглэх таатай хөрс, культуудын диваажин болжээ. Иргэд шашин шүтэх эрхтэй, төр нь шашны хэрэгт оролцохгүй гэсэн Үндсэн хуулийн амин чухал үзэл санааг өнгөрсөн жилүүдэд багагүй гажуудуулж, хуурмаг, гаж урсгалыг хөгжүүлэх хөрс болгожээ гээд хэлчихэд буруудахааргүй нөхцөл байдал аль хэдийн бүрдсэн байна.

Мүүн, шинчонжи, ээж бурхан, еховагийн гэрчүүд гэхчилэн үүссэн орондоо болон олон улсад ад үзэгдэж, гаж урсгал гэдэг нь илчлэгдсэн шашны хөдөлгөөнүүд Монголд үүрлэж, хүрээгээ тэлсээр буй нь дээрх өгүүлбэрийн баталгаа.
Монголчуудын шашин шүтлэг, оюун санааны ертөнцөд сүүлийн 30 жилд нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй шашны номлол сургаал дэлгэрч, гэр бүл, нийгэм, олон нийтийн дунд үл ойлголцлыг буй болгон, аажмаар улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдах болсон талаар судлаачид дуугарч эхлээд буй нь сайн хэрэг. Бид ч бас мэдээлэл хүргэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд Монголд буй шашны гаж урсгалын талаар цуврал сурвалжилга эхлүүлээд байна.
БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд хурдацтай тархаж буй, үүнд нь шинчонжи урсгалын сүм, тэдний итгэгчид буруутай гэсэн мэдээллийн хүчээр шинэ тэнгэр, газар хэмээх христийн шашны нэгэн урсгал олны анхаарлын төвд ороод буй. 

Солонгостоо гаж урсгал гэж нүд үзүүрлэгддэг шинчонжиг биднээс харь хол мэт санаж, сонирхогчийн нүдээр харж суугаа монголчуудад уг урсгал Монголд аль хэдийн ороод ирснээр зогсохгүй цэцэглэн хөгжиж, ойр тойрныхныг чинь “хөрсийг нь эргүүлж”, “мөчир, жимс” болгон ургуулж, “ургац” болгон хурааж байгааг сэрэмжлүүлэх үүднээс сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Энэ урсгал нь Монголд сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй хэрнээ элдэв халхавчин дор шашны сургалт явуулж, иргэдийг хуурч мэхлэх замаар элсүүлэн, шашин эс шүтэх эрхийг нь зөрчиж буй талаар уг сурвалжилгаараа хөндсөн. 
Энэ дугаартаа шинчонжийг яагаад гаж урсгал гэдэг, түүний үүсэл, гарал, сургаал номлолын онцлог, үүсгэн байгуулагч И Ман Хи гэгч хэн болох талаар МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) С.Янжинсүрэн, докторант С.Дэмбэрэл нарын судалгааны материалд тулгуурласан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

 

ГАЖ УРСГАЛУУДЫГ 30 ШАХАМ ЖИЛ СУДАЛЖ, ШИНЧОНЖИГ ҮҮСГЭСЭН И МАН ХИ ГЭЖ ХЭН БЭ

Шинэ тэнгэр, газар урсгалыг үүсгэгч И Ман Хи нь аврагч, амьдралын мод, мөнхийн амь бэлэглэгч, мөнх настай, диваажин, бурхан тэнгэрийн илгээсэн элч, шинэ Иохан гэх зэрэг олон цол гуншинтай. Тэрбээр 1931 оны долдугаар сарын 13-нд Солонгосын Гёнбуг мужийн Жонду дүүргийн Пунггарк тосгонд 12 хүүхэдтэй айлын зургаа дахь хүү болон төрж, хүүхэд нас нь жирийн нэгэн тосгонд, ядуу тарчиг амьдрал дунд өнгөрчээ.
И Ман Хи 17 насандаа Сөүлд очиж, барилгын туслах ажил хийж байхдаа Майхант асар сүмийн пасторын заавраар усан баталгаа хүртэж, христ итгэлт болсон аж. Тэр удалгүй төрсөн нутагтаа буцаж Пресбитериан сүмд явах болжээ. Тэр цагаас эхлэн жижиг гялалзсан од толгой дээр нь гэрэлтэх, уулнууд шатаж хоёр тийш хуваагдан, дундаас нь цагаан хувцастай, гэрэл цацруулсан хүн гарч ирж уулзах, тэнгэр бурхны “Үнэнийг дага” гэсэн дуу хоолойг сонсох зэрэг жигтэй зүйлсийг мэдэрч, зөнтэй зүүд зүүдлэх болсон гэж ярьдаг.
И Ман Хи дахин Сөүлийг зорьж, Тае Сун Пак (Tae Sun Park)-ын Чидүн модны хөдөлгөөн сүмд 1957 оноос 10 жил, Юү Жэ Ёл (Yoo Jae Yul)-ын Майхан сүмд 1976 оныг хүртэл, Ман Вун Пэк (Man Bong Baek)-ийн үүсгэн байгуулсан сүмд  тус тус явж байжээ. И Ман Хигийн дагалдаж байсан дээрх хүмүүсийн зарим нь сүмийн гишүүдтэйгээ зүй бус бэлгийн харьцаанд орсон, залилан мэхэлсэн, тэрс үзэл санаа номлосон, сүмийн эд хөрөнгө шамшигдуулсан, ертөнцийн төгсгөлийн тухай зөгнөл нь биелээгүй гэх мэт шалтгаанаар итгэгчдээ алдан, сүмээсээ хөөгдөж, шоронд хоригдож байсан түүхтэй. Дээрх сүмүүдийн сэжиг бүхий удирдагчдын  библийн тайлбар номлол нь И Ман Хид шашны үзэл номлолоо боловсруулахад нь ихээхэн нөлөөлсөн аж. Ялангуяа, Тае Сун Пакын сүмд явж байснаа И Ман Хи ихэд нууцалдаг байна. Учир нь, Тае Сун Пак 1959 оны үед сүмийн гишүүдээ хууран мэхэлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 2.5 жилийн ял авсан юм.
И Ман Хи өөрийгөө библийг үнэн зөв тайлбарладаг цорын ганц хүн хэмээн сургалтад хамрагдаж буй хүмүүстээ итгүүлдэг. Тэрбээр христийн бусад сүм тэнгэр бурхны сургаалыг гажуудуулж, библийг буруу тайлбарладаг, бусармаг байдалд идэгдсэн, ялзарсан гэж номлодог.  И Ман Хи итгэгчдэдээ өөрийгөө ялагч, мөнх амьтай гэж итгүүлж, тахин шүтүүлдэг.
“Хэлсэн сургаал үгийг нь нягталж үзвэл И Ман Хи амьдарч буй нийгэмтэйгээ их зөрчилддөг, сэтгэл санааны хувьд тогтворгүй, бухимдалтай нэгэн байжээ” гэх судлаачийн дүгнэлт бий. Шинэ тэнгэр, газар сүмээс гаргасан И Ман Хигийн намтарт 1981 оны аравдугаар сарын 27-нд ялагч Ёндын пу гэх газар бусдын нэр хүндэд халдсан хэргээр шоронд хоригдох хугацаандаа сүнсний үүргээ гүйцэтгэж чадаагүй тухай дурдсан байдаг.
И Ман Хи албан ёсоор гэрлэж, үр хүүхэдтэй болоогүй бөгөөд 2002 онд сүмийнхээ итгэгч Ким Нам Хи гэгч нөхөр, хоёр хүүхэдтэй эмэгтэйг “Бид хамтдаа ихийг бүтээх ёстой хүмүүс. Бурхан тэгж хэллээ” гэсээр албан бусаар гэрлэсэн гэдэг. Тэд шинчонжи сүмийн хоёр том албан тушаалтан гэгдэж цөөнгүй жил явсан ч И Ман Хигийн залгамжлагчаар нэрлэгдэж байсан Ким Нам Хи 2017 онд өмчийн маргаанаас болж И Ман Хигээс салсан бөгөөд өдгөө Дэлхийн эмэгтэйчүүдийн энхтайвны бүлгэм гэх байгууллагынх нь тэргүүнээр ажиллаж буй.

ШИНЧОНЖИ ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН БЭЛГЭДЭЛ, СУРГААЛ НОМЛОЛЫН ОНЦЛОГ

Шинчонжи (Shincheonji) гэдэг үг нь “шин”-шинэ, “чон”-тэнгэр, “жи”-газар гэсэн утгыг илэрхийлдэг. Шинэ тэнгэр, газар шашны байгууллагыг И Ман Хи 1984 оны гуравдугаар сарын 14-нд Сөүл хотын Анян дүүрэгт үүсгэн байгуулж, библийн нээлттэй сургалт явуулан, дагалдагчдаа элсүүлж эхэлжээ. Уг урсгал нь ертөнцийн төгсгөл өнөө, маргаашгүй болно, тэр үед зөвхөн ялагч И Ман Хид итгэгч 144 мянган гишүүн аврагдана гэж зөгнөдөг. Ертөнцийн төгсгөл ирэхэд бурхны шүүлттэй зэрэгцээд авралын үйл ажиллагаа болно. И Ман Хигийн библийн тайлбарт суралцаж тамгалагдсан 144 мянган хүн дээр тэнгэрт байгаа 144 мянган сүнс бууж ирээд сүнс, махан бие нэг болох хуримын найр болно хэмээн номлодог. Солонгосын ард түмэн, ялангуяа шинчонжид орсон хүн бурхны сонгогдсон хүмүүс, тэдний дундаас И Ман Хи бол аврагч элч, шинэ Иохан гэж үзэн, бурханчилж шүтдэг. И Ман Хи шинэ тэнгэр, газрын гишүүдэд “Тэнгэрийн хаанчлалын бүх эрхийг хариуцан, бурхны хаанчлалыг газарт байгуулж, бурхныг залж авчрах гэж буй ер бусын хүн” гэж өөрийгөө итгүүлэн, намтраас эхлээд хэлсэн үгээ цээжлүүлэн, тахин шүтүүлдэг байна.
Мөн шинэ тэнгэр, газрынхан Солонгос соёл иргэншлийг сурталчилж, үндэслэгч И Ман Хийг аврагч, ялагч хэмээн итгэгчдэдээ шүтүүлж, түүний номлол сургаалыг дэлгэрүүлэхэд тусалсан, оролцсон хүмүүсийг од, элч хэмээн өргөмжлөөд, тэдний амьдарч буй Солонгос орныг бурхны сонгосон ариун газар хэмээн дээдэлж, солонгос хэлээр мөргөл, залбирлаа уншдаг. Өөрөөр хэлбэл, Солонгос төвтэй номлол сургаалыг түгээдэг урсгал юм.

Хи нь аврагч, амьдралын мод, мөнхийн амь бэлэглэгч, мөнх настай, диваажин, бурхан тэнгэрийн илгээсэн элч, шинэ Иохан гэх зэрэг олон цол гуншинтай. Тэрбээр 1931 оны долдугаар сарын 13-нд Солонгосын Гёнбуг мужийн Жонду дүүргийн Пунггарк тосгонд 12 хүүхэдтэй айлын зургаа дахь хүү болон төрж, хүүхэд нас нь жирийн нэгэн тосгонд, ядуу тарчиг амьдрал дунд өнгөрчээ

Түүнчлэн, христийн шашны библийн номлол сургаалыг гажуудуулж заадаг. Тэд библийг тайлбарлахдаа тухайн өгүүлбэрийн урд, хойд холбоос өгүүлбэрийн утгыг үл хайхран, хам сэдвийн утгыг алдагдуулах, тодорхой утгатай өгүүлбэрийг орхигдуулж, шинэ мэдээлэл оруулан, худал тайлбарлах, холбоо хамааралгүй өгүүлбэрүүдийг холбох, хэцүү өгүүлбэрийг цоо шинэ утга санаагаар тайлбарлах гэх мэтээр өөрсдийнхөө зорилго, түгээх гэж буй санаатай хүчээр нийцүүлдэг.
Нийгмийн амьдралыг үгүйсгэж, орхихыг номлодог нь уг урсгалын гол аюул. И Ман Хи “Энэ дэлхий хоосноос хоосон, маш бузар. Хэний үгэнд итгэж зүг чигээ олох вэ? Дэлхий даяар итгэх хүн байхгүй. Тиймээс би үнэхээр тэнгэрийн хаанчлал руу явъя гэвэл бурхны (зөвхөн И Ман Хигийн тайлбарласан) үгийг өөрийн итгэл, амьдралын зам болгох хэрэгтэй”, “Бид дэлхийгээс хагацах хэрэгтэй. Дэлхийд найдвараа тавьдаг хүмүүсийг харвал бурхан юу гэх вэ. Бурхны хаанчлал эцэстээ түүнд өгөгдөхгүй”  гэх мэтээр итгэгчдээ ертөнцийн амьдралыг орхихыг уриалж, зөвхөн өөрийнх нь үгийг дагаж, шинэ тэнгэр, газар урсгалын төлөө амьдралаа зориулахыг номлодог. Итгэгчид нь гэр бүл, нийгмийн амьдралаас холбоогоо тасалж, сургууль, ажлаасаа гардаг нь энэ номлолтой холбоотой.
Бас шашны байгууллагадаа хүмүүсийг элсүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Энэ байгууллага 2019 байдлаар 200 мянга гаруй итгэгч, дагагчтай болоод буй. Шинэ тэнгэр, газар шашны байгууллага гишүүдээ христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овог аймаг  болгон хуваадаг бөгөөд Монгол дахь “Монгол сувд” сүм салбараа христийн 12 дагалдагчийн нэг Матайн нэрээр нэрлэж, аль болох олон хүнд И Ман Хигийн библийн тайлбар номлолыг хүргэх даалгавартай ажилладаг байна.

ШИНЭ ТЭНГЭР, ГАЗАР Ч БАС ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ГЭСЭН САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГУУДААР ХАЛХАВЧИЛДАГ

И Ман Хи өөрийгөө энх тайвны төлөө тэмцэгч гэж цоллон, дэлхийн олон орнуудаар айлчилж, гаж буруу зүйлийн нэг хэсэг гэхээргүй эерэг сайхнаар өөрийгөө таниулдгаараа Мүүнтэй адилхан. Шинэ тэнгэр, газар шашны байгууллага нь Солонгос болон олон улсад үйл ажиллагаагаа сурталчлахдаа бусад гаж урсгалын нэгэн адил сайн дурын байгууллагуудаар халхавчилж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг. Тодруулбал, МАННАМ сайн дурын холбоо (MANNAM - MAN hee li + NAM hee kim буюу шинэ тэнгэр, газрын эрэгтэй, эмэгтэй хоёр удирдагчийнх нь нэрний товчлол), Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага (HWPL - Heavenly Culture World Peace Restoration of Light), Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг (IWPG - International women's peace group), Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг (IPYG - International peace youth group) гэх мэтийн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа, энх тайвны төлөө урлаг, спортын наадам гэх мэтийг зохион байгуулж, үүндээ улс орнуудын нэр хүндтэй улстөрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын одод, жүжигчдийг урин оролцуулдаг байна.
Энэхүү шашны байгууллага нь Монголд номлол сургаалаа дэлгэрүүлэх, хүмүүс элсүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлахдаа эрүүл амьдрах төв, англи, солонгос хэлний сургалтын төв, оюунлаг төв, сэтгэл заслын төвийн сургалт гэх мэтийн хуурамч нэр, хаяг ашигладгийг бас дахин сануулахад илүүдэхгүй болов уу.
Мөн гаж урсгалтай тэмцэх бүлгийн гишүүдийн хэлснээр “Монгол сувд сүм” нь библийн сургалтдаа хүмүүс элсүүлэхдээ “Манайд алдартай дуучид, жүжигчид явдаг. Тэдэнтэй уулзалт, ярилцлага хийнэ” гэх зэргээр хуурч мэхлэдэг гэнэ. Баттай бус ч, тухайн урсгалын хохирогч болсон хүмүүсийн хэлж буйгаар Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, жүжигчин З.Жарантав нарын олны танил хүмүүс “Монгол сувд сүм”-ийн цуглаанд явж харагддаг гэнэ билээ.

ШИНЧОНЖИ МОНГОЛД ОРЖ ИРСЭН, ХӨӨГДСӨН, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТҮҮХ

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аливаа шашны байгууллага нь  бусад олон нийтийн байгууллага, ТББ-ын нэгэн адил бүртгүүлж, зөвшөөрөл авч байж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Шашны байгууллага Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны хуулийг баримталж, тус хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг. Гэтэл шинэ тэнгэр, газар нь хувь хүний шашин шүтэх эрх чөлөө нэрээр халхавчлан, зөвшөөрөлгүйгээр, өөр нэрээр үйл ажиллагаа явуулаад цөөнгүй жилийг үджээ.
2016 онд “Монгол сувд” хэмээх нэрээр шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод 2017 онд цуцалсан гэсэн нийслэлийн ИТХ-ын албан бичгийг эс тооцвол энэ урсгал яг хэдийд Монголд орж ирсэн талаар албан ёсны мэдээлэл алга. Өөр нэг эх сурвалж “Уг урсгал Монголд нэлээд хэдэн жилийн өмнөөс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Монголын эвангелийн эвсэл болон бусад сүм, чуулганы мэдүүлгээр зохих байгууллагууд шалган, 2014 онд гаж буруу бүлэглэл болохыг нь тогтоож, үзэл номлолыг нь тараасан гэх Солонгосын иргэн Чо Дү Хийг Монгол Улсаас албадан гаргасан. Тэр үеэс нууц байдалд орж, итгэл даахуйц цөөн тооны монгол иргэнийг БНСУ-д аваачин сургасан бөгөөд тархи угаах ажиллагаагаа сүүлийн жилүүдэд эрчимжүүлсэн” хэмээсэн.
Энэ байгууллага БНСУ-д үүссэн шинчонжи (шинэ тэнгэр, газар) гэх шашны байгууллагынхаа нэрээр Монгол Улсад бүртгүүлээгүй нь Солонгосын олон нийтийн хэрэгслээр тус шашны байгууллагын талаар таагүй мэдээлэл цацагддаг, тус шашны байгууллагад үр хүүхэд, хань ижлээ алдсан гэр бүлийн гишүүд тэдний эсрэг тэмцдэг, Солонгосын шашны гол байгууллагууд эднийхийг шашны гаж урсгал гэж үздэг, бусад орны шашны байгууллага, хувь хүмүүс ч бас гаж урсгал хэмээн анхааруулдагтай холбоотой гэж  судлаачид үзэж байна. Тус байгууллага 2019 оны арваннэгдүгээр сард 3000 гаруй монгол хүнийг библийн сургалтад хамруулж, төгсгөсөн гэсэн мэдээлэл бий. 

ИТГЭГЧДИЙН ӨРГӨЛИЙН МӨНГИЙГ ХЯНАЖ, БҮРТГЭХ ХҮН ҮГҮЙ БӨГӨӨД ШИНЧОНЖИ 400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ

Шинчонжи сүм БНСУ-ын христийн шашны томоохон байгууллагуудын нэг. Уг сүм 30 гаруй оронд салбартай, 230 мянга орчим гишүүнтэй бөгөөд 400 орчим сая ам.долларын хөрөнгөтэй гэж үздэг. Түүний номлолд автсан хүмүүс гэр бүл, ах дүү, үр хүүхдээ орхиж, бүхнээ сүмдээ зарцуулахад бэлэн болдог гэх бөгөөд И Ман Хигийн жилийн орлого 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлздэг аж. 
Шинчонжи урсгалын итгэгчид долоо хоногийн лхагва, ням гарагт нэгдсэн цуглаантай, бусад өдөр ч байнгын “бурхны ажил”-тай байдаг. Тэд өдөр бүр боломжийнхоо хэрээр сүмдээ өргөл өгөх ёстой бөгөөд нэгдсэн цуглаантай өдөр энгийн өдрөөс ахиуг, сардаа орлогынхоо 10 хувийг өгөх ёстой. Энэ мөнгийг хянаж, бүртгэх хүн үгүй бөгөөд хэдэн зуун мянган итгэгчийн хандив тухайн сүмийн пастораар дамжин И Ман Хигийн халаас руу зогсолтгүй урсаж байдаг. БНСУ-д коронавирус тараасныхаа төлөө уучлал гуйхдаа Ерөнхийлөгчийн бэлэглэсэн цагийг олны нүдэнд өртөхүйцээр зүүсэн, их хэмжээний мөнгөн хандив амласан зэрэг нь шинчонжи урсгалын хэр цар хүрээтэйг илтгэж байв.

ШИНЭ ТЭНГЭР, ГАЗАР (МОНГОЛ СУВД СҮМ) ШАШНЫ ГАЖ БУРУУ УРСГАЛ МӨН ҮҮ

АНУ-ын Калифорни мужийн Берклейн их сургуулийн профессор, клиникийн сэтгэл судлаач Маргарет Талер Сингер шашны гаж буруу урсгалууд итгэгчдийнхээ бодол санааг өөрчлөхийн тулд түгээмэл ашигладаг арга, бүрдүүлдэг орчин нөхцөлийг судалж, тодорхойлсон байдаг. Шашны гаж буруу урсгалууд хүмүүсийг хууран мэхэлж, худал хайр халамжаар урхидан элсүүлж, тархи угаах, сэтгэл санааг нь хянах аргыг чадварлаг ашигладаг байна. Монголын шашны гаж урсгалтай тэмцэх бүлгийн гишүүдийн өгсөн мэдээлэл, гомдлыг харвал  шинэ тэнгэр, газрын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа шашны гаж урсгалуудын итгэгчдэдээ нөлөөлж, тодорхой орчин нөхцөл үүсгэн, бодол санааг нь өөрчилдөг аргатай тохирч буй юм.
Монголд үйл ажиллагаа явуулж буй шинэ тэнгэр, газрын сүм, цуглаанд шашны гаж буруу урсгалын дараах  шинж чанар илэрч байна. Сүмийн нэр, хаяг байршил тодорхойгүй, үйл ажиллагаа нь зөвхөн сүмийн гишүүдийн хүрээнд нууцлаг явагддаг. Гишүүдээ хууран мэхлэх, ятгах замаар элсүүлж, гэр бүл, нийгмийн идэвхтэй амьдрал, харилцаанаас хөндийрүүлдэг. Сүм нь иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд халдаж, тэднийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах, хагалан бутаргах номлол сургаал түгээдэг. Гишүүдээ сургууль завсардуулан, ажлаас нь гаргаж, нийгэмд ажилгүйдлийг нэмэгдүүлдэг. Шинэ тэнгэр, газар урсгал нийгмийн бичил хэсэг болох гэр бүлд аль хэдийн сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлсэн талаар олон хүн хэлж байгаа юм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН