Ц.Элбэгдоржийг хэн залгамжилсан бэ?
2020/04/22
Цахиагийн Элбэгдорж бол 2009-2017 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа.
Тэрээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр бүрэн эрхийн найман жилийн хугацаанд ажилласан.
Харин тэр найман жилийн хугацаагаа өмнөх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай л үзэж, хэрэг тохож, шоронд явуулж, сонгуульд оролцох эрхийг нь хасч дуусгасан.
Нэхэн сануулахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны 22 цаг өнгөрч байхад Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахыг оролдсон. Улмаар цагдаа нар байрыг бүхэлд нь бүсэлж, хаалгыг эвдэн дотогш ороод өглөөний 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилсан.
2012 оны тавдугаар сарын 15-нд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “...Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа” гэж байсан ч тавдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Тамгын албаны дарга Э.Батмөнх нарын хүмүүс Клиникийн II нэгдсэн эмнэлэгт очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлт танилцуулсан байдаг. Үүний дараа зургадугаар сарын 5-нд СЕХ хуралдаж Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг олонхийн саналаар гаргасан.
Ингэж 2012 оны сонгуулиас “татуулсан” Н.Энхбаярыг сонгуулийн дараахан дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж байв. Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхүүд хэлэлцэж, түүнд тулгасан үйлдлүүдийн заримыг хэрэгсэхгүй болгож, хорих ялыг 2.6 жил болгон бууруулсан.
2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Н.Энхбаярыг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтад оролцогчид санал болгож, уг асуудлыг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар тогтсон байдаг. Гэвч 2013 оны тавдугаар сарын 11-нд МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн. Тэр жил Ц.Элбэгдорж дахин сонгогдсон.
2016 оны тавдугаар сарын 28-нд МАХН-ын Бага чуулган хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших саналтай гишүүдээ тодруулсан. Гэвч эрх баригчид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэснээс үүдэж МАХН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Улмаар өлсгөлөн зарлаж, тавдугаар сарын 30-нд зогсоосон байдаг.
Маргааш нь 2016 оны тавдугаар сарын 31-нд ХЭҮК-оос Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн дүгнэлтийг гаргав. Харин зургадугаар сарын 2-нд СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг “...Ялтай хугацаа нь дуусаагүй” гэдэг цагдаагийн тодорхойлолтыг үндэслэж бүртгэхээс татгалзсан.
Мөн 2016 оны наймдугаар сарын 8-нд АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардав. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд очиж, түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байжээ. АТГ-ын 10 гаруй хүн МАХН-ын даргын өрөөнд орж дотроос нь түгжиж нэлээд удсаны эцэст гарч ирсэн байдаг.
2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, ЦЕГ болон ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн байдаг.
Ингээд Дээд шүүхээс “...ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Нэг үгээр хэлбэл дээрх шийдвэр нь “Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй” гэсэн үг юм.
2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оролцуулаагүй. Тухайн үед МАН төрийн эрх барьж байсан бөгөөд Н.Энхбаярын сонгогдох эрхэнд халдсан тав дахь тохиолдол болсон юм. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр олон нийтэд мэдэгдсэн. Бас 2017 оны тавдугаар сарын 5-нд МАХН-ын Бага чуулган хаалттай горимоор хуралдаж намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон.
Гэвч үүнээс арав хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороо МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Тодруулбал, СЕХ-ноос Сонгуулийн тухай хуулийн 142-ын 142.5 дахь хэсэг, 143-ын143.1 дэх хэсэг, 143.1.2, 142.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг шийдвэрийг гаргажээ. Энэ нь нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэдэг заалтаар энэхүү тогтоолоо гаргасан ч шаардлага хангаагүй шаардлагыг тодорхойлоогүй байна. Мөн нэр дэвшигчийн бүртгэлд заагдах баримт бичиг дутуу гэдэг заалтаар татгалзсан байдаг.
Ингэж Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаасаа сонгуульд оролцох эрхээ ямар нэгэн байдлаар хаалгаж, үүнийхээ төлөө үзээгүй юм ч түүнд үлдсэнгүй.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дууссанаар Ц.Элбэгдорж суудлаасаа буув. Бүтэн найман Ц.Элбэгдоржийн гар дахь шүүх, АТГ, дам маягаар бусад улс төр, хууль хүчний байгууллагуудын бай нь болж ирсэн Н.Энхбаярын хувьд “бүх зүйл хуулийн дагуу” болох цаг үе байв.
Гэсэн ч Ц.Элбэгдоржийг явсны дараа ч Н.Энхбаярыг хэлмэгдүүлдэг “хонгил” ажилласаар байв.
МАХН-ынхан нь 2019 оны тавдугаар сарын 24-нд Бага чуулганаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт зургадугаар сарын 30-нд болохоор товлогдсон УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхээр болсон.
Гэвч Үндсэн хуулийн Цэц дунд суудлаараа 2019 оны тавдугаар сарын 27-нд хуралдаж “...УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй. Харин УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сонгогдох эрхэнд халдаж, үр дүнд нь 2018 оны зургадугаар сараас хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 17 450 сонгогч УИХ-д төлөөлөлгүй дараагийн сонгуультай золгохоор болсон юм.
Дараа нь УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Энэ хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргасан “...Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай санал дэмжигдэж хууль болон батлагдав.
Энэ бол Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж хийсэн заалт байлаа. Нэг үгээр хэлбэл, түүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэнд ингэж ээлжит халдлага хийгдсэн юм.
Та анзаарав уу. Дээр хэлсэнчлэн Ц.Элбэгдорж явсан ч Н.Энхбаярыг хэлмэгдүүлдэг, хааж боодог “хонгил” ажилласаар байна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн “Цезнзургүй яриа” нэвтрүүлэгт оролцож “...Би Н.Энхбаярыг яагаа ч үгүй. Ц.Нямдорж л орж ирээд Энхбаярыг бариад шалгаад өгөөч гээд гуйсан” гэсэн. Энэ яриа нь одоо интернетэд бий.
Үүнийг дурдсан нь учиртай. Ганц хоёр тодорхой хариулт, дүгнэлт гарч ирж байна. Н.Энхбаярыг хэлмэгдүүлдэг ажлаа Ц.Элбэгдорж ганцаараа хийдэггүй байжээ. Бас Ц.Элбэгдорж өөрийн туйлын хүслээр ч Н.Энхбаярыг хэлмэгдүүлдэг ажлыг гүйцэлдүүлдэггүй байсан байна.
Ц.Элбэгдоржийн цаана ямар нэг том хөдөлгөгч байгааг эндээс ойлгож болох юм. Тэдний зараалаар Ц.Нямдорж хүртэл явдаг гэсэн үг. Тийм том хүч гэсэн үг.
Үнэндээ үүнийг ойлгож төвдөөд байх зүйлгүй. Тэр бол Монголын Оюутолгой төсөлд эзэн суусан “Рио Тинто” байж таарч байгаа юм.
Хэдхэн асуултад хариулаад бодчиход л болно.
Нэг. МАН /МАХН/-ын дарга С.Баяр яагаад ялсан намаараа дангаараа бус ялагдсан АН-тай 2008 оны сонгуулийн дараа “стандарт бус” Засгийн газар байгуулсан бэ.
Хоёр. МАН /МАХН/-ын дарга С.Баяр яагаад Засгийн газрынхаа Сангийн сайдаар “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч С.Баярцогтыг урьж оруулсан бэ.
Гурав. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН /МАХН/-ын дарга С.Баяр яагаад намынхаа нэр дэвшигчийг бус АН-ын Ц.Элбэгдоржийг дэмжиж ялуулсан бэ.
Дөрөв. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болонгуут С.Баярын тэгрүүлсэн стандарт бус Засгийн газар яагаад “Рио Тинто” дээр бэлтгэгдсэн Оюутолгой төслийн гэрээнүүдийг яаравчлан УИХ-д оруулж батлуулсан бэ.
Тав. С.Баяр Оюутолгойн гэрээг батлуулснаас ердөө 22 хоногийн дараа яагаад Монгол Улсын Ерөнхий сайдаас татгалзсан бэ.
Эдгээр “оршил” асуултын хариуг бодоход л бүх зүйл ойлгомжтой.
Н.Энхбаяр бол Ерөнхийлөгч байхаасаа Оюутолгойн 51 хувиас дээш хувийг Монголдоо үлдээнэ гэдэг байр суурьтай байсан. Энэ л Н.Энхбаярын өнөөг хүртэл хэлмэгдэж яваагийн шалтгаан юм.
Товч хэлэхэд, “Рио Тинто” л С.Баярыг хөдөлгөж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгож Н.Энхбаярыг нухчин даруулж 2017 оныг хүргэжээ. Харин 2017 оноос хойш яагаад...?
Ердөө хоёр хоногийн өмнө “Страто” ХХК-ийн захирал А.Баттүшиг “С1” телевизээр ярилцлагад орсон нь гарч байна. Энэ компанийг хүмүүс мэдэж байгаа даа. Зандаахүүгийн Энхболдтой холбоотой “Страто” хэмээх энэ компани Тавантолгойн нүүрсийг угааж ашиг олдог гээд л яригдаад байгаа. Харин Зандаахүүгийн Энхболд Тавантолгойн талаар өөр зүйл яриад байдаг юм.
Тэгвэл “Страто” ХХК-ийн захирал А.Баттүшиг “Намбарын Энхбаярыг улс төрөөс холдуулж байгаад Оюутолгойн гэрээг хийсэн шиг Зандаахүүгийн Энхболдыг сонгуульд оруулахгүй үлдээгээд Тавантолгойг хувьчлах гэж байна” гэлээ. Бараг л үнэн дээ.
Тийм болохоор Ц.Элбэгдоржоос хойш “Рио Тинто”-гийн захиалгыг хэн гүйцэтгэж Н.Энхбаярын сонгуульд оролцох эрхэнд халдаад байна вэ гэдгийг мэдлэх хүмүүс нь бараг л мэдэж байгаа байх. Яг одоо “Рио Тинто”-гийн хувьд маш хүнд болсон.Оюутолгойн гэрээнийх нь үнэ бодит байдлыг Монголын хууль хяналтын байгууллагынхан шалгаад мэдчихсэн. Энэ гэрээг хийсэн, сайжруулж өгсөн Ерөнхий сайд нар, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга гэх мэтийн хүмүүс шүүхэд оччихсон. Тэгэхээр “Рио Тинто”-гийн хувьд ямар ч үнээр хамаагүй 2020 оны УИХ-д л “кноп”-уудаа оруулах шаардлагатай болчихсон.
Хэрвээ энэ сонгуулиар “...Монголын төлөө” гишүүд сонгогдвол “Рио Тинто” баларна. Ийм л юм. Тийм л болохоор “...Ц.Элбэгдоржийг хэн залгамжилсан бэ” гэдгийг Монголын Үндэсний аюулгүй байдлын төлөө нийтээрээ мэдэх ёстой.
З.Баттөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
bat · 2020/04/23
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу
Хэн ч залгамжлаагүй байгаасай · 2020/04/23
Элбэгдоржийн хамгийн том нүгэл бол шүүхийг завхруулсан. Санаатай хийгээгүй байж болно, гэхдээ зарчим гэдгийг мэддэггүй хүн учраас шүүхийн шинэчлэлийг танил тал дээрээ тулгуурлхж хийсэн тул тэр нь шүүх улам завхарсан. Ямар сайндаа мань хүн согтуу машин барьж яваад хөдөөний малчны оюутан охиныг дайраад алчихсан хүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар тавихав дээ. Бурхан харах байлгүй, хэн ч ийм хүнийг залгамжлахгүй байлгүй.
Зочин · 2020/04/23
МАН-ы урвагчид болох ил болсон Исмээл Нямдорж Хаянхярвас Там-Очир нар болоод Тэрбишдагва ч гэсэн нөлөөтөй оролцсон РИО-г йн төлөө гээд хөдлөхгүй байгаа амьтасыг хэрэхэвч сонгож болохгүй юм байна шүү олон ардуудаа
Зочин · 2020/04/22
Зааассс яадгийн Х. Батулга муу тарвагын дэргэд ч эр хүн шүү
Зочин · 2020/04/22
Эбэгийн мафи нурсан энэ сонгуулиар толгой дээр сууцан байгаа Багаагийн мафийг унагах гэж үзнэ дээ ОРКуудтайгаа ПОПроод үлдчихгүй бол
Зочин · 2020/04/22
Залгамжлагч нь тэгээд Исмэл Нямдорж, Там-Очир, Ми.Энхболд, Хаянхярвас гээд МАН-ы хулгайчууд л болж таарахнээ. Залгамжуулагч Даяа Элбэгээг ясанд тулгаж шүүж чадахгүй болж байна уу?
АРДЫН ЭЛЧ · 2020/04/22
Ямартаа л исмэл сайд урвагч Ц.Нямдорж гэж ард түмэн одоо ярьдаг болчив гэж дээ.Исмэл Ц.Нямдорж ч гэсэн РИО-гийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэж ирээд л ярьсныг нь яанаа. Ноён ялаа эдэлж нохой яраа долоох цаг ирнээ одоо ангийн ялгаа улам бүр их болж улсаа худалдаж олонхи ардаа ядууруулсан ноходыг ал гэх нь улам бүр олширсоор л байна